Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес Хөрөнгө оруулалт

Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засгийн гол тоглогч болсон Рамзи Мусаллам
Share on FacebookShare on Twitter

Уолл Стрийтийнхний хувьд “Засгийн газар” хэмээх үг маш дээрэнгүй сонсогддог. Харин хувийн хөрөнгө оруулалтын тэрбумтан Рамзи Мусаллам эмгэнэлт явдлыг даван туулж дэлхийн эдийн засагт хамгийн том тоглогчийн үүргийг гүйцэтгэснээр “Forbes” сэтгүүлийн “Хамгийн чинээлэг 400” эрхмийн нэгт багтжээ.

2012 оны есдүгээр сарын 10-нд Рамзи Мусаллам угаалгын өрөөнөөс ширээ рүүгээ хүрч ирэхэд туслах нь мэгдсэн байдалтай байхыг олж харав. Мусалламын босс 58 настай Роберт Маккеон өмнөд Коннектикут дахь харшдаа өөрийн амийг егүүтгэсэн хэмээн дуудлага иржээ.  Мусаллам машиндаа үсэрч ороод, Манхэттэний төвөөс Коннектикут мужийн Дариен хүртэл 40 милл хурдны замаар давхив. Босс Маккеонтойгоо тэр ойр байсан бөгөөд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар шаналж байгааг нь гадарладаг байв. Гэвч Мусаллам түүнийг амиа хорлоно гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Тэр бол байгалиасаа хүчирхэг хүн байсан. Түүний эцэг долоон хүүхдээ өсгөхийн тулд Бронксын гудамж дахь “Drake’s Cakes”-ийн хүргэгч хийдэг байх үеэс Маккеон өөрийгөө дайчлан хөгжүүлж дээд түвшний санхүүгийн мэргэжилтэн болсон хүн учраас тийм зүйл хийсэн гэхэд нь Мусаллам шоконд орсон юм.

“Энэ үнэхээр аймшигтай байсан”, “Би түүнтэй танилцсан цагаасаа хойш л хамт ажиллацгаасан болохоор хэцүү байсан. Би ийм зүйлийг хэзээ ч мэдэрч байгаагүй.”

Маккеоны Америк мөрөөдөл хар дарсан зүүд болон хувирч байхад Мусалламын хувь заяа өөрчлөгдөх гэж байв. Тэрбээр 1992 онд Маккеон үүсгэн байгуулсан хувийн хөрөнгө оруулалтын фирм болох “Veritas Capital”-ийн уналтаас сэргийлэх төлөвлөгөөг боловсруулахаар ажилдаа яаравчлан орлоо.

RELATED STORIES

Их наядын эрсдэл зохицуулагч

Их наядын эрсдэл зохицуулагч

17/06/2022
Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

16/05/2022

Мусаллам 1998 онд удирдах зөвлөлд орсон бөгөөд “Veritas” компанийн хоёр дахь том дээд албан тушаалтан байв. Маккеоныг амиа хорлосны маргааш өглөө нь Мусаллам компанийн хөрөнгө оруулагчидтай яаралтай уулзалт хийж эхэлжээ. Түүнийг нас барснаар тэд “Veritas”-тай хийсэн хэлцлийг санхүүжүүлэх амлалтаа гэнэт цуцлах эрхтэй болсон гэсэн үг. Харин Мусаллам тэднийг өөртэй нь бооцоо тавихыг ятгав. Мөн тэр Маккеоны ихэнх хувьцааг “Veritas” руу шилжүүлэх байсан гэрээгээ цуцалж ихэнхийг нь Мусаллам өөр рүүгээ шилжүүлсэн. Олон жилийн дараа яаравчлан хэлцэл хийснээр Мусаллам болон Маккеоны гэр бүлийн хооронд цуст тэмцэл гарч, шүүх хурал хүртэл болсон юм.

Гэвч эдгээр нь Уолл Стрийтийн гайхалтай амжилтын үндэс суурийг тавьсан. “Veritas Capital”-ийн хөрөнгө 2012 онд 2 тэрбум ам.доллар байсан бол бараг арван жилийн дараа буюу өнөөдөр 36 тэрбум ам.доллар болтлоо өсөж, түүний хөрөнгө 31 хувийн дотоод өгөөжтэй болсон. Сангууд нь зөвхөн нэг хөрөнгө оруулалтад л алдагдал хүлээсэн (Нью Мексикод нарны зай хураагуур үйлдвэрлэдэг компанид 87 сая ам.долларын) бөгөөд Мусаллам тус компанийг хүлээн авснаас хойш “Veritas” хөрөнгө оруулагчдад 12 тэрбум ам.долларын ноогдол ашиг тараасан байна. Мусаллам 53 настайдаа дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон нь энэ жилийн “Forbes” сэтгүүлийн “Хамгийн чинээлэг 400” эрхмийн нэгээр тодроход хангалттай дүн байлаа.

Мусаллам нь АНУ-ын холбооны Засгийн газар, ялангуяа батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниудад анхаарлаа хандуулснаар энэхүү амжилтыг бүтээж чадсан. Америкийн жилийн 6.8 их наяд ам.долларын зардал, зохицуулалтын асар их эрх мэдэл нь эдгээр зах зээлд хосгүй нөлөө үзүүлж байна. Худалдан авалтын олон фирм засгийн газрын хөндлөнгийн нөлөөнд өртсөн бүс нутагт хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхийг хичээж байх зуур Мусаллам дэлхийн эдийн засагт хамгийн их нөлөөтэй тоглогчийн дараагийн алхам юу байхыг тодорхойлохоор стратеги боловсруулж байна.

“Миний бие болон манай компани Засгийн газартай маш ойр ажилладаг, учир нь Засгийн газар бидний өмнө тулгардаг бүх төвөгтэй асуудлын тэргүүн эгнээнд байдаг. Эдгээр нь засгийн газрын нөлөөтэй зах зээлүүд бөгөөд тэд үүний талаар ямар бодолтой байгааг ойроос мэдэж байх нь бидэнд хамгийн сайн хөрөнгө оруулалт хийхэд тус болдог” гэж Мусаллам хэлсэн бөгөөд Манхэттэн дэх оффисоосоо төв цэцэрлэгт хүрээлэнг тольдон харахад Вашингтон хот өөрт нь дэндүү хол санагдсан биз ээ.

Тус томьёолол биеллээ олсон. Нэгдүгээр сард “Veritas” нь “Thoma Bravo”, “Vista Equity Partners”, “Clayton”, “Dubilier & Rice” зэрэг өндөр амжилттай компанийн өмнө “HEC-Dow Jones” зэрэглэлээр хувийн өмчийн салбарын дөрөв дэх хамгийн сайн гүйцэтгэлтэй компаниар нэрлэгдсэн билээ. Хэдийгээр Вашингтон, Уолл Стрийтийг хялбархан удирдаж байсан ч Мусаллам хэвлэл мэдээллийнхнээс аль болох зайлсхийдэг. Түүнийг сэтгүүлчдэд бараг л яриа өгдөггүй гэж хэлэхэд болно. Учир нь тэрбээр Засгийн газрын аюулгүй байдлын дээд түвшний зөвшөөрөлтэй цөөхөн санхүүчдийн нэг юм.

“Хувийн хэвшлийн ертөнцөд олны өмнө гарах дуртай маш олон хүмүүс байдаг. Гэвч Рамзи тэдний нэг биш. Түүнийг хүн их дутуу үнэлдэг боловч маш амжилттай хүн. Тэр төрийн зохицуулалттай зах зээл, технологи хоёрын зааг дээр маш үнэ цэнтэй бизнесийг чимээгүйхэн босгож чадсан нь хувийн өмчийнхний дунд ховор тохиолддог зүйл” гэж “Goldman Sachs”-ийн гүйцэтгэх захирал Дэвид Соломон хэлэв.

Роберт Маккеон 38 настайдаа Уолл Стрийтэд хөлөө олсон бөгөөд 1990 онд нүүр будгийн “Maybelline” компанийг 300 сая ам.доллараар худалдаж авсан гээд “Wasserstein Perella”-д томоохон наймаануудыг хийж байсан. Тэр бүр Коннектикут мужийн захирагчийн сонгуульд нэр дэвших бодолтой байсан ч 20 жилийн дараа буюу 58 насандаа амиа егүүтгэснээр түүний бүх хүсэл нь талаар болжээ

Иерусалимд төрсөн Палестин гаралтай христэд итгэгч Рамзигийн эцэг Самих Мусаллам 1948 онд Араб- Израилийн анхны дайны дараахан 1950 оны сүүлээр Нью-Йорк хотод иржээ. Тэрбээр “YMCA ТББ-д өнгөрүүлсэн анхны шөнөө бүх эд зүйлсээ хулгайд алдсан байна. Тэвчээртэй байсны эцэст Миссуригийн их сургуульд барилгын инженерийн зэрэг хамгаалж улмаар Иллинойс мужийн Эффингхэмд суурьшжээ. 1960-аад оны дундуур амжилттай яваа Самих Ойрхи Дорнод руу буцаж ирсэн бөгөөд түүний хоёр дахь хүү Рамзи нь 1968 онд Иорданы Амман хотод мэндэлсэн.

Самих Мусаллам АНУ-ын армийн инженерүүдийн корпуст ажиллаж байсан тул гэр бүл нь байнга түүнийг дагаж нүүх шаардлагатай байв. Рамзи бага насныхаа ихэнхийг Саудын Араб, Танзани зэрэг орнуудад өнгөрөөжээ. Мусаллам Африкт өнгөрүүлсэн он жилүүдээ “Тэнд ямар ч тосгон гээд байх зүйл байгаагүй, ер нь юу ч байхгүй байсан. Бид гэрээр суралцаж захидлаар харилцдаг байсан. iPad гэх зүйл бол сураггүй байсан. Биднийг даалгавраа хийсний дараа ээж шуудангаар явуулдаг байлаа” хэмээн дурссан юм.

Мусалламын хэлж буйгаар энэхүү туршлага нь өөр өөр соёл иргэншилтэй хүмүүстэй харилцах харилцаанд мэдрэмж, тэсвэр тэвчээрийг ойлгуулсан хичээл болсон ажээ. Танзанид нэгэн удаа түүний гэр бүлийг шороон зам дээр саатуулан буу тулган дээрэмдэхийг оролдож байсан бөгөөд “би үүнийг хэвийн л зүйл юм байна даа гэж бодсон” хэмээв. Мусалламыг ахлах сургуульд орох үед нь түүний гэр бүл Америкийн Нью Жерси мужийн Пайн Брук руу нүүжээ. Тэрбээр Колгэйт их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж Уолл Стрийт дэх “JPMorgan”-д хөрөнгө оруулалтын банкираар ажиллаж байгаад хоёр жилийн дараа хувийн хөрөнгө оруулалт руу шилжиж “Berkshire Partners” фирмд ажилд оржээ. Дараа нь тэр Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд элсэн орсон бөгөөд тэндээ “Hyatt Hotels” сүлжээг байгуулсан тэрбумтан Жей Притцкерийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой компанид ажиллахаар ярилцжээ. 1997 онд сургуулиа төгсөөд Мусаллам Нью-Йорк явсан бөгөөд Роберт Маккеон түүнийг ажилд авсан юм.

Маккеон 1989 онд “Forbes” сэтгүүлийн “Bid’em Up Bruce” нийтлэлд нэрээ мөнхлүүлж байсан Брюс Вассерштайнтэй үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын банк болох “Wasserstein Perella & Co”-г орхисныхоо дараа “Veritas Capital”- ийг үүсгэн байгуулсан. Маккеон “Wassertein Perella” хувийн хөрөнгө оруулалтын компанийг нь маш амжилттай удирдаж байсан ч ашгийнхаа ихэнх хэсгийг Брюс Вассерштейн-д өгөхөөс залхсан юм.

Маккеон “Veritas” компанийн ихэнх хувийг эзэмшдэг байсан бөгөөд “Chevron”-ийн Жорж Келлер, Фордын Харолд “Рэд” Полинг тэргүүтэй гүйцэтгэх захирлуудын сүлжээнээс гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр мөнгө босгодог байлаа. Түүний цорын ганц хамтрагч нь “Veritas” компанийг үүсгэн байгуулахаар “Wasserstein Parella”-г хамт орхисон банкир Томас Кэмпбелл байсан ч Маккеон 2007 онд түүнийг хөөсөн юм.

Мусаллам Маккеоныг хоёр шинэ зам руу татан оруулсан юм. Нэгдүгээрт, тэр их хэмжээний мөнгө хадгалж чадах байгууллагын хөрөнгө оруулагчдаас хувийн хөрөнгө оруулалтын сан босгохыг ятгасан бөгөөд энэ нь тэдэнд уян хатан байдлыг бий болгож бизнесээ өргөжүүлэхэд нь тусалсан. Хоёрдугаарт, Мусаллам батлан хамгаалахын гэрээлэгч нар Засгийн газрын гэрээний өвөрмөц байдлыг шийдвэрлэхэд бэлэн байгаа сангуудыг худалдан авах үр өгөөжтэй зорилт байх болно гэдгийг ойлгосон. АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хотод байрладаг цэргийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “PEI Electronics” компанийг худалдан авснаас хойш “Veritas” 2002 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Integrated Defense Technologies”-ийг өөртөө нэгтгэсэн байна. “Defense”-ийн тохироо “Veritas”-ийн хувьд хөрөнгийн гол эх үүсвэр болох байлаа. Аль нэг нь маш ирээдүйтэй харагдвал Маккеон Брюс Вассерштейнээс зааварчилгаа авч, илүү их баялгийг булааж авдаг байв. Тэр 2010 онд зарагдсан цэргийн гэрээлэгч “DynCorp” компаниас 350 сая ам.доллар олсон байна.

“Veritas”-ийн “гол хүн” Маккеон нас барснаар компанийн хөрөнгө оруулагчдыг тоглоомоос гарч хөрөнгө оруулалтаа зогсоох эрхийг олгосон. Хэрэв тэдгээр хөрөнгө оруулагчийн олонх нь замын дундаас гарсан бол компани сүйрэх байлаа.

Мусалламд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж үлдэх зургаан сарын хугацаа байлаа. “Би стресстдэггүй. Бидэнд асар их боломж байгааг зүрх сэтгэлдээ мэдэж байсан учраас анхаарлаа маш сайн төвлөрүүлж байсан” гэж Мусаллам хэлсэн юм.

Тэрбээр “Veritas”-ын хөрөнгө оруулагчидтай уулзахаар Америк даяар аялж, эцэст нь “Veritas”- ийн менежментийн төлбөрийг бууруулснаар өөртэй нь болон түүний багтай хамт үлдэхийг ятгаж чадсан. Мусаллам хэлэхдээ “Ийм бодит жишээ өмнө нь гарч байгаагүй. Хэн ч үүнийг хийж чадна гэж бодоогүй ч бид хөрөнгө оруулагчдаас 100 хувийн зөвшөөрөл авч чадсан” гэв.

Үүний зэрэгцээ Мусаллам Маккеоны нэг дүүгийнх нь мэдлийн, дөрвөн хүүхдийнхээ ирээдүйд зориулж үүсгэн байгуулсан “McKeon’s Veritas”-ийн эзэмшлийг өөрт нь шилжүүлэхийг ятгах шаардлагатай болсон юм. Мусаллам хөрөнгө оруулагчдаас дэмжлэг авахын тулд ямарваа нэгэн оролдлого хийхгүй бол компани дампуурах байсан учраас түүний гэр бүлийнхэнтэй хэлэлцээр хийх байр суурь нь хүчтэй байсан юм.

2013 оны нэгдүгээр сард Маккеоны гэр бүл менежментийн компани болон одоо байгаа хөрөнгөтэй холбоотой гурван ерөнхий түншийн холбооны борлуулалтын орлогын 10 хувийн хариуд “Veritas”-ийн эзэмшлийг шилжүүлэхээр тохиролцжээ.

Тэд мөн одоо байгаа “Veritas” сангаас Маккеоны гүйцэтгэлийн төлбөрийн багассан хэсгийг болон “Veritas”- ын цуглуулсан дараагийн хоёр сангийн гүйцэтгэлийн төлбөрийн таван хувийг өөрсдөдөө үлдээсэн нь Мусалламын хувьд бүрэн ялалт байсан бөгөөд Мусаллам компанийн хамгийн их хувьцааг эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар бизнесээ үргэлжлүүлэх боломжийг олгосон.

“Тэр зүгээр л хөрөнгө оруулагчид, компанитай харилцаж байсан юм биш. Хамгийн ойр дотнын хүнээ алдсаны дараа энэ ажлыг гардаж хийж байсан ч ер дайвалзаагүй, харин ч хувийн шинжтэй асуултуудад хариулж байсан” “Хэрэв тэр стресстэй үедээ ингэж ажилладаг бол хэлэлцээрийн ажилд ч гэсэн адилхан шударга хандах байх хэмээн би бодсон” гэж Чикаго дахь “PPM AMERICA”-д зургаан тэрбум ам.долларын хувийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Veritas”-ын хөрөнгө оруулагч Клаудиа Барон хэлэв.

“ХУВИЙН ХЭВШЛИЙН ЕРТӨНЦӨД ОЛНЫ ӨМНӨ ГАРАХ ДУРТАЙ МАШ ОЛОН ХҮН БАЙДАГ. ГЭВЧ РАМЗИ ТЭДНИЙ НЭГ БИШ”.

Мусаллам олон жилийн турш эрүүл мэндийн бүртгэлийг дижитал хэлбэрт оруулахыг эрмэлздэг байв. Тэр Жорж Бушийн засаглалын үед “Medicare” төслийг удирдаж байсан Керри Вимстэй ярилцсанаар эрүүл мэндийн мэдээллийн технологийн чиглэлээр төр, хувийн хэвшил хамтран ажиллаж болох тухай санааг анх олж авчээ. Мусаллам АНУ- ын засгийн газрын хамгийн том төсвийг хянадаг Уимс шиг хүмүүстэй ойр дотно байх зуршилтай боллоо. “Veritas” 2007 онд анхны эрүүл мэндийн мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлдэг “Vangent” компанийг худалдаж авснаар энэ салбарт азаа туршжээ. Дөрвөн жилийн дараа компаниа “General Dynamics”-д зарж, 350 сая ам.долларын ашиг олсон юм.

“Миний итгэл үнэмшил бол технологийн тусламжтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоцрогдсон системийг сайжруулах” гэж Мусаллам хэлэв.

2012 онд Мусаллам эмнэлэг болон даатгалын компаниудад даатгалын нөхөн төлбөр, эрүүл мэндийн зардлын талаар мэдээлэл өгөхийн тулд хамтран байгуулсан бизнесээ худалдаж авахаар мэдээллийн томоохон компани “Thomson Reuters”-т хандсан. Мусаллам “Veritas” эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээллийн санд томоохон алхмыг яаралтай хийх шаардлагатай гэдэгт итгэлтэй байсан бөгөөд 465 сая ам.долларыг босгож “Veritas” группийг 1.3 тэрбум ам.долларын зээлээр худалдан авах боломжтой болсон нь компанийн хувьд маш том бооцоо байсан.

Мусаллам “Thomson Reuters”-ийг “Truven Health Analytics” хэмээн шинээр нэрлэж, компанийг энгийн нэгэн мэдээлэл нийлүүлэгч байснаас үйлчлүүлэгчдийн зардал чирэгдэл, хог хаягдлыг бууруулахын зэрэгцээ илүү сайн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь туслах зорилгоор 165 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн. Үйл явцаа хурдасгахын тулд “Truven”-ийг “Veritas”-ийн “Lockheed Martin”-аас худалдаж авсан батлан хамгаалахын тагнуулын программ хангамжийн компанитай нийлүүлсэн бөгөөд тэд петабайт өгөгдөлд дүн шинжилгээ хийх үр дүнтэй алгоритмуудыг аль хэдийн боловсруулчихсан байжээ.

“Бид компаниудаа хамтарч ажиллахыг урьтал болгодог. Хийхэд амаргүй ч үүнийг зайлшгүй хийх шаардлагатай”. Мусаллам “Truven”-ийн үйл ажиллагааг төрийн салбар руу чиглүүлснээр анх удаа “Medicare” зэрэг засгийн газрын үйлчлүүлэгчдэд үйлчилгээгээ борлуулж эхэлсэн. 2016 онд “Truven” “IBM”-д 2.6 тэрбум ам.доллараар зарагдсан нь “Veritas”-д оруулсан анхны хөрөнгө оруулалтаас 3.2 дахин их байсан.

“Veritas” бол Засгийн газар руу төвлөрсөн ч хуучин улс төрч эсвэл төрийн албан хаагчдыг ажилд авдаггүй ховор компани юм. Үүний оронд Мусаллам урт хугацааны харилцаанд орохыг илүүд үздэг. Тэрбээр цэргийнхний байгуулсан дээд зэрэглэлийн аюулгүй байдлын шаардлагатай, гар утас ч ашиглах хориотой байдаг “SCIF”-д мэдээлэл өгөхдөө маш их цаг зарцуулдаг байна.

“АНУ-ын Засгийн газар бол технологийн салбарын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд нийт венчур капиталын нийгэмлэгийн хөрөнгө оруулалтаас хэд дахин их буюу олон арван холбооны агентлаг, компани руу шууд хөрөнгө оруулдаг”. “Бидний сайн мэддэг олон бизнес засгийн газраас санхүүжүүлдэг хэрэглэгчийн судалгаа, хөгжлийн хөтөлбөрөөр дамжин гараагаа эхэлсэн. “Google”, “Apple”, таны iPhone дээр байгаа маш олон зүйлс үүнтэй холбоотой. “Tesla” бол Засгийн газартай ямар нэгэн хэлбэрээр холбогдсон сансрын компаниудын бас нэгэн жишээ юм” хэмээн Мусаллам өгүүлэв.

Цахим аюулгүй байдал нь “Veritas”- ын өөр нэгэн анхаарал хандуулдаг хөгжиж буй салбар. 2014 онд Мусаллам “BeyondTrust” нэртэй аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг стартапыг худалдан авч, 310 сая ам.долларын худалдан авалт хийхийн тулд 145 сая ам.долларыг босгон байршуулсан. “Veritas” “BeyondTrust”-ын бүтээгдэхүүнийг сайжруулахын тулд судалгаа, хөгжүүлэлтийн зардлыг 44 хувиар нэмэгдүүлсэн нь хуурамч ажилчид, гадны этгээдүүдийн хакерын халдлага зэргийг зогсоосон. “BeyondTrust”-ын орлого жилд 20 хувиар өсөж байсан ч 2018 онд “Veritas” 755 сая ам.доллараар заржээ.

Мусаллам хамгаалалтын салбарт нэг хөлөн дээрээ баттай зогссон. 2015 онд “Veritas” зарим хамтран хөрөнгө оруулагчдын хамт 2.1 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, агаарын болон сансрын хөлгийн засварын “Standard-Aero” компанийг “Dubai Aerospace”-аас худалдаж авахаар 845 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Мусаллам өөрийн удирдлага дор “Veritas”-ийн анхны шинэ санд зориулж 1.9 тэрбум ам.доллар цуглуулж, “Scottsdale”, “Arizona” компанид дийлэнх хэсгийг нь бооцоонд тавилаа. (Veritas өмнө нь StandardAero-ийн өрсөлдөгч болох Vertex Aerospace-ийг эзэмшдэг байсан тул Мусаллам сансрын салбарыг сайн мэддэг байсан.)

“StandardAero” нь Европ, Азид маш хурдан өргөжин тэлсэн. Тийрэлтэт онгоцны хөдөлгүүрийг засварлахад шаардагдах хугацааг багасгах арга боловсруулснаар удалгүй засгийн газрын шинэ гэрээнд ялалт байгуулав. 2019 онд Мусаллам “StandardAero”-г “Carlyle Group”-т 5.3 тэрбум ам.доллараар худалдсан нь “Veritas”-ын анхны хөрөнгө оруулалтаас гурав дахин их дүн ажээ.

“Preqin” судалгааны фирмийн мэдээлснээр 2019 онд “Veritas” худалдан авалтын таван сан нь бүгд салбарынхаа шилдэг дөрөвт багтсанаар шуугиан дэгдээж байжээ. Үүний зэрэгцээ бухын зах зээлд гаднын хөрөнгө оруулагчид Уолл Стрийтийн хамгийн амжилттай фирмүүдийн хувьцааг эзэмшихээр жагсаж байсан бөгөөд 2020 онд Нью-Йоркт төвтэй “Dyal Capital” тус бизнесийн тодорхой хувийг худалдаж авахаар Мусаллам руу хандсан байна. 2020 оны аравдугаар сард Мусаллам “Veritas”-ын 11.8 хувийг “Dyal”-д 725 сая ам.доллараар бэлнээр худалдахаар тохиролцсон ба урьдчилан 200 сая ам.долларыг “Veritas”-д зээлээр олгохоор тохиролцсон нь Мусаллам болон түүний “Veritas”-ийн түншүүдэд их хэмжээний ашиг халааслах боломж олгожээ. Гэрээнд “Veritas” –ыг 6.2 тэрбум ам.доллараар үнэлсэн бөгөөд Мусаллам хувьцааны дийлэнх хувийг эзэмшсэн хэвээр үлджээ.

Харамсалтай нь “Dyal”-ийн гэрээ Роберт Маккеоны өв залгамжлагчдыг бухимдуулсан. Хоёрдугаар сард түүний гэр бүл 200 сая ам.долларын зээл нь компанийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 20 сая ам.долларыг авах нөхцөлийг хаасан залилан мэхлэлт хэмээн үзэж Мусалламыг гэрээгээ зөрчсөн гэж шүүхэд өгчээ.

Шүүх хурлын үеэр Мусаллам “Зээл бол борлуулалт биш” хэмээн гэрээнд үнэнч байсан гэдгээ мэдүүлжээ. Есдүгээр сард Нью-Йорк мужийн Дээд шүүхийн шүүгч Женнифер Шектер Мусалламтай санал нэгдэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Маккеоны гэр бүлийн талаарх асуудлыг зохицуулж байх үедээ Мусаллам арван жилийн өмнө нас барсан аав Самихынхаа ширээн дээр тавьсан том зургийн хажууд ажлаа хийдэг байв. Энэ нь Америк мөрөөдөл одоо хүртэл мөхөөгүй гэдгийг түүнд сануулдаг ч тэрхүү хэмжээгүй их аз жаргал, хэмжээгүй эд баялаг шаарддаг билээ. “Таны сонсож, уншсан бүгд үнэн – тэр завиар маш хол зам туулж Нью-Йоркод ирсэн. Одоо намайг тэнгэрээс үл тоомсорлонгуй харж байгаа” гэж Мусаллам хэлсэн юм.

Bat-Ochir

Related Posts

Их наядын эрсдэл зохицуулагч
Хөрөнгө оруулалт

Их наядын эрсдэл зохицуулагч

17/06/2022
Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”
Хөрөнгө оруулалт

Бенжамин Граэмын үнэ цэнийн арга: “Мэдэж байгаа зүйлдээ л хөрөнгө оруул”

16/05/2022
Тэрбумтан Уоррен Баффеттийн “Berkshire Hathaway” компани нэгдүгээр улиралд 51 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авчээ
Хөрөнгө оруулалт

Тэрбумтан Уоррен Баффеттийн “Berkshire Hathaway” компани нэгдүгээр улиралд 51 тэрбум ам.долларын хувьцаа худалдаж авчээ

03/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist