Арваад жилийн өмнө Даниел Эк дуу бичлэгийн компаниуд болон уран бүтээлчдийг өөрсдийн дууг “Spotify” дээр байрлуулахыг ятгаж чадсанаар уналтад ороод байсан хөгжмийн салбарыг дахин амь оруулсан билээ. Өдгөө 4.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон тэрбээр дэлхийн дижитал хөгжмийн салбарыг гартаа оруулах зорилгоор зөвхөн поп оддоор зогсохгүй үлгэр туурвис өгүүлэх, шууд яриа, шинэ төрлийн аудио бүтээгчдийг контентоо өөрийн стрийминг дээр байршуулах боломжийг олгож байна.
Аравдугаар сарын сүүлчийн энэ өдөр үдийн цайны цаг болж байлаа. Уолл Стритийн урд талын 71 давхар дөрөв, Дэлхийн худалдааны төв барилга дахь “Spotify”-ын төв оффисын өнгөлгөөтэй бетонон шалан дээр Даниел Эк алхаж байлаа. Тэр неон өнгөтэй металлаар урласан чихэвч хэлбэртэй гоёмсог баримлууд болон VIP зар сурталчилгааны үйлчлүүлэгчдэд зориулсан тансаг зэрэглэлийн амралтын өрөөнүүд, хамгийн том оддод зориулан тусгайлан барьсан дуу чимээ нэвтрүүлдэггүй подкаст студиудын хажуугаар өнгөрч дараа нь поп-ап концертод зориулсан тайзны гэрэлтүүлэг бүхий том цайны газарт орж ирлээ.
Тэрхүү өрөөнд “Spotify”-ийн ТУЗ-ийн гишүүдийг үдшийн зоог барихаар зассан байх бөгөөд хип каунтри урсгалын Brothers Osborne хамтлаг Экийн хөгжмийн стрийминг үйлчилгээгээр 180 сая удаа цацагдсан өөрсдийн “Stay a Little Longer” нэртэй дуугаараа сюрприз барихаар зогсож байлаа. “Spotify” гуравдугаар улирлын орлогоо мэдүүлээд удаагүй байгаа бөгөөд ямарваа нэгэн ярилцлага бараг л өгөөд байдаггүй, өөрийгөө интроверт инженер хэмээн тодорхойлох Экийн хувьд энэхүү үйл явдал ховорхон тохиолдол болж байна.
Үс сахлаа хуссан, намуухан хоолойтой Швед эр өглөөний таван цагаас хойш санхүүгийн шинжээчидтэй утсаар зөвлөлдөж, ээлж дараалсан олон ярилцлагад оролцож, 200 ажилтан оролцсон бизнесийн уулзалтыг удирджээ. Хар жинсэн өмд, хар илгэн пальто, лакан пүүз өмссөн Эк “Энэ бол бидний хоёр жилийн хугацаанд анх удаа биечлэн хийсэн уулзалт байсан болохоор сонирхолтой байлаа. Маш сайхан, дулаахан уур амьсгалтай байсан. Бүгд л тэврэлдэж, алга ташицгааж байлаа” хэмээв.
Үүнд баярлах олон шалтгаан байлаа. Үдээс өмнөхөн “Spotify” Уолл Стрит, хөгжим, хэвлэл мэдээллийн ертөнцөд юм. Орлого нь 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар өссөн үзүүлэлт билээ. Зар сурталчилгааны борлуулалт нь 75 хувиар өсөж, ойролцоогоор 375 сая ам.доллар болжээ. Идэвхтэй сонсогчдын тоо өмнөх оны мөн үеэс 20 хувиар өсөж, 380 саяд хүрснээс 170 сая хэрэглэгчид нь төлбөр төлдөг ажээ. 2021 оны ихэнх хугацаанд зогсонги байдалтай байсан компанийн хувьцаа 10 хувиар өсөж, таван тэрбум ам.доллараар үнэлгээгээ нэмэгдүүлснээр, “Spotify”-ын зах зээлийн үнэлгээг зунаас хойш анх удаа 50 тэрбум доллараас давахад хүргэлээ.
Арваад жилийн өмнө “Forbes” сэтгүүлийн “30 хүртэлх 30”-ын анхны дугаарын нүүрт зургаа даруулахын тулд Эк дурамжхан костюм нөмрөн зангиа зүүж, зоригоо чангалахаар виски хөдөрч байснаас хойш компани нэлээд хол замыг туулжээ. Тухайн үед буюу 2012 оны нэгдүгээр сард “Spotify” ердөө 500 ажилтантай, 300 сая ам.долларын борлуулалт хийсэн, хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан. Үйлчилгээ нь Америкт орж ирээд ердөө зургаан сарын нүүрийг үзэж байлаа. Харин өнөөдөр Экийн супер стриминг үйлчилгээ дэлхийн 184 оронд тоглогдож, 7400 ажилтантай жилийн 9.7 тэрбум ам.долларын борлуулалттай үйл ажиллагаа явуулж байна. “Spotify” 2018 онд олон нийтэд нээлттэй арилжаалагддаг компани болсон бөгөөд 2012 онд 300 сая ам.доллар байсан Экийн хөрөнгө одоо 4.4 тэрбум доллар болж өсчээ.
“Spotify” олон зуун сая хэрэглэгчийг зохиогчийн эрх зөрчигдсөн хулгайн дуунаас албан ёсны эрхтэй дууг сонсдог болоход нь нөлөөлж чадсан. Даниелийг хөгжмийн салбарыг аварсан гэж хэлэхэд хэлсдэхгүй” гэж “Facebook”-ийн анхны ерөнхийлөгч, хөгжмийн бизнесийн “Хар сахалт” гэж нэрлэгддэг байсан “Napster”-ийн хамтран үүсгэн байгуулагч, “Spotify-ын хөрөнгө оруулагч Шон Паркер хэлэв.
“ДАНИЕЛИЙГ ХӨГЖМИЙН САЛБАРЫГ АВАРСАН ГЭЖ ХЭЛЭХЭД ХЭЛСДЭХГҮЙ”
Дуу бичлэгийн компаниудад мэдээж ашигтай байгаа. 2011 онд “Spotify” АНУ-ын зах зээлд анхлан орж ирэхэд стриминг 600 сая ам.долларын бизнес байсан нь олон улсын дуу бичлэгийн салбарын жилийн орлогын дөрвөн хувийг эзэлж байв. 2020 онд стриминг үйлчилгээ 13.4 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь тус салбарын орлогын 62 хувийг эзэлж буй юм. Өнгөрсөн жил “Spotify” таван тэрбум ам.долларыг албан ёсны эрх эзэмшигчид, тэр дундаа томоохон дуу бичлэгийн компаниудад төлсөн бөгөөд үүнээс ойролцоогоор 500 сая ам.долларыг дуу бичлэгийн уран бүтээлчдэд шилжүүлсэн байна. “Үнэнээр нь л хэлье. “Spotify”- ийн соёлын болон мөнгөний нөлөө хэзээ ч ийм том болно гэж би төсөөлөөгүй” гэж Эк хэлсэн юм.
Одоо тэр илүү том руу тэмүүлж байна. Бусад акул нь медиа хэрэглэгчдийн төлөө өрсөлдөнө биз. “Spotify” дэлхийн хэмжээний хөгжмийн салбарын араас хөөцөлдөж байна. “Хүн болгон л аудиог дутуу үнэлдэг. Гэвч энэ олон зуун тэрбум ам.долларын салбар байх ёстой. Аудио бол бидний ялах ёстой ялалт” хэмээн Эк итгэлтэй хэлсэн билээ.
Аудио ертөнцийн ихэнх хэсэг гайхмаар нь хуваагдмал аналог байдалтай хэвээр байна. 135 жилийн түүхт радио технологи Кит Ричардсаас илүү уян хатан гэдгээ баталж харууллаа шүү дээ.
“WARC” зар сурталчилгааны судалгааны фирмийн мэдээлснээр хуучны систем өдөрт ойролцоогоор гурван тэрбум хүнд хүрснээр жил бүрийн зар сурталчилгааны орлого 30 тэрбум ам.доллараас давж байна. “АНУ-д л гэхэд бүх аудио зар сурталчилгааны зардлын гуравны хоёр нь хоцрогдож буй радиод зарцуулагддаг. Энэ бол онлайн руу шилжих ёстой асар их орлогын дүн юм” гэж тэр хэлэв.
Тэрбээр “Spotify”-г зөвхөн хөгжим төдийгүй мэдээ, домог түүх ярих, шууд яриа, аудио ном болон боловсрол гээд бүхий л төрлийн дижитал дуу авианы цуглуулга болгон хувиргаж байна. Тэр аудио бүтээгчдэд шинэ хөгжим бүхий цоо шинэ ангиллыг бүтээх боломжийг олгох хэрэгслүүдээр хангахыг хүсэж байна. Эдгээрийг “Spotify”-ын хиймэл оюун ухаанаар ажилладаг алгоритмуудаар дамжуулан сонсогч бүрд биечлэн тохируулсан аудио дамжуулалт хүргэх болно. “TikTok”, “YouTube”, “Instagram” зураг, видео бичлэгийн талаар хийж болох бүхий л зүйлийг хийсэн бол Эк дуун дээр энэ бүхнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
“Бидний гарт хэрэглэхэд хялбар камер байгаа нь видео үйлдвэрлэл хэдхэн хүнд зориулагдсан байсныг олонхын хошууран сонирхох болсон зүйл болоход хүргэсэн. Аудио ч мөн адил тийм байх ёстой. Сая сая хүнд зориулсан аудио бүтээл, интерактивийг хөгжүүлэх боломжтой байх нь чухал юм” гэж “Bond” венчур фирмийн үүсгэн байгуулагч, нөлөө бүхий “Интернэтийн чиг хандлага” тайланг олон жил бичсэн Мэри Микер хэлэв.
Шведээс гаралтай “Spotify” 2011 онд Америкийн зах зээлд гарч ирэхэд хөгжмийн салбар эмх замбараагүй байлаа. Дижитал хөгжим рүү хожуу шилжиж “Napster” зэрэг хулгайн болон файл хуваалцах сайтын нөлөөнд автсан дуу бичлэгийн бизнес 1990-ээд оны сүүлчээр компакт дискүүд ноёрхох болсноор оргилоосоо буусан юм. 2011 онд хөгжмийн бичлэгийн орлого 15 тэрбум ам.доллар орчим байсан нь 10 жилийн өмнөх 24 тэрбум ам.долларын борлуулалтаас 40 хувиар бага байна.
“ҮНЭНЭЭР НЬ Л ХЭЛЬЕ. SPOTIFY-ИЙН СОЁЛЫН БОЛОН МӨНГӨНИЙ НӨЛӨӨГ ХЭЗЭЭ Ч ИЙМ ТОМ БОЛНО ГЭЖ БИ ТӨСӨӨЛӨӨГҮЙ”
Стокгольмын бүдүүлэг Рагсвед дүүрэгт өссөн тэрбээр хөгжим, код бичих төрөлхийн авьяастай байжээ. Ахлах сургуульд байхдаа тэр дүүргийнхээ бизнесүүдэд зориулж вэбсайт бүтээж, дижитал сурталчилгааны компани байгуулахын тулд коллежоо орхисон бөгөөд дараа нь үүнийгээ онлайн маркетингийн “Tradedoubler” компанид нэг сая гаруй ам.доллараар заржээ. Дөнгөж 22 настайдаа Эк “Ferrari” машин авч, алдартай клубуудэд согтууруулах ундааг лонхоор нь захиалдаг байсан ч рок оддын амьдрал түүний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлсөн. Тэрбээр дижитал хөгжим дээр ажиллахад анхаарлаа төвлөрүүлэхийн тулд алслагдсан газрын жижиг байшинд амьдрах болжээ. 2006 онд “Tradedoubler”-ийн үүсгэн байгуулагч, одоо “Spotify”-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж буй 58 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Мартин Лоренцонтой хамтран ажилласнаар стрийминг үйлчилгээнийхээ эхний үеийг даван туулжээ. Тэд “iTunes”-ийн амар хялбар байдал, “Google”-ийн хурд, “Facebook”-ийн хуваалцах сонголт, “Napster”-ийн асар том хөгжмийн санг нэгтгэн хууль ёсны дагуу ашиглах боломжтой зар сурталчилгаанд суурилсан хөгжмийн сайтыг бүтээхээр зорьсон.
Техникийн болон гэрээний асуудлыг шийдвэрлэх нь гол шалгуур байлаа. Экт ширээний компьютер болон өсөн нэмэгдэж буй ухаалаг гар утасны зах зээл дээр ямарваа нэгэн саадгүй ажиллах боломжтой загварчлал ихээр таалагдаж байлаа. Түүний инженерүүд биет серверүүд, үүлэн тооцоолол, peer-to-peer файл хуваалцах аргыг ашиглан ухаалаг түгээлтийн системийг бүтээсэн бөгөөд энэ нь сая сая хүмүүст хэдэн арван сая дууны санд нэгэн зэрэг нэвтрэх боломжийг олгосон.
Өмгөөлөгчид үнэн мөнөнийг тогтооход идэвхтэй ажилласан. Интернэтэд суурилсан хулгайн гэмт хэрэг олон жил үргэлжилсэн нь дуу бичлэгийн компаниуд зар сурталчилгаанд суурилсан үнэ төлбөргүй үйлчилгээнээс татгалзахаас аргагүй байдалд хүрэв. “Spotify” Европт дебютээ хийсний дараа Эк АНУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай эрхээ авахын тулд гурван жил гаруйн хугацаанд хэлэлцээ хийсэн бөгөөд “Даниел компанийг сүйрүүлж болох муу гэрээнд гарын үсэг зурвал Америкийн зах зээлд хамаагүй эрт орж болох байсан. Тэр компанийн давуу талыг ашиглахыг оролдож буй дуу бичлэгийн компаниуд, уран бүтээлчдийг дахин эсэргүүцэх зоригтой байсан” хэмээн Паркер өгүүлсэн юм.
Энэхүү хүсэл зориг нь “Spotify”-г анхны хөрөнгө оруулагчид болон хөгжмийн салбарын компаниудын аль алиных нь хувьд хувьцаа нь түүхэн дээд цэгтээ хүрч арилжаалагддаг мөнгөний уурхай болгох болно. “Warner Music Group” сүүлийн 12 сарын хугацаанд 50 хувиар өсөж, зах зээлийн үнэлгээ нь 20 тэрбум ам.доллар болжээ. Медиа салбарын томоохон компани болох “Vivendi”-ээс өрх тусгаарласан “Universal” компани ойролцоогоор 50 тэрбум ам.долларын үнэлгээтэй байна.
Хамгийн гайхширмаар нь “Apple”, “Alphabet”, “Amazon” зэрэг их наяд ам.долларын аварга компани өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнээ зах зээлд гаргасан ч “Spotify” уралдаанд манлайлсан юм. “Apple”-ийн томоохон эргэн ирэлт нь [2000-аад оны эхэн үед] “iPod” дээр төвлөрч байсан бөгөөд тэд бүх брэндээ хөгжимд тулгуурлан бүтээсэн. Цөөн хүн л “Spotify”-г олон тэрбум “iPhone” болон “Mac” компьютер дээр суулгасан “iTunes”-ийн хамтаар тэсэж үлдэнэ гэж бодсон” талаар Паркер ярив. Мэдээжийн хэрэг “Apple” 2020 онд 70 сая бүртгэлтэй (“YouTube Music” 50 сая орчим, “Amazon Music” 55 сая) хэрэглэгчтэйгээрээ тус орон зайд хүчирхэг тоглогч хэвээр байна. Гэхдээ том гурав “Spotify”- ын 170 сая төлбөр төлдөг үйлчлүүлэгчдийн хаана нь ч хүрэхгүй. Мөн “Apple” болон “Amazon” зар сурталчилгаанд суурилсан үнэгүй сонголтыг санал болгодоггүй. Харин “Spotify” үүнийг бий болгосноор нэмэлтээр 220 сая хэрэглэгчийг татдаг юм. “Өмнө нь зар сурталчилгаагаар дэмжигддэг хөгжим нь зүгээр л бүртгүүлэхэд хүргэх нэгэн арга байсан. Одоо бол энэ нь өөрөө том бизнес болж хөгжчихсөн бөгөөд “Spotify”-д ямар ч өрсөлдөгч байхгүй” гэж “LightShed Partners” хэвлэл мэдээллийн судалгааны газрын хамтрагч Ричард Гринфилд хэлэв.
Хэрэглэхэд хялбар, хаана ч тоглуулах боломжтой бүтээгдэхүүн, хуваалцаж болох хөгжмийн сонголтууд (одоогийн байдлаар дөрвөн тэрбум орчим бий) болон үйлчлүүлэгчид төлбөр төлөхөөс өмнө санал болгодог үнэгүй хувилбар санал болгосныхоо ачаар компани амжилт гаргасан. Сонсогчид дууны сан байгуулсныхаа дараа өөр үйлчилгээ рүү шилжих сэдэл бага байсан. Хэт төвлөрөл, тодорхой даалгавар ч тусалсан. “Аудио чиглэлийн шилдгүүд л “Spotify”-д нэгддэг, учир нь бид үүнийг хийхдээ хамгийн сайн нь шүү дээ. “Apple”-д хөгжим бол 27 дугаар чухал чиглэл. Хэрэв та өөрөө жолоодлоготой машин бүтээмээр байгаа бол манайхыг зүглээд хэрэггүй шүү” гэж Эк хэлсэн юм.
Хэдийгээр “Spotify” хөгжмийн шинэ төв болсон ч хувьцаа нь удаашралтай байна. Сүүлийн 12 сарын хугацаанд хувьцааны ханш дөрвөн хувиар өссөн бөгөөд “S&P 500” болон “Nasdaq” бирж дээр эрс доогуур гүйцэтгэлтэй байна. Хөрөнгө оруулагчид компанийн CD шиг нимгэн маржин болон хөшүүргийг томоохон дуу бичлэгийн компаниуд эзэмшдэгт дургүй байдаг. “Spotify” дамжуулж буй хөгжмийн эрхийг өөрсдөө эзэмшдэггүй тул орлого болж орж ирсэн ам.доллар тутмын 70 хувь нь эрх эзэмшигчид рүү (гэрээнээс хамааран уран бүтээлчдэд цалин олгодог) очдог. “Spotify” хэзээ ч жилийн ашгаа өсгөж байсангүй. Өнгөрсөн онд л гэхэд алдагдал нь гурав дахин нэмэгдэж, 713 сая ам.доллар болсон. “Би мөнгөн гүйлгээнд анхаарлаа хандуулдаг. Энэ нь хамаагүй эерэг талтай, бид хөрөнгө оруулагчдын санхүүжилттэй хамааралгүй. Бид хөрөнгө оруулалт хийсээр байгаа учраас одоохондоо ашиг олоогүй байна. Хонгилын үзүүрт маш том гэрэл харагдаж байгаа учраас бид үргэлжлүүлэн өсөж хөгжих бодолтой байна” гэж Эк мөрөө хавчин хэлсэн юм. Тэрхүү гэрэлд хүрэхийн тулд тэрбээр подкаст дээр маш их бооцоо тавьж байна.
Санамсаргүй амжилт нь “Spotify”-ийн подкастын гайхалтай оргилын оч байсан гэхэд болно. 2017 онд Эк компанийн шилдэг зах зээлүүдийн нэг болох Германаас нэгэн хачирхалтай зүйлийг анзаарчээ. Дуу тоглуулах тоог нэмэгдүүлэхийн тулд дуу бичлэгийн компаниуд аудио ном байршуулж эхэлсэн байна. “Spotify” анх 30 минутын номын бүлгүүдэд бус гурван минутын дуунд зориулагдсан байв. Хэрэглэгчийн туршлага нь аймшигтай байсан. Дууг хурдан гүйлгэх, дахин эхлүүлэхэд төвөгтэй байсны дээр бүлгүүд эмх цэгцгүй дотроо холилдож явдаг байсан. Гэсэн хэдий ч зарим ном нь хамгийн сүүлийн үеийн поп хит дуунуудын чартуудыг эвдсэн. “Энэ бидэнд хөгжмөөс өөр зүйл хийх боломжтойг харуулсан даа” гэж Эк хэлэв.
“Apple”-ийн удаан хугацаанд ноёрхож байсан подкастууд ганхахад бэлэн болсон байлаа “Заавал татаж авах шаардлагатай хэвээр байсан. Зар сурталчилгаа, шинээр суваг олох зэрэг нь төвөгтэй. Та машиндаа эсвэл ухаалаг чанга яригч дээрээ шууд подкаст тоглуулах боломжгүй байсан шүү дээ. Бид хөгжимд зориулж бүтээсэн бүх зүйлээ подкаст руу тохируулж болно гэдгийг ойлгосон юм” хэмээн Эк ярьлаа.
Тэрхүү сегмент нь жижгээс эхэлсэн тул анхнаасаа бүтэл муутай байсан. Олонх “Spotify”- ийг хөгжмийн компани гэж хардаг байлаа. Гэсэн ч Эк томорч чадсан юм. “Би багийнхандаа нэг тэрбум ам.долларыг подкаст хийхэд зориулж байгаа шүү гэдгээ хэлэхэд тэд надад зах зээл бүхэлдээ нэг тэрбумд хүрэх үнэ цэнтэй биш гэж хэлсэн. Харин би тийм болох болно оо гэж хариулсан юм даа” гээд инээв. “Энэ тоо биднийг айлгахад хангалттай хэмжээний ач холбогдолтой байсан нь л чухал юм. Би бүхэл бүтэн компаниа бооцоонд тавиагүй ч хүн бүр, тэр дундаа бид өөрсдөө үүнийг нухацтай авч үзэх нь хангалттай утга учиртай байсан”.
Технологи талдаа идэвхтэй бизнес болох “Spotify” контент руугаа хамгийн анхаарал хандуулах болов. Эк 2000-аад оны эхээр “UPN” болон “CW” сувгуудыг удирдаж байгаад хожим нь “Condé Nast Entertainment”-д олон тооны шоу нэвтрүүлгийг нэгтгэн тэдгээрээс мөнгө олох зар сурталчилгааны машин бүтээж чадсан телевизийн салбарын арвин их туршлагатай Дон Остроффын эгнээндээ нэгтгэсэн. 2019 онд “Spotify” нэр хүндтэй подкаст суваг болох “Gimlet Media”-д 194 сая ам.доллар, бодит гэмт хэргийн студи “Parcast”-д 55 сая ам.доллар, Билл Симмонсын спорт, соёлын суваг болох “Ringer”-т тус тус 190 сая ам.доллар төлжээ.
Хэрэгслийн хувьд “Spotify” шоу хийхэд шаардагдах программ хангамж үйлдвэрлэдэг “Anchor”-ыг 154 сая ам.доллараар, зар сурталчилгааны сувагт зориулж “Megaphone”-ыг худалдаж авахад 236 сая ам.доллар зарцуулжээ.
2021 онд “Spotify” Алекс Куперийн “Call Her Daddy”-ийг 60 сая ам.доллараар, “The Joe Rogan Experience” шоуг 100 сая ам.доллараар эзэмших лицензийн гэрээнд гарын үсэг зурснаар багагүй шуугиан тарьсан. (Spotify гэрээнд заагдсан үнийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан болно.) Дараа нь Барак болон Мишель Обама, ханхүү Харри болон Меган Маркл, Ким Кардашиан, кино найруулагч Ава ДуВернай зэрэг “А” зэрэглэлийн тоглогчтой хамтран ажиллав. Үүнийг Острофф тайлбарлахдаа “Олон шатлалтай стратеги байсан. Бид аль болох олон подкастын каталогийг бий болгож, алдартай подкаст оддыг татан өөрсдийн ур чадвараа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгч чадах шилдэг авьяастнуудын араас хөөцөлдөх ёстой байсан” гэв.
Хоёрдугаар сард “Spotify” сурталчилгааны сувгаа эхлүүлж брэндүүдийг гурван сая гаруй шоуныхаа сонсогчдод зорилтот зар сурталчилгаа явуулах боломжийг олгосон. “Apple” мэдээлэл хуваалцахдаа харам ханддаг бол “Spotify” үүний эсрэг ажиллаж байгаа бөгөөд брэндүүд болон контент бүтээгчдийн кампанит ажлын үр нөлөөг хэмжиж, үзэгчдэд тодорхой мэдээлэл өгөхөд туслах аналитик хэрэгслүүдийн багцаар хангаж байна.
Подкастчид ч үүнд дуртай. Билл Симмонс хэлэхдээ “Үндэсний Коллежийн хөнгөн атлетикийн холбооноос гаргасан оюутан тамирчид өөрсдийн нэр, дүр төрх, харагдах байдлыг ашиглахгүй байхыг заасан шийдвэрийг мөрдөхийн тулд [Spotify-аас өмнө] бид Үнэт цаас, Биржийн комиссийнхонтой өрсөлдөхийг хичээж буй биеэ даасан их сургууль шиг л байсан. Одоо бид өмнөхөөсөө хоёр дахин олон шоу хийж байгаа бөгөөд чанар, олон талт байдалтай нь ярилтгүй үнэхээр гайхалтай.”
“Spotify”-ийн мэдээллийн сан хүчирхэг давуу тал нь юм. “Энэ нь бидэнд итгэхийн аргагүй ойлголт, давуу талыг олгодог. Бидний юу хийх ёстойг, юуг буруу хийж байгааг харуулдаг” гэж Симмонс хэлэв. Симмонсын уран зөгнөлт- хөлбөмбөгийн подкаст эхэндээ тааруухан гүйцэтгэлтэй байх үед өрсөлдөгчид нь “NFL”-ийн улирал эхлэхээс өмнөхөн ангиудаа цацсанаар хүчтэй дагагчдыг татсан болохыг олж мэдсэн байна. Симмонс хөтөлбөрөө өмнө нь гаргаснаар сонсогчдынх нь тоо өссөн аж. “Gimlet Media”-ийн босс Лидия Полгрин “Gimlet”-ийн өндөр чанар бүхий брэндийг ашиглан үзэгчдийн дуртай шуугиан дэгдээсэн драмаг оролцуулсан жинхэнэ гэмт хэргийн хөтөлбөрүүдийг боловсруулсан аж. (Video аваргууд Netflix болон Amazon Prime олон ангит кино, киноны ирээдүйтэй үйл явдал, оддыг олохын тулд удаан хугацааны туршид мэдээлэл цуглуулсан.)
Дараагийнх юу вэ гэж үү? Контент бүтээгчид фэнүүдтэйгээ илүү сайн харилцаа тогтоож, мөнгө олох шинэ орлогын загварууд. “Spotify”-ийн үнэгүй болон төлбөртэй сонголтууд хэвээр байх боловч Эк онцгой контент, эрт хандалт, интерактив туршлагыг ашиглах боломжийг олгох нэмэлт сонголтуудыг оруулж байгаа аж. Үндсэн санаа нь “Patreon” эсвэл “Only Fans” гэх мэт гишүүнчлэлийн сайтаас нэг их ялгаатай биш боловч энэ нь тусгайлан аудио хэлбэрээр хийгдэх юм. “Shopify”-тай хийсэн саяхны гэрээ нь уран бүтээлчдэд “Spotify” хуудсан дээрээ тасалбар болон бараа зарах боломжийг олгох юм байна. Загвараас үл хамааран “Spotify” борлуулалтаас тодорхой ашиг хүртэх бөгөөд ингэснээр шинэ орлогын урсгалыг дуу бичлэгийн компани болон нийтлэгчидтэй хуваалцах шаардлагагүй болох юм.
“НАДАД СТИВ ЖОБС ШИГ ИРЭЭДҮЙН ТАЛААР ТОДОРХОЙ ТӨСӨӨЛӨЛ АЛГА. ГЭХДЭЭ НАДАД ЧИГЛЭЛ БИЙ. ХЭРЭВ БИД ХАНГАЛТТАЙ ХУРДАН ХӨДӨЛЖ ЧАДВАЛ ЭЦЭСТ НЬ ЗОРЬСОН ГАЗАРТАА ХҮРНЭ ГЭДГИЙГ БИ МЭДЭЖ БАЙНА”
Spotify”-ийн подкастад зөв хөл тавьж чадсанаар Эк бусад формат руу шилжиж эхлэсэн. Арваннэгдүгээр сард тэрбээр “Amazon”-ийн эзэмшдэг зах зээлдээ тэргүүлэгч “Audible”-тэй өрсөлдөхийн тулд “Findaway” аудио номын сүлжээг худалдаж авснаас гадна видео подкастуудыг гаргаж байна.
Өнгөрсөн зун “Spotify” цар тахлын үеэр гэнэт хит болсон лайв ярианы аппликэйшн болох “Clubhouse”-т хариулт болгон өөрсдийн лайв контентын бүтээгдэхүүн болох “Greenroom”-ээ гаргасан. Билл Симмонс эхлээд Экийг моод хөөж байна гэж бодсон ч “Даниел ухаалаг алхам хийсэн. Тэр бид аудиогоороо хамгийн шилдэг нь. Энэ нь ямар нэг том зүйл болж ч болно, болохгүй ч байж болно. Гэхдээ бид үүний хамгийн сайн хувилбарыг нь гаргаж, үр дүнтэй эсэхийг нь харах ёстой” хэмээсэн юм. Эк бол тогтсон мастер төлөвлөгөөтэй технологийн алсын хараатай гэхээсээ илүү сайжруулалтыг сайжруулагч юм. Тэрбээр микрофоноор дүүрэн подкаст студидээ зогсоод “Надад Стив Жобс шиг ирээдүйн талаар тодорхой төсөөлөл алга. Гэхдээ надад чиглэл бий. Хэрэв бид хангалттай хурдан хөдөлж чадвал эцэст нь зорьсон газартаа хүрнэ гэдгийг би мэдэж байна” гэж хэлсэн билээ.