Дэлхийн хамгийн том гэгдэх хөлөг онгоц анхны аялалдаа гарч байхад түүний амжилтыг эвдэх хөлөг онгоц тэр үед угсрагдаж байдаг нь энэ салбар хэр их өрсөлдөөнтэйг харуулна. Өнөө цагт эдгээр аварга хөлөг онгоцууд хөл бөмбөгийн талбайнаас багадаа гурав дахин урт хэмжээтэй бөгөөд тус бүр жижиг хотын хүн амтай тэнцэхүйц тооны зорчигчдыг тээвэрлэх багтаамжтай.
Ингээд та бүхэнд хэмжээ, жин, багтаамжаараа дэлхийд тэргүүлж буй аяллын хөлөг онгоцуудыг танилцуулъя.
1. Wonder of the Seas (Royal Caribbean)
АНУ-ын Майами хотод төвтэй Royal Caribbean компанийн энэхүү шинэ хөлөг нь одоогийн байдлаар дэлхийн хамгийн том хөлөг онгоц гэж тооцогдож байна. Францын Сан-Назерын үйлдвэрт баригдсан уг хөлөг 362 метр урт, 64 метр өргөн, 236,857 тонн жинтэй, 22 нотын хурд авах боломжтой бөгөөд энэ оны гуравдугаар сард анхны аялалдаа гарчээ.
2. Symphony of the Seas (Royal Caribbean)
2018 онд анхны аялалдаа гарсан “Symphony of the Seas” хөлөг нь 362 метр урт, 66 метр өргөн, бүх жин нь 228,081 тонн бөгөөд 5518 зорчигч, 2100 багийн гишүүдийг багтаах 2759 өрөөтэй аж.
3. Harmony of the Seas (Royal Caribbean)
Royal Caribbean-ы бас нэгэн аварга болох энэхүү хөлөг нь “эгч дүүс”-тэйгээ ойролцоо хэмжээтэй, 226,963 жинтэй.
4. Allure of the Seas (Royal Caribbean)
2010 онд анх эргээс хөдөлсөн Allure of the Seas хөлөг нь бүх жингээрээ 225,282 тонн, уртаараа 361 метр хүрэх бөгөөд 2015 онд хийсэн засвар шинэчлэлтийн дараа 5,492 зорчигчийг тээвэрлэх чадалтай болжээ.
5. Oasis of the Seas (Royal Caribbean)
2009 онд танилцуулагдахдаа дэлхийн хамгийн том хөлөгт тооцогдож байсан Oasis of the Seas нь “Титаник”-аас тав дахин том хэмжээтэй, 220,000 тонн жинтэй юм.
6. MSC World Europa (MSC Cruises)
Италийн “MSC Cruises” компанийн World-class ангиллын анхны хөлөг болох World Europa нь ирэх арван хоёрдугаар сард анхны аялалдаа гарна. Шингэрүүлсэн байгалийн хийг түлш болгон ашигладаг уг хөлөг нь 205,700 тонн жинтэй, 330 метр урт.
7. Costa Smeralda (Costa Cruises)
Италийн “Costa Cruises”-ийн флот дундаас хамгийн томд тооцогдох энэ хөлөг нь 2019 онд анхны аялалдаа гарсан байна. Хэмжээний хувьд 337 метр урт, 185,000 тонн жинтэй.
8. Costa Toscana (Costa Cruises)
Хэмжээ, зорчигчийн багтаамжийн хувьд “Costa Smeralda”-тай төстэй энэ хөлөг дээр 11 ресторан, 19 баар болон лоунж бий.
9. P&O Iona (P&O Cruises)
Шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй Британийн анхны хөлөг онгоц болох P&O Iona нь 184,700 жинтэй, 344 метр урттай. Шилэн дээвэртэй “SkyDome” танхим, архи нэрэх үйлдвэр, 30 гаруй баар ресторан нь уг хөлгийн ялгарах онцлог юм.