Барууны хориг арга хэмжээ хойд хөршийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буйн зэрэгцээ “Apple” болон “Samsung” зэрэг үйлдвэрлэгчид ОХУ-д шинэ бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоосноор тавдугаар сард тус улсын ухаалаг утасны зах зээлд Хятадын эзлэх хувь эрс нэмэгдсэн талаар “Reuters” агентлаг мэдээллээ.
“MTS” үүрэн телефоны компанийн өгсөн мэдээллээс үзэхэд “Xiaomi”, “Realme”, “Honor” тэргүүтэй Хятадын үйлдвэрлэгчид 2022 оны тавдугаар сард Оросын ухаалаг утасны борлуулалтын 42 хувийг эзэлж буй бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 28 хувиар өссөн үзүүлэлт юм.
Өмнөд Солонгосын “Samsung” компанийн борлуулалт 28-аас 14 хувь болсноор тус зах зээлд тэргүүлэгчийн байр сууриа алдсан бол “Apple”-ийн эзлэх хувь 12 хувиас 9 хувь болж буурчээ.
Барууны хориг арга хэмжээ болон нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан нь Оросын хэрэглээний эдийн засагт ноцтой хохирол учруулсан тул ухаалаг утасны нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсныг мөн дурдсан байна.
Хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу цэргээ оруулсны дараа “Apple” болон “Samsung” компани Орост шинэ бүтээгдэхүүний борлуулалтаа зогсоосон ч жижиглэн худалдаачид одоо байгаа нөөцөө ашиглан худалдаа хийсээр буй аж.