Хүнсний хаягдлыг багасгах тал дээр дорвитой арга хэмжээг авах заалт бүхий хуулийн төслийг Испанийн эрх баригчид баталжээ.
Уг хуулийн дагуу хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх компаниуд хаягдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулах ёстой бөгөөд хэрэв биелүүлж чадаагүй бол 60 мянган евро, давтан зөрчвөл 500 мянга хүртэлх еврогийн торгууль төлөх шийтгэл хүлээх аж.
Испани улсын хэмжээнд жил бүр 1300 тонн (нэг хүнд 31 кг) хүнсний хаягдал гардаг бөгөөд засгийн газраас энэ тоог эрс бууруулах зорилт тавин ажиллаж байна.
НҮБ-ын сүүлийн үеийн тайлангаас үзвэл дэлхий дахинд жил бүр 1 тэрбум тонн хүнс хаягдал болдог аж. Энэ тал дээр 54 улсын мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд тэдгээр бүх улс орлогын хэмжээнээс үл хамааран хүнсний хаягдлын томоохон асуудалтай болохыг тогтоожээ.
Испанийн хүнс, хөдөө аж ахуй, загасчлалын сайдын өгүүлснээр ургац хураалтаас эхлээд рестораны ширээ хүртэл хүнсний гинжин хэлхээний бүхий л элементүүдэд дээрх хууль хамаарах юм байна.
Зарим заалтуудаас дурдвал үйлчлүүлэгч дуусгаагүй хоолоо авч явахыг хүссэн үед тухайн хоолны газраас зориулалтын уутаар үнэгүй хангах ёстой аж. Мөн дэлгүүр, ресторанууд хүнсний тусламж үзүүлэх байгууллагуудтай заавал хамтран ажиллаж, хадгалалтын хугацаа нь дуусахаас өмнө хүнсний бүтээгдэхүүнийг хандивлах төлөвлөгөөг гаргана. Харин хүний хэрэглээнд тохиромжгүй болсон бүтээгдэхүүнийг эхлээд амьтны тэжээл, дараа нь био түлш гэх мэт аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглана хэмээн заажээ.