Жованни Ферреро 2015 онд гэр бүлийнхээ эзэмшлийн, 13 тэрбум ам.долларын амттаны бизнесийг өвлөж авсныхаа дараа компаниа ямар ч үнээр хамаагүй өргөжүүлэх амлалт өгчээ. “Red Hots”, “Butterfinger”, “BabyRuth”, “Nestle Crunch” зэрэг алдарт брэндийг өөрийн болгосон түүний сэтгэл бүрэн ханах болоогүй бололтой. Гэвч түүний “цаддаггүй зан” уналт руу хөтлөх болов уу?
Италийн Альба мужийн захад орших Ромын үеэс улбаатай, чулуун замтай эртний хотод орчин үеийн хийцтэй ганц цайз торойн үзэгдэнэ. Ган хаалга, дүрэмт хувцастай харуулуудаар хүрээлүүлсэн гурван метр өндөр хананы цаана ямар нэгэн цөмийн үйлдвэр, цэргийн арми бус, харин шоколадны үйлдвэр ажилладаг. Энэ бол “Nutella”, “Tic Tac”, “Mon Cheri”, “Kinder”-ийг үйлдвэрлэдэг “Ferrero” компанийн унаган үйлдвэр.
Үйлдвэр дотор цэрэг ногоон хувцастай ажилтнууд амттан үйлдвэрлэж буй олон зуун робот гарыг хянан сууна. Харин тэдний толгой дээгүүр крем дүүргэсэн мянга мянган “Kinder” шоколад дамжуургаар урсан өнгөрнө. Дамжуургын эгц дор байрлуулсан өндөр хурдны камерууд шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг илрүүлнэ. Өчүүхэн төдий өө сэв ажиглагдмагц тухайн бүтээгдэхүүнийг хийгээр үлээж жагсаалаас гаргах аж. Тус үйлдвэрийн ТУЗ-ийн дарга, 57 настай Жованни Ферреро Америкийн хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа “Бид бүх зүйлд няхуур хандаж, өндөр чанартай гүйцэтгэдэг” гэжээ.
Энэхүү зарчим чихрийн эзэнт гүрнийг үүсгэжээ. “Ferrero” компани өнгөрсөн жил 13.5 тэрбум ам.долларын амттан худалдаж, харин Феррерогийн гэр бүл нийт 42.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсны дийлэнх буюу 21 тэрбум ам.доллар нь дэлхийд бэл бэнчингээрээ 36 дугаарт жагсаж буй Жованнигийн хувь эзэмшил аж. Энэ бол удам дамжсан амжилт. 1946 онд Дайны хөлд нэрвэгдээд байсан Итали оронд түүний өвөг эцэг Пьетрогийн үүсгэн байгуулсан тус бизнес олон арван жилийн турш бага зээлтэй ч, өөр компанитай нэгдэлгүйгээр алгуурхан хөгжсөн билээ.
Амьдралынхаа бүхий л цаг мөчид аав, ах хоёртойгоо гар нийлэн ажилласан Жованни нэг л мэдэхэд удирдлагын ард ганцаар хоцорчээ. Тэрбээр өвөөгийнхөө нэрээр нэрлэгдсэн ах Пьетротойгоо мөр зэрэгцэн 14 жилийн турш хоёул хамтарсан гүйцэтгэх захирлаар ажилласан ч 2011 онд ах нь 47 насандаа зүрхний шигдээсээр нас нөгчжээ. Улмаар одоогоос долоон жилийн өмнө эцэг Микеле нь мөн өөд болсон юм. Ийнхүү хамаг хариуцлагыг үүрч, ганцаар хоцорсон Жованни ТУЗ-ийн гүйцэтгэх дарга болсон бөгөөд стратегийн гол асуудлууддаа төвлөрч ажиллахын тулд “Ferrero”-д удаан хугацаанд удирдах албанд ажилласан Лапо Чивилеттиг 2018 оны намар гүйцэтгэх захиралд томилжээ.
Тэрбээр “Ferrero”-ийн хөгжлийн хурдасгуур болсон нэрийн бүтээгдэхүүнүүдэд төвлөрөхөөс татгалзаж, түүний оронд бусад брэндийг худалдан авах замаар орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Жованни “M&M’s”, “Snickers”- ийн үйлдвэрлэгч “Mars” компани, “Oreo”, “Toblerone”- ийг үйлдвэрлэгч “Mondelez” зэрэг өөрөөсөө илт давуу өрсөлдөгчдийг ардаа орхиход “Ferrero”-ийн одоогийн нэрийн бүтээгдэхүүнүүд урт хугацаандаа хангалттай өрсөлдөж чадахгүй гэж үзэж байна. Тийм ч учраас Британийн нэрт шоколад үйлдвэрлэгч “Thorntons” компанийг 2015 онд 170 сая ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь тэдний анхны худалдан авалт байв. Харин 2018 оны гуравдугаар сард “Nestle”-ийн АНУ дахь чихрийн бизнесийг 2.8 тэрбум ам.долларын бэлэн мөнгөөр худалдаж авсан нь хамгийн том хэлцэлд тооцогдож байна. Америкийн уугуул брэндүүд “Butterfinger”, “BabyRuth” ч мөн адил Жованнигийн гарт оржээ.
Түүнд хангалттай их хөрөнгө бий. Олон тэрбум ам.долларын нөөцтэй “Ferrero”-ийн цэвэр ашгийг “Forbes” 10 хувиар тооцоолж буй. Хэдий тийм боловч эрсдэл бий. Шоколадны бизнесийн эх суурь брэндийн нэр хүндэд байдаг. Үйлдвэрлэгч болгон ижилхэн түүхий эд ашигладаг. Харин тэдэн дундаас “Ferrero”-ийн бүтээгдэхүүнүүд чадварлаг маркетинг, шинэчилсэн найрлагуудаараа хэрэглэгчдийн танил болсон билээ. Ялангуяа “Nutella” брэнд. 2013 онд Колумбын их сургууль нийтийн зоогийн газартаа “Nutella”-ийн түрхлэг (гол найрлага нь какао, элсэн чихэр, ойн самар, сүү) тавихад оюутнууд яг л дээрэмчид шиг цөлмөж, улмаар долоо хоногийн зардал 5,000 ам.доллар болж нэмэгдсэн байна.
Мөн 2018 онд Францын хүнсний сүлжээ дэлгүүр “Nutella”-ийн бүтээгдэхүүнд 70 хувийн хямдрал зарласны дараа эмх замбараагүй байдал дэгдсэн гэдэг. Гэвч тэдний сүүлд худалдаж авсан шинэ брэндүүд зэрэглэлийн хувьд харьцангуй доогуур тул “Ferrero”- ийн бизнес загварт хүндрэл учруулах, ашиг буурах эрсдэл бий. Өрсөлдөгчид нь хямд чихрээс зайлсхийж, эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэж байхад Жованни олны жишгээс зөрж байна. Люксембургээс компаниа удирддаг Жованни талийгаач эцэг болон салбарын мэргэжилтнүүдийн байр сууриас эсрэг, өөрийн үзэл бодолдоо үнэнч нэгэн юм. Хэрэв түүний буруу бол “Ferrero” зах зээлд эзэлсэн байр сууриа алдаж, харин Жованни олон тэрбум ам.доллар салхинд хийсгэсэн, үрэлгэн хүү болж таарах нь.

“FERRERO”-ИЙН ТҮҮХ ДЭЛХИЙН НЭГДҮГЭЭР ДАЙНЫ сүүдэр дор эхэлжээ. Пьетро Ферреро 1923 онд цэргээс халагдаж ирээд Италийн баруун хойно орших Дольяни дүүрэгт нарийн боовны газар нээсэн аж. Түүний амьдрал хурдтай өрнөж, удаах жилд нь 21 настай Пьера Чиллариотай гэрлэн, 1925 онд хүү Микелегээ өлгийдөн авчээ. Удаах 10 жилд нь Пьетро гэр бүлээ дагуулан хотоос хотын хооронд нүүдэллэн амьдрахдаа амттаны олон цехэд ажиллаж ур чадвараа ахиулсаар явжээ. Тэрбээр 1938 онд тухайн үеийн Ерөнхий сайд Муссолинигийн тушаалаар Африкт томилогдсон итали цэргүүдэд жигнэмэг худалдахаар шийдэж, Зүүн Африк руу нүүсэн байна. Гэвч түүний төлөвлөгөө бүтэлгүйтэж, гэртээ эргэн иржээ. Дэлхийн II дайн эхлэх үед Пьетро гэр бүлээрээ Альба хотын анир чимээгүй уулс дунд төвхнөв.
Тэнд л Пьетро хамгийн том амжилтад хүрсэн билээ. Тэрбээр дүүгийнхээ ятгалгаар дайны үеийн Италид тансаг зэрэглэлийн ховор бүтээгдэхүүнд тооцогдож байсан шоколадыг бусад хямд түүхий эдээр орлуулах туршилт хийж эхлэв. Улмаар бурам, ойн самрын тос, кокосны тос, бага зэрэг какао бүхий найрлагыг сонгож, хүнсний калькан цаасанд боож, хот даяар худалдаж эхэлжээ. Үүнийгээ Наполеоны үед ихэд дэлгэрч байсан, төстэй найрлага бүхий “gianduiotto” хэмээх шоколадны нэрээс санаа авч “Giandujot” хэмээн нэрлэсэн юм.
“Тэр зохион бүтээх дон туссан мэт байсан. Шөнө хэдэн цагт ч хамаагүй сэрээд лабораторидоо орчихно. Шөнө дунд эхнэрээ сэрээж ‘Үүнийг амсаад үз дээ. Гайхалтай жор оллоо’ гэдэг байсан” хэмээн Жованни өгүүллээ.
Зохиолч Жижи Падовани 2014 онд “Ferrero”-ийн тухай туурвисан “Nutella World” номдоо “Giandujot”- г “Пьетрогийн үйлдвэрлэж чадах хэмжээгээр” борлогдож байсан хэмээжээ. Ийнхүү Пьетро бөөний худалдааны бизнесийн туршлагатай, мөн адил Жованни нэрт дүүтэйгээ хамтарч 1946 онд “Ferrero” компаниа үүсгэн байгуулжээ.
Пьетро бизнесээ цэцэглэхийг харж амжилгүй 1949 онд 51 насандаа өөд болсон боловч түүний бүтээсэн бүхэн хадгалагдан үлджээ. Тухайн жилдээ “Giandujot”-ийн түрхдэг хувилбар болох “Supercrema” брэндийг бүтээсэн нь одоогийн “Nutella”-ийн суурь болсон юм.
Тэд ухаалаг арга ашиглаж “Supercrema”- г улам бүр алдаршуулжээ. Тухайлбал, бүтээгдэхүүнээ шил, хуванцар зэрэг савлагаатай болгож нарийн, тооцоотой хэрэглэгчдэд саваа ахин ашиглах боломж олгов. Компани бүтээгдэхүүнээ бөөний худалдааны сувгаар дамжуулахын оронд борлуулалтын ажилтнууд хөлсөлж, хүнсний дэлгүүрт шууд түгээдэг болсноор хямд үнэ тогтоож чадсан юм.
Гэтэл ахин гэнэтийн уй гашуу тохиов. Дүү Жованни 1957 онд 52 насандаа зүрхний шигдээсээр өөд болжээ. Компани түүний бэлэвсэн эхнэрийн хувь эзэмшлийг худалдаж авав. Ийнхүү 33-хан настай Микелед удирдлагын бүрэн эрх очсон юм.
“Ferrero”-г дэлхийн хэмжээний компани болтол хөгжүүлсэн гавьяаг хүртэх зүй ёсны хүн бол Микеле. Тэрбээр эцгээ өөд болохын өмнө хамаатнуудаа Германы зах зээлд нэвтрэхийг ятгаж байсан аж. “Ferrero” хуучин нацистуудын пуужингийн үйлдвэр байсан барилгыг шинэчилж чихрийн үйлдвэр болгожээ. 1956 онд үйлдвэрлэж эхэлсэн “Mon Chéri” хэмээх голдоо интоортой, алкогольтой шоколадаараа тэд ядах юмгүй хөлөө олсон юм. Германчууд уг амттанд татагдаж байв.
Улмаар үйл ажиллагаагаа Бельги, Австри, мөн Франц руу тэлэв. “Ferrero” шинэ зах зээл рүү дайран орохдоо энергийн өндөр агууламжтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чихрийн орцтой гэсэн сурталчилгаа ашигладаг байв (энэ мэт сурталчилгааны агуулга нь сүүлд тэднийг АНУ-д асуудалд оруулсан юм. Тэд 2012 онд “Nutella”- г “амттай атлаа тэнцвэртэй өглөөний унд” хэмээснийхээ төлөө худал сурталчилгаа явуулсан хэргээр 3.1 сая ам.доллараар торгуулсан. Тэд өөрсдийгөө гэм буруугүй хэмээн үзсэн).
1962 онд буюу Итали орон дайны дараа эргэн сэргэх үед Микеле “Supercrema”-ийн чанарыг сайжруулахаар шийдэв. Ард түмэн сая л нэг цэвэр шоколад худалдаж авах чадалтай болсон тул Микеле найрлага дахь какао, какаоны тосны хэмжээг нэмэгдүүлжээ. Хожим Италийн Засгийн газраас зар сурталчилгааны хэтрүүлгийг журамлаж эхлэхэд тэрбээр “Supercrema” хэмээх нэр эрсдэл дагуулах магадлалтай гэж үзээд брэндээ шинэчлэхээр болов. Түүний баг дэлхийн олон орны хэлээр хамгийн түрүүнд ойн самрыг санагдуулах нэр хайжээ. Эцэст нь “Nutella” гэсэн нэр дээр тогтож, бүтээгдэхүүнээ 1964 оны дөрөвдүгээр сараас эхлэн шинэ нэр, савлагаатайгаар түгээж эхэлсэн юм.
“Ferrero”-ийн тэлэлт Швейцарь, Ирланд, Эквадор, Хонконгийг хамрахтай зэрэгцэн шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа цувран гарч эхлэв. 1968 онд “Kinder” цуврал, 1969 онд “Tic Tac”, 1982 онд “Ferrero Rocher” хуурсан самартай шоколад тус тус мэндэлжээ. 1986 оны жилийн борлуулалт 926 тэрбум лир буюу одоогийн ханшаар 1.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа.
Компани өргөжин тэлэхийн хэрээр Микеле урагш алхах зайгүй болов. Тэрбээр Арабын “Mon Cheri”-г хуурамчаар үйлдвэрлэхийг таслан зогсоохын төлөө патентын эрхийн зарга үүсгэж байв. Мөн төрөлх Монакодоо ирэхдээ өрсөлдөгчдийнхөө бүтээгдэхүүнийг амталж үзэхээр жижиглэн худалдааны дэлгүүрүүдээр хэсдэг байжээ. Хичээл зүтгэлээ хангалтгүй гэж үзсэн тэрбээр сүсэг бишрэлд найдаж, дэлхийн эргэн тойронд байрлах “Ferrero”-ийн үйлдвэрийн үүдэнд тэднийг харж, хамгаалах Лурдын гэгээн дарь эхийн хөшөөг байрлуулсан юм.
1997 онд Микеле хөвгүүддээ удирдлагыг шилжүүлэх үед нэгэн цагт жижигхэн цех байсан газар жилд 4.8 тэрбум ам.долларын борлуулалттай аварга том компани болсон байв. Чухамдаа Жованни Ферреро төрсөн цагаасаа л шоколадны эзэнт гүрний залуурдагч байхаар бэлтгэгджээ. 1970-аад оны сүүлчээр эцэг нь түүнийг дүүгийнх нь хамт Бельгийн дотуур байртай дунд сургууль руу илгээсэн байна. Учир нь Италид тухайн үед нэр хүндтэй хүмүүсийг (тухайлбал, гуравдугаар Жон Пол Гетти, Италийн Ерөнхий сайд асан Альдо Моро) барьцаалах гэмт хэрэг ихээр гарсан хямралын он жилүүд тохиож байв. Гэхдээ тэдний эцэг давхар өөр зорилго өвөртөлж байжээ. Европ тив ирээдүйд нэгэн том зах зээл болохыг мэдэж байсан тэрбээр залгамжлагч нартаа тивийн хаана ч төвөггүйхэн ажиллах чадвар суулгахыг зорьсон ажээ.
Жованни “Тэр үеийг ‘Ferrero’ анх Европын хэмжээний компани болсон түүхэн үе гэнэ. Тухайн үед Европын нэгтгэлийн төв цэг Брюссель байсан юм” хэмээн дурсав. Тийм ч учраас хөвгүүдийг явуулжээ.
Жованни АНУ-д маркетингийн чиглэлээр суралцсаныхаа дараа 1980-аад оноос “Ferrero”-д ажиллах болов. Түүний хариуцаж авсан анхны даалгавар бол Бельгийн “Tic Tac” брэнд байж. Улмаар тэрбээр Германд удирдах албан тушаал хашиж байгаад Бразил, Аргентин, Мексик, АНУ-д бизнес хөгжлийн чиглэлээр суралцсан юм.
Энэ бүх хугацаанд Жованни бизнесээ цааш удирдахад хэрэг болох нарийн ширийн ур чадвараар мэргэшиж байв. Тэрбээр өдгөө нууц өгөгдөл бүхий корпорацийн тусгай хэлээр ярьдаг. Гэхдээ Жованни борлуулалт, маркетингд илүү авьяастай. Туранхайвтар биетэй, хээнцэр хувцасласан, гэмгүй инээд алдах түүнийг шоколадны үйлдвэрийн тэрбумтан эзэн гэхээс илүү шоуны хөтлөгч гэлтэй. Жованни дийлэнх үйл явдал нь Африкт өрнөдөг долоон зохиол туурвисан. Уг сэдвийг хөндөхөд тэрбээр аавдаа зориулж, хамгийн сүүлд бүтээсэн “The Light Hunter”- ийнхаа гар бичмэлийг авахаар боссон юм.
Жованнигийн бүтээлч байдал үйл ажиллагаа хариуцсан, түүний ах Пьетрод тус нэмэр болдог байв. 1997 онд тэд хамтдаа эцгийнхээ гүйцэтгэх захирлын суудлыг залгамжлан авч, харин эцэг нь ТУЗ-ийн дарга хэвээр үлджээ. Удаах 15 жилийн хугацаанд тэд “Ferrero”-ийн нэрийн брэндүүдийг хөгжүүлэх тал дээр голлон ажилласан юм.
Гэвч Пьетро 2011 онд Өмнөд Африкт дугуйн аялал хийж байхдаа эхнэр, гурван хүүхэд болон “Ferrero” компаниа орхин өвөө, авга ахтайгаа адил зүрхний шигдээсээр нас баржээ. Ийнхүү Жованни өдөр тутмын ажлаа өөрөө хийхээс аргагүйд хүрэв. Тэрбээр “Маш хүнд хагацал болсон” гэв. Үүнээс дөрвөн жилийн дараа Микеле 89 насандаа өөд болжээ. Альбад болсон түүний оршуулгад 10,000 гаруй хүн оролцсон гэх мэдээлэл байдаг. Эдгээр хагацал “Ferrero”- д олон өөрчлөлт дагуулжээ. Нэн тэргүүнд Микелегийн дангаар эзэмшдэг байсан бизнесийг гэр бүлээрээ хуваан эзэмших болов. Микеле нэгдсэн эзэмшилд байх нь тогтвортой байдлыг хангана гэж үзээд дийлэнх хувийг Жованнид үлдээжээ. Үлдсэн хэсгийг Пьетрогийн өв залгамжлагч нарт үлдээсэн нь өдгөө итгэлцлийн санд хадгалагддаг. Нэгэн цагт түүний нарийн бичиг байгаад хожим эхнэр нь болсон, мөн “Ferrero”-ийн ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Мария Франка Фиссолод хувьцаа үлдээгээгүй ч бусад өмч хөрөнгөөсөө өвлүүлсэн бөгөөд өдгөө тэрбээр 2.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна.
Гэнэтийн их ашгийг эс тооцвол Жованни сэтгэл гундуу байна. Тэрбээр “Маш их дарамтад ордог” гэж ярьсан юм. Хоёр жилийн турш гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргын үүргийг хавсран гүйцэтгэсэн түүнд компанийнхаа стратегийг тодорхойлох цаг өчүүхэн бага олддог байв. Тэрбээр “Өдөр тутмын ажилд дарагдсаар эрч хүчгүй болдог” хэмээн санаа алдан өгүүлсэн юм. Жованни 2017 онд Лапо Чивилеттиг гүйцэтгэх захиралд томилсон нь тус үүргийг хүлээн авсан анхны гэр бүлийн бус эрхэм байв. Чивилеттиг дэлгүүрийн ажилд анхаарах зуур Жованни эцгийнхээ тууштай эсэргүүцэж байсан брэнд худалдаж авах тал дээр төвлөрч ажиллав. Түүний худалдан авалтуудын тухайд эцэг нь юу гэх байсан бол гэж түүнээс асуухад тэрбээр инээмсэглэж “Би 53 настай. Би өөрийн дураар ажиллах хэмжээнд хүрсэн” гэв.

ӨДГӨӨ “FERRERO”-ИЙН СТРАТЕГИЙН ТӨВ Люксембургт байрлаж байна. Татварын таатай орчин бүрдүүлсэн энэхүү жижигхэн улс дэлхийн бизнесийн цөм болжээ. Угтаа эзэмшил талаас нь харвал “Ferrero” бол гэр бүлийн бизнес мөн. Дэлхийн эргэн тойронд байрласан 25 үйлдвэртэй, энэхүү олон улсын бизнесийг удирдаж буй, мөн цаашид тэлэх эрх бүхий хүн бол Жованни юм. Тэрбээр “Бид өсөж хөгжих ёстой. Энэ бол бидний үүрэг гэж боддог” гэв. Жованни бол онцгой хөдөлмөрч зантай, аливааг нягт нарийн бодож боловсруулдаг хүн. “Бид 7.33 хувиар үечилсэн өсөлтийн алгоритм баримтлах дуртай. Энэ өсөлт органик, органик бус алин боловч 10 жилийн хугацаанд компанийг хоёр дахин тэлэх болно” гэв.
Түүний энэ хэллэгийг хөрвүүлэн тайлбарлаваас, Жованни жил тутмын орлогыг 7.33 хувиар өсгөхөөр төлөвлөсөн бөгөөд улмаар 10 жилийн дараа эргэлтийн хөрөнгө нь хоёр дахин нэмэгдсэн байх аж. “Ferrero”-ийн нэрийн бүтээгдэхүүнүүд энэхүү өсөлтийг хангахад хангалтгүй юм. Тиймээс Жованни дутуугаа нөхөхийн тулд борлуулах бүтээгдэхүүн худалдан авч байгаа аж.
Тийм ч учраас тэрбээр 2015 онд Британийн “Thorntons”-ийг худалдан авчээ. Тухайн үед энэхүү шоколадны брэндийг хумигдаж буй бизнес гэж үзэж байв. Харин Жованни тэдний үнэт чанарыг олж харжээ. Дараа нь АНУ-ын, чихэр үйлдвэрлэгч “Fannie May” (2017 оны тавдугаар сард 115 сая ам.доллараар), “Red Hots” болон “Trolli” резинэн чихрийг үйлдвэрлэдэг “Ferrara”-г (арванхоёрдугаар сард 115 сая ам.доллараар) худалдан авав. Эцэст нь “Crunch”, “Raisinets”, “LaffyTaffy” чихрийг эзэмшигч “Nestle”-тэй 2.8 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, өөрийн болгосон юм. Үүнийг хувь заяаны хоржоонтой эргүүлэг гэж нэрлэж болох юм. Учир нь хоёр жилийн өмнө, Микелег өнгөрсний дараахан “Nestle” “Ferrero”-г худалдаж авч магадгүй гэсэн яриа гарч байв. Харин “Ferrero”-ийн зүгээс үүнийг эрс үгүйсгэж байсан билээ.
Жованнигийн зорилгыг зөвхөн өсөлтөөр хэмжвэл ихэд амжилттай явж байна. “Ferrero” компани “Nestle”-г худалдан авснаар цар хүрээгээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх чихэр үйлдвэрлэгч болсон гэж “Euromonitor” судалгаандаа дурджээ. Гэхдээ Жованнигийн худалдан авалт үүгээр хязгаарлагдахгүй. Түүний үзэж буйгаар чихрийн худалдаа шар айргийн зах зээл шиг цөөн тоглогчтой болох аж. Бусад нь тэдэнд дарагдаж, жижиг хэмжээний бизнес болон үлдэх гэнэ. Тэрбээр “Хэн нэг нь багийн ахлагч болон гарч ирнэ” хэмээв.
Зарим хүмүүс түүний төлөвлөгөөнд үл итгэдэг. Инновацид тулгуурлаж хөгжсөн эцгээсээ ялгаатай нь Жованни зөвхөн худалдан авалт хийх замаар цар хүрээгээ өргөжүүлж байна гэж нэн түрүүнд шүүмжлэх нь бий. Түүнчлэн хэрэглэгчдийн сонголт зэрэглэл өндөртэй, эрүүл хүнс рүү шилжиж байх үед “Ferrero” Хойд Америкийн зах зээлд нэвтэрч байна. “Berenberg Bank”-ны шинжээч Финтан Райан “Nestle”-ээс авсан бүтээгдэхүүнүүдийг “зах зээлд маш их хэмжээгээр тархсан, элсэн чихрийн өндөр агууламжтай, эрүүл бус чихэр” хэмээгээд хэрэглэгчдэдээ санаа тавьдаг, онцгой чанар тэдэнд байдаггүй хэмээн цохон тэмдэглэсэн юм. Харин “Vontobel” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Жан Филипп Берчи “ ‘Nestle’ зах зээлээ жил ирэх тусам бага, багаар алдаж буй, маш сул бизнес байсан. ‘Ferrero’- ийн худалдан авалт тун эрсдэлтэй алхам” гэв.
Аз болж Жованни эрсдэлээ тааруулж тооцжээ. Хэрэв “Ferrero”- ийн санхүүгийн үзүүлэлт гол өрсөлдөгчидтэйгөө нэг шугамд байвал жилд 1 тэрбум гаруй ам.долларын орлоготой ажиллах боломжтой. Тэд хэдийгээр одоог хүртэл худалдан авалт хийсээр байгаа боловч өндөр хэмжээний зээл аваагүй л байна.
Илүү гэгээлэг байдал ч тодхон харагдаж байна. “Ferrero” алдарт “Kinder Joy” өндөгнүүдээ өнгөрсөн жилээс АНУ-д худалдаж эхэлсэн. Өмнө нь тэдний өндгөн шоколад доторх тоглоомыг хүүхэд хахах аюултай хэмээн хориглож байв. Тодорхой шинэчлэл хийсний дараа Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газар тэдэнд зөвшөөрөл өгч, өдгөө “борлуулалт хүлээлтээс давж байна” хэмээн Жованни өгүүллээ. Өдгөө “Ferrero” аль хэдийнэ олны танигдсан “Tic Tac” зэрэг хуучны брэндүүдээ шинэчлэн танилцуулаад байна.
Түүнчлэн ойн самрын бизнес компанийн бат суурь болжээ. “Ferrero” дэлхийд тэргүүлэгч ойн самрын компаниуд болох Туркийн “Oltan Group”, Италийн “Stelliferi Group” хоёрыг хэдэн жилийн өмнө худалдаж авсан төдийгүй цаашид ч Австрали, Балканы хойг, мөн Өмнөд Америкт газар худалдан авч тариаланг нэмэгдүүлж, жилийн турш ургац хураах боломжтой болгох тал дээр хөрөнгө оруулах аж. Дэлхийн ойн самрын гуравны нэг хэсгийг өөрийн болгосон “Ferrero” компани эдүгээ дэлхийн ойн самрын хамгийн том нийлүүлэгч болжээ. Эдгээр баримт мэдээ “Ferrero”- гийн цар хүрээ өсөн тэлсээр буйг бүрэн илтгэж байна. Пьетрогийн бяцхан цех ердөө гуравхан үеийн дотор дэлхийн 160 улсад бүтээгдэхүүн нийлүүлдэг, 40,000 ажилтантай, жилд 365,000 тонн “Nutella” үйлдвэрлэдэг аварга том гүрэн болж хувирчээ. Харин Жованни энэ бүхнийг үгүйсгэж “Энэ бол зүгээр л амжилтын эхлэл” гэсэн юм.