БНСУ-ын нийслэл Сөүл хотын оршин суугчдын тоо эрс буурч буй бөгөөд ирэх арван жилд энэ чиг хандлага үргэлжлэхийг даваа гарагт тус улсын засгийн газраас мэдээлжээ.
Тодруулбал Сөүл хотод оршин суудаг Өмнөд Солонгосын иргэдийн тоо тавдугаар сарын байдлаар 9.49 саяд хүрсэн нь Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамны тайлангаас харагджээ.
Сөүл хотыг удаан хугацаанд 10 сая иргэнтэй хот хэмээн тодорхойлж ирсэн байдаг. 1988 онд тус хотын хүн амын тоо уугуул иргэд болон гадаад иргэдийг оролцуулаад 10 саяын босгыг давж байсан бол 1992 онд хамгийн их буюу 10.97 саяар тоологдож байжээ.
Гэвч 2010 оноос эхлэн нийслэл дэх Солонгосын уугуул иргэдийн тоо тасралтгүй буурсан бөгөөд эргэн нэмэгдэх шинж огт ажиглагдаагүй аж. Улмаар 2016 онд хотын хүн амын тоо 10 саяас буусан бөгөөд 2010 оноос өдийг хүртэлх хугацаанд 800 мянга гаруйгаар багасаад байгааг холбогдох яамны тайлан харуулжээ.
Сөүлийн уугуул солонгос иргэдийн тоо багассаар буйн гол шалтгаан нь оршин суугчид нийслэлийн ойр орчимд шинээр боссон хотууд руу ихээр нүүж байгаатай холбоотой хэмээн засгийн газрын харьяа “Seoul Institute”-ээс үзжээ. Ялангуяа сүүлийн үед Кёнги мужид орон сууцны нийлүүлэлт нэмэгдсэн нь илүү хямд, том талбайтай орон сууц хайж буй оршин суугчдын Сөүлээс гарах урсгалыг бий болгосон гэж мэдэгдсэн байна.
Эсрэгээрээ Кёнги мужийн хүн ам хурдацтай нэмэгдэж байгаа нь дээрх мэдэгдлийг баталж байна. Тавдугаар сарын эцсийн байдлаар Кёнги мужийн хүн ам 13.58 саяд хүрсэн нь Сөүлийн хүн амаас 4 саяар илүү тоо юм.
Өмнөд Солонгосын статистикийн агентлагийн таамагласнаар 2050 онд Сөүл хотын хүн ам боломжтой хамгийн өндөр хувилбараар тооцвол 25 хувиар буурч 7.2 саяд хүрэх бол тус улсын нийт хүн ам 8.6 хувиар бууран 47.3 сая болох ажээ.