Жо Байдены засаг захиргаа таваас доош насны хүүхдүүдийг Covid-19 вакцинжуулалтад хамруулах төлөвлөгөөг өнгөрөгч пүрэв гарагт танилцуулсан бөгөөд АНУ-ын Хүнс, Эмийн Чанарын Хяналтын Газар (FDA) болон Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвөөс (CDC) тус шийдвэрийг хэрэгжүүлэх зөвшөөрөл олгохоос өмнө нэмэлт 10 сая тун вакцин захиалсан талаар мэдээллээ.
Хэрэв FDA болон CDC байгууллагуудаас ирэх долоо хоногт зөвшөөрөл өгвөл зургаадугаар сарын 20-ны өдрөөс эхлэн таваас доош насны хүүхдүүдэд дархлаажуулалт хийж эхлэхэд бэлэн болжээ. Цагаан ордны зүгээс вакциныг хүртээмжтэй хэмжээнд байлгахаар төлөвлөж буй бөгөөд тав хүртэлх насны хүүхдүүдийн 85 хувь нь гэрээсээ ердөө таван милийн зайд байрлах вакцинжуулалтын цэгээр үйлчлүүлэх боломжтой юм.
Мөн эцэг эхчүүдэд вакцины талаарх мэдээллийг найдвартай эх сурвалжаас авахад туслах үндэсний хэмжээний боловсролын кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнтэй холбоотой тус мэдэгдэлдээ, “Захиргааны зүгээс бүх гэр бүл тавьсан асуултдаа тохирсон хариултаа авч, хүүхдүүдээ вакцинд хамруулахын ач холбогдлын талаарх ойлголттой болгоход туслах итгэл даасан хүүхдийн элч, тэр дундаа эмч нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно” гэжээ.
Гэвч “Кайзер” гэр бүлийн сангийн дөрөвдүгээр сард явуулсан санал асуулгаар тав хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн ердөө 18 хувь нь хүүхдээ яаралтай вакцинжуулалтад хамруулах хүсэлтэй байгаа бол 38 хувь нь вакцин бусдад хэрхэн нөлөөлж байгааг ажиглахын тулд хэсэг хугацаанд хүлээх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэдний 27 хувь нь бага насны хүүхдээ вакцинд огт хамруулахгүй гэсэн бол 11 хувь нь шаардлагатай тохиолдолд л вакцин хийлгэнэ гэж хариулсан байна.