Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Тэрбумтнууд

Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Burger King, Heinz, Budweiser-ийг эзэмшигч домогт тэрбумтан
Share on FacebookShare on Twitter

Рио-де-Жанейрогийн далайн эргийн давлагаан дээр гулгаж өссөн хүү Бразилын газрын теннисийн таван удаагийн аваргаар тодорч, Уимблдоны наадамд өрсөлдөн, Дэвисийн цомыг хоёр ч удаа хүртэж байлаа. Энэ амжилтад баргийн хүний сэтгэл ханах ч Жорже Пауло Леманны хувьд гутамшигт явдал байв. Дэлхийн шилдэг арван тамирчны тоонд хэзээ ч багтаж чадахгүйгээ ухаарсан Леманн теннисийн цохиураа орхиж, бизнесийн ертөнцөд хөл тавьсан юм.

Хоёр компанийг нийлүүлж ашиг олох тал дээр мэргэшсэн, 82 настай тэрбумтан Жорже Леманн нэгэн цагт сэтгүүлчээр ажиллаж байсан ч эдгээр өдрүүдэд хамтран ажиллагсдадаа өөрийнх нь нэрийг олон нийтийн хэрэгслээр дурдахгүй байхыг захидаг. Гэвч эзэмшдэг компаниуд нь түүний талаар мэдвэл зохих бүхнийг илэрхийлж орхино. Дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд сонирхолтой тэрбумтан хэмээн нэрлэгддэг, 2022 оны байдлаар 15 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жорже Леманн шар айраг, кетчуп болоод бургер зэрэг дэлхийн хүнсний зах зээлд танигдсан Америкийн томоохон брэндүүдийн багагүй хэсгийг эзэмшдэг. “Forbes” сэтгүүлийн 2022 оны тэрбумтнуудын жагсаалтын 120 дугаарт нэр нь бичигдсэн, Бразилын хамгийн чинээлэг энэ эрхмийн “эзэнт гүрнээ” босгосон арга нь асар том амбиц, түрэмгий байдлаар хэлэлцээ хийх, эрсдэлтэй нүүр тулах чадвар болон санхүүгийн сахилга баттай байдал юм.

Давлагаан дээр гулгах, теннис тоглох зэрэг спортын мөрөөдлөө орхиж, Харвардын их сургуульд 17 насандаа элсэн орсон залуу хүү муу сурч, сургуулийн байранд салют буудуулснаасаа болж нэг жил өнжих, бүр хөөгдөх байдалд орсон ч ээжийнхээ ятгалгаар хичээлдээ шамдаж, 20 насандаа эдийн засагчийн мэргэжлээр их сургуулиа дүүргэжээ. Үүний дараа Бразилын “Jornal do Brasil” өдөр тутмын сонинд сурвалжлагчаар ажиллах болсон ч сэтгүүлзүй түүнд зохисонгүй. Түүний эцэг үе дамжсан бяслагийн худалдаачны гэр бүлээс гаралтай бөгөөд Бразил руу цагаачилсан Швейцарийн иргэн байсан бол ээж нь мөн л Швейцарь гаралтай какаоны бизнес эрхэлдэг гэр бүлд төрж өсчээ. Швейцарь, Бразилын хос иргэншилтэй Леманн Дэвисийн цомын тоглолтод хоёр эх орныхоо аль алийг нь төлөөлөн оролцож байсан аж.

1961 оноос хөрөнгө оруулалтын банк, фирмүүдэд ажиллаж эхэлсэн тэрбээр 1971 онд Рио-де-Жанейрод “Garantia” хэмээх шавилхан брокерын фирмийг 800,000 ам.доллараар худалдан авсан ба туршлагатай ахлах банкирууд бус, харин амжилтад хүрэх асар их хүсэлтэй, тарчигхан залуу бразилчуудыг эгнээндээ нэгтгэн, үндсэн цалин бага ч жилийн цалинг нь хэд нугалсан урамшуулал тэдэнд амлаж байв. Чадварлаг, зоригтой, хөрөнгөжиж нийгмийн дээд түвшин рүү ахих “шуналтай” залуус “Banco Garantia”-ийн босгыг алхаж байсны дотор Леманны хуурай ахан дүүс, насан туршийн хамтрагч түншүүд болсон Карлос Альберто Сикупира, Марсель Херманн Теллес (эдүгээ тэд хоёул тэрбумтан болсон) байсан юм. “Шадар гурван цэрэг” хэмээн нэрлэгддэг тэдний түншлэл арван жилийн дотор тус жижигхэн фирмийг жилд нэг тэрбумаас илүү ашиг олдог, Бразилын “Goldman Sachs” болгож чадсан ч 1998 оны эдийн засгийн хямралын нөлөөгөөр “Credit Suisse First Boston”-д 675 сая ам.доллараар худалдахаас өөр сонголт үлдсэнгүй. Нэгэнт олон улсад хэрэгжиж, практикаар баталгаажсан моделиудыг Бразилын хөрсөнд суулган хуулбарлахад Леманн болон түүний нөхдийн арга барил оршиж байв. “Өрсөлдөөнд давуу тал үүсгэх бүтээлч байдал, үнэ цэнэ өсгөх өөрчлөлт ашигтай хэдий ч аль хэдийнэ амжилттай ажиллаж буй арга барилыг хуулбарлах нь илүү хялбар бөгөөд энгийн арга” хэмээн тэр хэлсэн байдаг.

RELATED STORIES

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат

Азийн казиногийн магнат

29/06/2022

Леманн өртөг, зардал хянах тал дээр хатуу бодлого баримталдаг

Леманн ажилдаа хоцорч ирсэн эхний бөгөөд эцсийн тохиолдол нь 1999 оны гуравдугаар сарын нэгэн өглөө байдаг. Хичээлдээ явж байсан гурван бага хүүхдийг нь Рио-де-Жанейрогийн гудамжинд зэвсэгт этгээдүүд хулгайлахыг завдаж, хуягласан машин руу нь хорин удаа буудаж, жолоочийг нь шархдуулсан байдаг ч Леманн юу ч болоогүй мэт хүүхдүүдээ сургууль руу нь хүргэсний дараа тэр өдөр товлосон хурал зөвлөгөөндөө ердийн маягаар оролцсон юм. Харин хэдэн долоо хоногийн дараа тэрбээр гэр бүлийн хамт Швейцарь руу нүүсэн билээ.

Леманн өртөг, зардал хянах тал дээр улайрсан хатуу бодлого баримталдаг бөгөөд түүний эзэмшдэг компаниудын жилийн төсөв тэгээс эхэлж, зайлшгүй шаардлагатай зардлуудаа тайлбарлаж, зөвшөөрөл авч байж ирэх оны төсвийн төлөвлөгөөнд нэмүүлдэг байна. Түүний худалдаж авсан компанийн менежерүүд хувийн нарийн бичиг, тусдаа ажлын өрөө, онцгой машины зогсоол, томилолтоор явахдаа өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлах зэргийг мартах хэрэгтэй болно. Энэ нь компанид онцын шаардлагагүй ч зуршил болсон зардлуудыг танах хамгийн үр дүнтэй арга юм. “Өртөг гэдэг яг хумстай адил, үргэлж тайрч байх хэрэгтэй” хэмээн түүний хамтрагч Карлос Сикупира байнга хэлдэг. Мөн тэд 20-70-10 хэмээх аргыг хэрэгжүүлдэг бөгөөд энэ нь ажилтнуудын шилдэг 20 хувийг дэвшүүлэн урамшуулах, 70 хувийг хэмжээнд нь барих, хангалтгүй ажиллаж буй арван хувийг чөлөөлөх. Тэд “Brahma” шар айргийн компанийг худалдаж авсан эхний хэдэн жилд ажилчдын талаас илүү хувь нь халагдсан юм. “Нэр хүнд, алдар цуу, брэндийг бүтээх гэж хэдэн арван жил зарцуулдаг ч ганц секундийн дотор алдаж болно” хэмээх үг нь Леманны уриа.

Энэ маягаар үргүй зардлаа багасгаж, өрөө хурдан дардаг Леманн 1982 онд хамтрагчдын хамт Бразилын жижиглэн худалдааны асар том сүлжээ дэлгүүрийг 24 сая ам.доллараар, 1989 онд мөн “Cia Cervejaria Brahma” шар айргийн үйлдвэрийг 50 сая ам.доллараар худалдан авсан ба 1993 онд “GP Investimentos” фирмийг үүсгэн байгуулж компаниуд худалдан авч, буцаан зарж эхэлсэн нь хожим Латин Америкийн хөрөнгө оруулалтын хамгийн том фирм болсон билээ. Тус онд шар айргийн “Antarctica” компанийг худалдан авсан “шадар гурван цэрэг” хоёр компанийг нэгтгэн “AmBev” нэртэй болгосон ба олон улсын зах зээл рүү дайлаар мордохоор “зэвсгээ хурцалж” эхэлсэн байна.

“Шадар гурван цэрэг” 2004 онд “3G Capital” хөрөнгө оруулалтын фирмээ Нью-Йорк хотод байгуулан компаниудад хөрөнгө оруулж эхлэв. Тэрчлэн “AmBev” 2004 оноос эхлэн Бразилын шар айргийн зах зээлийн 65, Аргентины 80 хувийг, мөн Парагвай, Уругвай, Боливи улсын зах зээлд дангаар ноёрхох болсон. Мөн ондоо Бельгийн “Interbrew”-г худалдан авч өөртөө нэгтгэн “InBev” нэртэй болгосон ба 2005 онд хувьцааных нь ханш 40 хувиар өссөн байдаг. 2008 онд “InBev” Америкийн алдарт “Anheuser-Busch” компанийг 52 тэрбум ам.доллараар үнэ цохин авч, “Anheuser-Busch InBev” буюу товчоор “AB InBev” фирмийг байгуулснаар шар айргийн “хаан” цолыг хүртсэн юм. 2014 онд 5.8 тэрбум ам.доллараар Өмнөд Солонгосын “Oriental Brewing Co.”-г өөртөө нэгтгэснээр зах зээлийнх нь 60 хувийг атгандаа оруулав. Мөн “Fujian Sedrin Brewery”-г эзэмшдэг тул Хятадын зах зээлийн 15.6 хувийг эзэлдэг юм. Дэлхийн шар айргийн зах зээлийг эзлэх Леманны дайралт үүгээр зогссонгүй. 2012 онд “Corona” шар айргийг үйлдвэрлэгч Мексикийн “Grupo Modelo”-г 20 тэрбум ам.доллараар өөртөө нэгтгэсэн бөгөөд өрсөлдөгч, Австралийн хамгийн том пивоны компани “Fosters Group”-ийг 2011 онд 13 тэрбум ам.доллар, 2014 онд “Heineken”-ийг авах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн “SABMiller” группийг худалдан авсан билээ. Өнөөдрийн байдлаар “SABMiller” болон “AB InBev” нийлсэн ашгаас харахад тэд дэлхийн шар айргийн зах зээлийн талаас илүү хувийг эзэгнэж байгаа юм.

“3G Capital” фирм залуу, өртөг багатай менежерүүдийг эгнээндээ нэгтгэн, цаашид өсөх замыг нь засаж байна.

Леманн нөхдийн хамтаар 2010 онд түргэн хоолны сүлжээ “Burger King”-ийг 3.3 тэрбумаар худалдаж авсан бөгөөд 2014 онд “Burger King” “Tim Hortons” сүлжээ ресторантай нэгдэв. Леманн 2013 онд дотнын найз, домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетаас кетчупны “Heinz” компанийг 28 тэрбум ам.доллараар худалдан авахын тулд зургаан долоо хоног хэлэлцээ хийжээ. Өнөөдрийн байдлаар 46 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Kraft Heinz” компани 139 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй “Unilever” компанийг худалдан авахыг зорьж байна. Хэрвээ энэ хэлцэл амжилттай болбол хоёр компанийн нийт үнэлгээ 250 тэрбум ам.долларт дөхөж очих юм. “Morgan Stanley” фирмийн шинжээчид шаргуу, түрэмгий Леманн болон түүний нөхөд ямар нэгэн аргаар “Unilever” компанийг худалдан авна хэмээн үзэж байна.

Леманн “Burger King”-ийг худалдаж авахаасаа өмнө хачиртай талхыг нь хэзээ ч амсаж үзээгүй аж. Эхний бургерээ идсэний дараа “Хэтэрхий том юм” хэмээн хэлж байсан тэрбээр өнөөдрийг хүртэл хатаасан жимс, ногоон салатанд үнэнч хэвээр байна. Хувийн эрүүл хооллох зуршлын адил тэрбээр “илүүдэл жинтэй” компаниудад дэглэм тогтоохыг эрмэлздэг. “Heinz” компанийг өөрийн болгосны дараа удирдах албан тушаалтнуудын дөрөвний нэгийг, нийт ажилчдын таван хувийг цомхотгож, долоон үйлдвэрийг хаасан ба менежерүүдийг ажилтнуудтайгаа нэг дор оффист суухыг шаардах болов. Арван хоёр гүйцэтгэх захирлаас нэг нь л ажлаа хадгалан үлдсэн юм. “Burger King”-т ч энэ дүрэм үйлчилдэг. Компанийн ажилтнууд олшруулагч машинаар сард 200 хуудас хэвлэх эрхтэй бөгөөд үүнийгээ нэгээр ч хэтрүүлж болдоггүй. Энэ групп компанийн гүйцэтгэх захирал Бернардо удирдах түвшний ажилтнуудыг өрөөндөө нэг нэгээр нь дуудан оруулж “Та энэ компанид ямар хувь нэмэр оруулсан бэ? Таны бүтээмж борлуулалтын ашгийг нэмсэн үү? Компанийн үйл ажиллагаанд нэмэрлэх саналаа хэлнэ үү” зэрэг асуултуудад 15 минутын дотор хариулахыг шаардсан байдаг бөгөөд хариулж чадаагүй хүмүүс ажлаа алдсан юм. “3G Capital” фирм залуу, өртөг багатай менежерүүдийг эгнээндээ нэгтгэн, цаашид өсөх замыг нь засах дуртай. “Burger King”-ийн гүйцэтгэх захирал Даниел Шварц 2013 онд ажлаа хүлээн авахдаа 32 настай байсан бол санхүү хариуцсан захирал нь 26 настай байв.

Ажил хэргээ удирдах арга ухаанаараа ийнхүү бусад бизнесмэнээс ялгардаг Бразилын тэрбумтан Жорже Пауло Леманныг “Bloomberg” нэгэнтээ домогт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт, алдарт бизнесмэн Сэм Уолтон, зартай теннисчин Рожер Федерерийг нэгтгэсэнтэй адилтган тодорхойлж байсан юм6

А.САНАА

Bat-Ochir

Related Posts

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд
Тэрбумтнууд

Цахим ертөнцөд хамгийн алдартай тэрбумтнууд

29/06/2022
Азийн казиногийн магнат
Тэрбумтнууд

Азийн казиногийн магнат

29/06/2022
Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Туркийн хамгийн чинээлэг 10 эрхэм

28/06/2022
Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал
Тэрбумтнууд

Бяслагаар хөрөнгөжсөн нууцлаг тэрбумтны замнал

27/06/2022
Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд
Тэрбумтнууд

Тэрбумтан Ричард Брэнсоны өөртөө бичсэн захидлууд

27/06/2022
Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Канадын хамгийн чинээлэг 10 эрхэм

21/06/2022
Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид
Тэрбумтнууд

Америкийн хамгийн чинээлэг өв залгамжлагчид

20/06/2022
Тэрбумтны амбиц
Тэрбумтнууд

Тэрбумтны амбиц

20/06/2022
Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм
Тэрбумтнууд

Малайзын хамгийн чинээлэг 10 эрхэм

14/06/2022
Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк
Тэрбумтнууд

Хөгжмийн салбарын хаалтыг эвдсэн Даниел Эк

08/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist