АНУ-ын хэмжээнд 12.5 сая хүүхэд ядууралд өртсөн бол дундаж давхаргын гэр бүлүүд ч өдөр тутмын зардлаа төлөх гэж тулд зүдэрсээр буйг CNBC онцолжээ.
Тус улсын Хөдөө аж ахуйн яамны 2018 оны мэдээлэлд тулгуурласан тайланд нийтэлснээр дөрвөн ам бүлтэй (эцэг эх, хоёр хүүхэд) дундаж орлоготой айлын хүүхдээ 17 нас хүртэл өсгөхөд гарах зардлыг 233,610 ам.доллар гэж тооцжээ. Харин 2022 онд энэ тоонд инфляцыг оруулан тооцвол 286 мянган ам.долларт хүрч байгаа юм.
Үүнээс гадна хүүхэд харах үйлчилгээний үнийн өсөлт инфляцын түвшнийг гүйцсэн байна. Жишээлбэл 2020 онд инфляцын түвшин 1.2 хувь байсан бол хүүхэд харах үйлчилгээний зардал 5.03 хувиар өсжээ.
“Олон мужид бага насны хүүхдийг өдөр өнжүүлэхэд явуулах нь төрийн өмчийн коллежийн төлбөрөөс өндөр үнэтэй тусч магадгүй юм” хэмээн АНУ-ын Эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн ахлах эдийн засагч Элиза Гоулд өгүүлжээ.
Харин тус төвийн ахлах ажилтан Шон Фремстад “АНУ ийм төрлийн гэр бүлийн бодлого дээр хойрго, хуучинсаг сэтгэлгээгээр хандсаар ирсэн” гэсэн юм.
Асуудлын гол нь хүүхэд харах үйлчилгээний тэгш бус, жигд бус тогтолцоонд буйг мэргэжилтнүүд өгүүлж байна. Жишээлбэл шалгуурт нийцэх айлын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах хөтөлбөрт төрөөс бүрэн татаас олгодог. Үүнээс гадна өндөр орлоготой гэр бүлийн дээрх зардлын тодорхой хувийг даах татварын хөнгөлөлт гэж бас байдаг аж. Энэ мэт янз бүрийн арга барил нь улсын хэмжээнд дээрх зардлыг хөнгөлөхөд хүндрэл учруулж, улмаар дундаж орлоготой гэр бүлд дарамт нэмдэг байна.