4G сүлжээ, видео контент (OTT), гар утсанд суурилсан тоон гарын үсэг (MPKI), цахим мөнгөний Monpay брэнд зэрэг Мобиком корпорацын шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх төслийг удирдан ажилласан энтрепренер Ш.Оюунчимэгтэй ярилцлаа.
Нийгэм, эдийн засгийн бүхий л харилцаанд дижитал санхүүгийн үйлчилгээний экосистемийг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх нь “Мобифинанс” компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл. Харин энэ зорилгодоо хүрэх хөдөлгөгч хүч нь дижитал хувьсгал, цахим мөнгөний Monpay аппликэйшн хэмээн тэд тооцоолжээ. Монголын анхны цахим мөнгөнд суурилсан дижитал төлбөр тооцоо, хүний өдөр тутмын хэрэгцээг хангах бүх төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан “Супер аппликэйшн”, хиймэл оюунд суурилан зээлжих зэрэглэлийг тогтоох шийдлийг дотоодын санхүүгийн зах зээлд анхлан нэвтрүүлсэн зэргээр тэдний хэрэгжүүлсэн инновацын жишээ олон бий. “Бид жижиг, дунд бизнес эрхлэгч, худалдаа, үйлчилгээний газруудыг дэмжин, төлбөрийн шийдлийг илүү хялбаршуулж, үнэ цэн шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хамтран санал болгохыг зорьдог. Тухайлбал, салбар бүрийн бизнес эрхлэгчид өөрийн онлайн худалдааны вэбсайт, аппликэйшнгүй ч цахим дэлгүүрээ Monpay-д үүсгэх боломжийг бид олгосон. Ингэснээр хэрэглэгч зөвхөн нэг аппликэйшнд хандан хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авч, төлбөрөө хийн, хүргүүлэн авах боломж бүрдэж буй. Нөгөө талаас бидний энэ бизнес загвар бүс нутаг, аймгуудад онлайн худалдааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм” гэлээ.
Мобиком корпорац 2018 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу Монголын анхны цахим мөнгөний лицензийг албан ёсоор авч, Candy цахим мөнгийг зах зээлд нэвтрүүлж байв. Харин 2019 онд төгрөгөөр илэрхийлэгддэг, цахим мөнгөний үйлчилгээндээ ребрэндинг хийж, Monpay нэрээр шинэчлэн үндэсний төлбөрийн шийдэл хэмээх тодотголтойгоор зах зээлд дахин танилцуулсан. “Candy нь анх хэрэглээгээрээ оноо цуглуулах систем гэж гарсан учир энэхүү ойлголтыг төлбөр тооцооны хэрэгсэл болгон зах зээлд нэвтрүүлэхэд хамгийн их цаг, хүчийг зарцуулсан. Харин Monpay гэж нэрээ солихоос эхлээд ребрэндинг хийсний дараа хэрэглэгчдийн хандлага, ойлголт өөрчлөгдөж, хэрэглээ нэмэгдсэн” хэмээн тус төслийг биечлэн удирдсан Ш.Оюунчимэг хэлэв. Эмэгтэйчүүд төдийлөн ордоггүй технологийн салбарт хүч сорьж буй тэрбээр “Monpay аппликэйшнд шинэлэг функцүүд үргэлж нэмэгдэн, технологийн шинэчлэл хийгддэг ч тэр нь хэрэглэгчдийн өдөр тутмын сонголт болж чадаж байгаа эсэх нь илүү чухал. Тиймээс манай шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын гол хэсгийг хэрэглэгчийн сэтгэгдэлд суурилсан зах зээлийн судалгаа нугалдаг” гэлээ. QR кодод суурилсан төлбөрийн экосистемийн суурийг амжилттай тавьсан тус компанийн хөгжүүлж буй Monpay аппликэйшнаар өдгөө 6,000 орчим цэгт хэрэглэгч төлбөр, тооцоо хийж байна.
Анх 2006 онд Мобиком корпорацид гэрээний мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн Ш.Оюунчимэг “Манай компанийн засаглал харьцангуй тогтворжсон, ардчилсан учраас залуу хүн, эмэгтэй хүний хувьд асар их боломж байсан. Одоо ч байгаа” хэмээн өгүүлэв. “Би хүмүүсээ ширээний ард суулгах дургүй. Хэдийгээр бид технологийн эрин үед амьдарч байгаа ч харилцаа үүсгэж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал. Энэ ч утгаараа би хүмүүстээ болохгүй, чадахгүй байгаа зүйлээ ганцаараа бүү оролд. Аль болох хүмүүстэй харилцан ярилцаж, уншиж судал хэмээн зөвлөдөг. Ингэж л шинэ шийдлүүд гарч, санаа баяждаг” гэлээ.
Мобикомд төслийн менежерээр ажиллаж байхдаа 4G сүлжээг нэвтрүүлэх төслийг удирдсан нь түүнд олон зүйлийг сурах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг өгсөн аж. “Тэр үед манай хэрэглэгчдийн 10 хүрэхгүй хувь нь 4G сүлжээг дэмждэг гар утас хэрэглэдэг байсан. Тиймээс тухайн технологи, зах зээлийн судалгаанаас гадна радио долгионы ямар давтамж дээр сүлжээ байгуулбал ихэнх хэрэглэгчийн гар утас шинэ сүлжээг дэмжих боломжтой вэ зэргээр олон төрлийн боломжийг бизнес болон технологи талаас нь хайж, судлах хэрэгтэй болсон” хэмээв. Түүнчлэн тэрбээр корпорацын хэмжээнд стратеги, шинэ бизнес хөгжлийн чиглэлээр томоохон төслийг санаачлан хэрэгжүүлсний нэг нь “Дижитал хувьсал” хөтөлбөр байв. “Дижитал шилжилтийг хийхдээ бүтэлгүйтсэн олон компанийн туршлагаас харахад, тэд технологидоо бус компанийн соёл, сэтгэлгээгээ өөрчилж чадаагүйгээс болсон байдаг. Тиймээс ч бид эхлээд компанийн хэмжээнд өөрсдөө уламжлалт арга барилаасаа татгалзаж, ажилчдынхаа сэтгэлгээг өөрчлөх, тэлэх хэрэгтэй хэмээн үзсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд мобикомчууд олон шинэ технологийг өдөр тутмын үйл ажиллагаанаасаа эхлээд хэрэглэгчид очих бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ бизнесүүддээ нэвтрүүлсэн нь компани дараагийн түвшинд гарах эхлэлийн цэг болсон” гэлээ. “Технологи бол хөгжлийн хөшүүрэг. Өөрсдөө хөгжихгүйгээр бусдыг манлайлах, амжилттай ажиллах боломжгүй болсон цагт бид өөрсдөөсөө эхэлсэн нь энэ. Ингэснээр хэрэглэгчийнхээ хүсэл сонирхол, сэтгэгдлийг өндөр түвшинд хангах, сэтгэлгээг нь түүчээлэх боломжийг дагуулж байна” хэмээн тэрбээр нэмж өгүүлсэн юм.
2021 онд дэлхийн финтек салбарт 91.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгосон нь 2020 онтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Энэ салбарт 2022 онд ч эрчимтэй өссөөр жилийн нийлмэл өсөлтийн хурд (CAGR) 25 хувь байна гэж шинжээчид таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, 2022 онд энэ салбарт 310 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.
Ш.Оюунчимэг 2010 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллах болсон аж. “Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх төрийн байгууллагад ажилласан нь салбараа бүхэлд нь харж, өргөн хүрээнд тал талаас нь сэтгэх боломжийг олгож, дараа дараагийн ажлуудаа гүйцэтгэхэд тус болсон” гэлээ. Ингээд 2013 онд ИБУИНВУ- ын Засгийн газрын Чевнингийн тэтгэлгээр Английн Кентийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан тэрбээр 2014 онд дахин “Мобиком”-д нэгдэж, стратеги, шинэ бизнес хөгжлийн албаны захирлаар ажиллаж байгаад 2021 оны дөрөвдүгээр сард “Мобифинанс” компанийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.
“Мобифинанс” компани саяхан бондын арилжааг Монголд анх удаа блокчэйнд суурилсан дижитал шийдлээр хэрэгжүүлж, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000 ширхэг нээлттэй бондыг худалдаанд гарган, маш богино хугацаанд буюу 36 минутад нэг тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. “Хэрэглэгч үнэт цаасны данс нээлгэхээс эхлээд хугацааны эцэст өгөөж авах хүртэлх бүх шат дамжлага Monpay аппликэйшн дээр хийгдэх учраас бид дижитал гэж онцолж байгаа юм” гэж тэрбээр тодруулав. Үнэт цаасны данс нээхээс эхлээд бүх процессыг дижиталчилж, санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтайгаар илүү олон хэрэглэгчид хүртээмжтэй, хялбараар хүргэх зорилготой тус төслийг ахлан хэрэгжүүлсэн хүмүүсийн нэг нь Ш.Оюунчимэг. Технологид суурилсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй туршлагатай энтрепренер тэрбээр “Аливаа бизнес технологийг ашиглан амжилттай бойжиж, хөгжих эсэх нь хүн, хүний нөөцийн чадавхаас шууд хамаардаг. Технологийн сайн мэргэжилтэн, технологийг бизнес рүү оновчтой хөрвүүлэх бизнес аналистаас бүрдсэн сайн баг бидний амжилтын суурь болж байна” гэлээ.
А.ПҮРЭВЖАРГАЛ