Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш импортын бизнесээр дагнан хөгжиж байсан Боса холдинг компанийн үйл ажиллагааг Б.Нандинчимэг сүүлийн жилүүдэд хүнсний үйлдвэрлэлээр тэлж байна.
Цар тахлын үед хэрэглэгчдийн хэрэглээний сагс ихээхэн өөрчлөгдөж, чихэр амттан, тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт 30 орчим хувиар буурсан хэмээн “Боса Холдинг” компанийн гүйцэтгэх захирал Б.Нандинчимэг хэлж байна. Цар тахлын өмнө тус компанийн импортын бүтээгдэхүүний 50-60 хувийг амттаны төрөл бүрдүүлж байсан бол одоо энэ үзүүлэлт өргөн хэрэглээний бүтээгдэхүүн рүү шилжжээ. Тэрбээр “Аливаа ажлын үр дүн тоогоор илэрхийлэгддэг учраас санхүү, тоотой нь түрүүлээд ажиллахад үйл ажиллагааг хэрхэн удирдах нь тодорхой болдог. Манай хүнсний импортын “Боса Импекс” компанийн хувьд үүссэн нөхцөл байдалд тохируулан шаардлагатай шийдвэрүүдийг хурдтай гаргаж байсны хувьд 2020-2021 онд төлөвлөгөөгөө 30 орчим хувиар давуулан биелүүлсэн” гэж тодрууллаа.
Хэдийгээр үндсэн бизнесийн суурь нь гадаад худалдаа, импорт ч гэлээ тус компани 2007 оноос цэвэр усны үйлдвэрлэлийг эхлүүлж өдгөө Тэрэлж брэнд нь дотоодын том савлагаатай баллонтой усны зах зээлд тэргүүлж байна.
Монгол Улсын чихэр, амттаны хэрэглээний 97 орчим хувийг импортын, харин үлдсэн гурван хувийг нь дотоодын гар үйлдвэрлэлүүд бүрдүүлж буй. Зөвхөн хатуу чихэр л гэхэд нэг жилд ойролцоогоор долоон мянга орчим тонныг импортолдог улсын хувьд энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгтэй хэмээн Б.Нандинчимэг үзэж, 2019 онд үйлдвэр байгуулах төслөө хувьцаа эзэмшигчдэдээ танилцуулжээ. “Анх бизнесийн салбарт хөл тавьсан хийгээд явцын дунд ч биднийг тодотгож буй бүтээгдэхүүн нь амттан. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалах борлуулалтын туршлага, зах зээлээ сайн мэддэгийн хувьд бид чихрийн үйлдвэрийн төслөө эхлүүлсэн” гэв. Ингээд тэд хоёр жилийн дараа буюу 2021 оны төгсгөл гэхэд зах зээлийнхээ 15 хувийг бүрдүүлэх зорилттойгоор төслөө эхлүүлсэн ч тоног төхөөрөмжөө гаалиас хүлээж авсны дараахан Covid-19 цар тахлаас үүдэн хөл хорио тогтоожээ. Энэ хугацаанд Орос, Хятадаас ирэх зөвлөх, мэргэжилтнүүдийнх нь ирэх хугацаа хойшилсон ч дотоод нөөц бололцоогоо ашиглан 2020 онд Монконди чихрийн үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Цар тахлын нөлөөгөөр их хэмжээний алдагдал хүлээгээд буй ч үйлдвэрлэлээ үргэлжлүүлж, 2022 онд үйлдвэртээ шугам нэмж, шинэ бүтээгдэхүүн гарган өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. “Хувьцаа эзэмшигчдийн хувьд өмнөх хөрөнгө оруулалтынхаа ашгийг хүртэж эхлээгүй, тэр байтугай олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан төсөлд дахин хөрөнгө оруулалт хүсэх хүнд байсан. Гэвч ирээдүйд бидэнд маш том боломж байгаа гэдгийг илэрхийлж, хөрөнгө оруулалт хийх хүсэлтийг тавьсан” хэмээн тэр хэлэв. Шинэ шугам ашиглалтад орсноор тус үйлдвэр нь шоколад, молоко, шоколадны крем зэргээр бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх аж. “Дотоодын хүнсний үйлдвэрүүд чихэр, шоколадны төрлийн шаардлагатай түүхий эдүүдээ 100 хувь импортолж байна. Бидний хамгийн том давуу тал түүхий эдээ өөрсдөө боловсруулж, технологийн дагуу үйлдвэрлэж байгаа нь юм. Энэ утгаараа бидэнд хүнсний үйлдвэрүүдэд үндсэн түүхий эдүүдийг нийлүүлэх боломж үүснэ” гэлээ.
Эцэг, эхийнхээ үүсгэн байгуулсан компанид өсвөр наснаасаа эхлэн ажилласан тэрбээр 2005 оноос “Боса Импекс” компанийн (Өдгөө дотоодын хүнсний бэлэн бүтээгдэхүүний импортын долоон хувийг бүрдүүлж байна) гүйцэтгэх захирлаар томилогдон группийнхээ удирдлагын багт оржээ. Компанийн гол төслүүдийг нугалдаг, хамгийн амжилттай ажиллаж буй нэгжийг удирдаж эхлэх үед бага зэрэг айдастай байсан ч багаас нь эхлээд бүх шатны ажлыг нь хийж үзсэн туршлага нь түүнд тус болсон гэв. Харин өдгөө тэр найман салбар компанидаа бизнес зөвлөгөө өгөх, үндсэн үйл ажиллагааг нь чиглүүлэх, группийн томоохон төслүүдийг санаачлан, удирддаг “Боса Холдинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. “Эмэгтэйчүүд карьерын хувьд эрэгтэйчүүдээс дутахааргүй амжилтад хүрэхэд биднээс илүү чармайлт, зүтгэл шаардаж байна. Эмэгтэйчүүд ажил хийж байна гээд гэр бүлээ анхаарахгүй байна гэж байдаггүй. Энэ нь магадгүй өөртөө илүү өндөр хариуцлага хүлээлгэдэг бидний төрмөл зан чанартай холбоотой байх. Гэхдээ хувийн амьдрал, ажил, карьерын хувьд амжилттай, аль алиных нь тэнцвэрийг хадгалж чадах эсэх нь багийн хамтын ажиллагаа хэр байхаас шалтгаалдаг. Компани удирдаж буй хүн ажилтнуудтайгаа нэг баг болж ажиллаж чаддаг шигээ гэртээ нөхөр, хүүхдүүдтэйгээ ч тийм байх хэрэгтэй”.
Банкны эдийн засагч, санхүүч мэргэжилтэй тэрбээр группийн ирэх жилүүдийн стратеги, шинэ төслүүдийн шийдвэрээ дата, судалгаанд суурилан, мэдрэмжид үндэслэн гаргадаг гэнэ. “Удирдах түвшинд ажиллаж буй хүний нэг буруу шийдвэрийн ард компанийн ирээдүй, эздийн хөрөнгө, ажилчдын гэр бүл гээд олон зүйл хамааралтай байдаг учир бодитой судалгаа, датад үндэслэн шийдвэрүүдийг гаргадаг. Гэхдээ импортын худалдаа эрхэлж буй бизнес эрхлэгчид нэг онцгой чадвар байх ёстой шиг бодогддог. Тухайлбал, зах зээлд тодорхой цагийн мөчлөгт ямар нэгэн бараа, бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд дараагийн жил нь компаниуд маш ихээр оруулж ирдэг. Энэ бол бизнес эрхлэгчийн мэдрэмжгүй үйлдэл. Энэ тохиолдолд бизнес эрхлэгч дараагийн жил нь хэн хэн ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэж зах зээлээ мэдэрч, таамаглах хэрэгтэй. Ер нь ямар ч төрлийн бизнес хийж байгаа хүмүүст мэдрэмж хамгийн чухал” хэмээн тэрбээр тодруулав.
Түүнчлэн өрсөлдөөн ширүүн, байнга хувьсаж буй худалдааны зах зээлд удаан хугацаанд байр сууриа хадгалж, өрсөлдөх чадвараа ахиулахын тулд бүтээгдэхүүний чанараар “тоглох” хэрэгтэйг тэр хэлэв. “Зөв маркетингаар зах зээлд байршуулсан бүтээгдэхүүний дараагийн давтан хэрэглээ нь чанар дээр суурилдаг. Чанартай бүтээгдэхүүний өөрийгөө борлуулах чадвар өндөр байдаг. Энэ бол бидний олон жилийн туршлагаар батлагдсан. Чанаргүй бүтээгдэхүүнд ямар ч сайн маркетинг, дэмжлэг нөлөөлдөггүй. Тиймээс ч бид импортлох бүтээгдэхүүнийхээ чанарт хамгийн их анхаардаг” гэлээ.
“Эмэгтэйчүүд карьерын хувьд эрэгтэйчүүдээс дутахааргүй амжилтад хүрэхэд биднээс илүү их чармайлт, зүтгэл шаардаж байна”.
Covid-19 цар тахлын үед хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид онцгой байдал, цагдаагийн ажилтнуудтай ижил хүнд нөхцөл байдалд ажилласан тухай тэр хэлж байна. Вирус ид дэгдэж эхлэх үеэр тус компанийн 650 гаруй ажилтнаас 450 орчим нь хүнсний бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтын хэсэгт заавал ажиллах шаардлагатай болжээ. Харин бүх зүйл тодорхойгүй байсан энэ үед ажилчид ажлаасаа гарч эхэлсэн бөгөөд Монгол Улсад хоёр дахь хөл хорио тогтоох үед компани ажилчдынхаа цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргасан гэнэ. Үүний үр дүнд хүний нөөцийн урсгал нь тахлын өмнөх үеэс ч илүү тогтворжсон гэлээ. Энэ мэтчилэн бизнес удирдаж буй хүний хувьд цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргаж, багийнхантайгаа хамтарч ажиллах нь чухал ач холбогдолтойг энэхүү туршлагаар баталсан гэлээ.
Мөн нийгэм, цаг үеийн байдал тогтворгүй үед бизнес хөрвөх чадвартай байх нь хамгийн чухал гэдгийг цар тахал хамгийн сайн ойлгуулсан гэв. Хөл хорионы үеэр худалдааны төвүүд хаалттай байх үед тус компани өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан, тусгай хөрөнгө оруулалт хийлгүйгээр онлайн худалдааны платформыг амжилттай хөгжүүлээд байна. “Хэрвээ цар тахал гарч, худалдааны төвүүд хаагдаагүй бол бидэнд ойрын гурван жилдээ цахим худалдааг хөгжүүлэх төлөвлөгөө байгаагүй” хэмээн дурдав. “Цахим худалдааг хийж чаддаг хүмүүст нь даатгаад, харин бид өөрсдийн чаддаг зүйлээ л хийнэ гэж харж байлаа. Гэвч хөл хорионы үед худалдааны топ сайтууд маш өндөр ачаалалтай, хүргэлтээ ч дийлэхгүй байсан. Тиймээс бид дотооддоо онлайн худалдааг хөгжүүлэхээс өөр арга байгаагүй” гэв. Үүний үр дүнд дэлгүүрүүд нь хэвийн ажиллаж байх үеийн борлуулалтаас ч өндөр үзүүлэлт гарч эхэлсэн аж. “Өдгөө худалдааны төвүүд нээгдээд, манай дэлгүүрүүд ажиллаж эхлэхэд сайтын борлуулалт зогсох магадлалтай гэж төсөөлж байсан ч хөл хорионы үед хийгдэж байсан борлуулалтынхаа 30 хувийг авч үлдсэн. Өөрөөр хэлбэл, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бид борлуулалтын шинэ сувагтай болсон” хэмээн тэрбээр ярьж байна.
А.ПҮРЭВЖАРГАЛ