Хойд хөрш дэх McDonalds сүлжээ рестораны арваад салбар өнгөрөгч ням гарагаас эхлэн “Вкусно&Точка” (Амттай, цэг) нэртэйгээр шинэ брэндинг хийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ.
Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс гурван сарын дараа Америкийн түргэн хоолны аварга сүлжээ McDonalds тус улсын зах зээлээс бүр мөсөн гарч буйгаа зарласан юм. Өнгөрсөн сард тус компани Орос дахь 847 салбараа бизнесмэн Александр Говорт худалдсан ч барааны тэмдэгтийн эрхээ үлдээгээгүй аж. Ингэснээр өмнө нь Сибирь дэх тус франчайзын 25 байршлыг эзэмшдэг байсан түүний компани “Big Mac”, “McFlurries” зэрэг нэрийн бүтээгдэхүүнийг гаргах боломжгүй болжээ.
ЗХУ-ын задралын дараахан буюу өнөөгөөс 30 гаруй жилийн өмнө нээгдэж байсан Москва дахь McDonalds-ийн анхны салбар шинэ нэртэйгээр, мөн “Нэр солигдсон ч хайр үлдэнэ” гэсэн шинэ уриатайгаар ням гарагт нээлтээ хийхэд олон үйлчлүүлэгч дараалалд зогсон хүлээжээ.
Үүнээс гадна ням гарагт 14 өөр салбар дахин нээгдсэн бол өнөөдөр энэ тоо 50-иар нэмэгдэх юм байна. Энэ зун дуусах хүртэл хуучин McDonalds-ийн бүх салбарыг шинэ брэндинг дор эргэн нээхээр төлөвлөснөө “Вкусно&Точка”-ийн гүйцэтгэх захирал Олег Пароев өгүүлжээ.