Улаанбаатарын аль ч супермаркетын лангуун дээр өрөөтэй бараа, бүтээгдэхүүний 15-20 орчим хувийг “Nano International” импортлон оруулж ирдэг. Тус группийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Болдын Бүжинлхам гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө болон онлайн худалдааны бизнесүүдээ эрхлэхээс гадна, дөрвөн хүүхэд өсгөж, мөн усан сэлэлтийн улсын аваргын тэмцээнд оролцож байна.
Хатагтай Б.Бүжинлхам Монгол Улсын их сургууль, Санхүү эдийн засгийн их сургуулиудад зэрэг суралцан, физик болон менежментийн хос мэргэжил эзэмшсэн байна. Түүний аав мөн эмээ нь мөн л физикийн анги дүүргэсэн ба “Шинжлэх ухаан болон инженерийн суурь мэдлэгтэй хүн логиктой сэтгэж, аливааг том зургаар харах чадвартай болдог” хэмээн зөвлөснөөр охид бүрийн сонгодоггүй мэргэжлийн эзэн болсон аж. Импортын бизнес эрхэлдэг “Nano international” компанийг 15 жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд “Unilever”, “PepsiCo”, “L’Oréal”, “Perfetti Van Melle” зэрэг дэлхийд алдартай, нэр хүндтэй 20 орчим компанийн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлж, худалдааны бизнес хийж байна.
Харин “Nano Fashion” хувцасны жижиглэн худалдааны компани нь “Mango”, “Tally Weijl, “Pandora” зэрэг брэндүүдийг албан ёсны эрхтэй худалдаалж байв. Том талбайтай бэлэн хувцасны дэлгүүрүүд ажиллуулж байсан нь цар тахлын үеэр хаалгаа барихад хүрчээ. Тиймээс уг бизнесийг эрхлэхэд олон сүлжээ дэлгүүртэй компани тохиромжтой гэж үзээд “Mango”, “Tally Weijl” брэндийг худалдаж, онлайн худалдааны бизнест хүч үзэх зорилт тавьсан байна. Өнөө цагт цахим худалдаа дэлхий даяар хүчээ авч, хойд хөрш ОХУ-д анхны эмэгтэй тэрбумтныг төрүүлснийг “Forbes” зарласан билээ. “Balenciaga”, “Gucci”, “Moncler”, “Armani” гэх мэт тансаг зэрэглэлийн брэндийн бараа, бүтээгдэхүүнийг цахимаар худалдаалдаг “Stylee.mn” сайтад ихээхэн найдлага тавьж байгаагаа тэрбээр бидэнд хэлсэн юм. Мөн тус группийн дараагийн технологийн салбарт нэвтрүүлж буй бүтээгдэхүүн болох “Oly.mn” нь Монголын үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн төв цэг болох зорилготой аж. Үл хөдлөхийн салбарт олон мянган бизнес эрхлэгчид хүч үзэж байгаа ч дата, мэдээллийн арвин баазтай нэгдсэн цахим платформын үгүйлэгдэж буй орон зайг дүүргэхээр ажиллаж байна.
Амжилттай бизнес үүсгэн байгуулж, хөл дээр нь босгон, мөн хажуугаар нь хоёр хүүхэд төрүүлэн өсгөж байсан Б.Бүжинлхам 2013 онд Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, нано технологи, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар гэр бүлийн хамт хилийн дээс давжээ. Хоёр жилийн дараа эх орондоо эргэн ирээд компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, олон салбарт хөл тавихаар сэтгэл шулуудсан байна. Австралид амьдарч байхдаа үл хөдлөх хөрөнгийн зах зээл эдийн засагт хичнээн их орон зай эзлэдгийг анзаарснаар “Монгол одоо хөгжиж буй ч, нэг л өдөр өндөр хөгжилтэй орон болох болно. Тэр үед үл хөдлөхийн бизнес үнэд орох юм байна” гэдгийг ухаарсан байна. Б.Бүжинлхамын хувьд өмнө нь үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байсан туршлагагүй тул дэлхийн хамгийн олон оронд салбартай үл хөдлөх хөрөнгийн сүлжээ компани болох “Re/Max”-ийн нөү-хауг нь эзэмших нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Түүний компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх “Re/Max” брэндийг ашиглах, үйл ажиллагаа эрхлэх бүх эрхийг олгодог мастер франчайзыг эзэмшдэг.
Өнөөдөр 67 салбар, 1,200 гаруй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агенттай болсон “Re/ Max” 2021 онд 974 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт хийсэн бол 2022 онд 100 салбартай болохоор төлөвлөж байгаа аж. Түүний үзэж буйгаар Монголын бизнесийн хөгжлийн замнал дөнгөж үүсэж байгаа, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбар харьцангуй нялх учир тэлэх орон зай хангалттай бий ажээ.
Орон сууц худалдан авч буй хоёр хүн тутмын нэг нь анхлан худалдан авагч байдаг тул сэтгэл хөдлөл дээр суурилсан, бодлогогүй сонголт хийх нь элбэг. Өөрийн хүрээллийн хүмүүсээр дамжуулан орон сууц авснаар нөхцөл, боломждоо таарсан илүү олон сонголтыг алдах, зах зээлийн үнээс өндөр үнэ төлөх зэрэг эрсдэл үүрдэг байна. Үл хөдлөх хөрөнгө борлуулах, худалдан авахдаа зуучлагчаар дамжуулахын гол давуу тал нь буруу алхам хийхээс сэргийлдэг гэж Б.Бүжинлхам хэлэв. “Re/Max дата баазад 150 орчим мянган үл хөдлөх хөрөнгийн нарийвчилсан мэдээлэл байгаа нь худалдан авагчид маш өргөн цар хүрээнд харьцуулалт хийх боломж олгож байгаа юм. Жишээлбэл, сонирхож байгаа орон сууцандаа хэдэн өрөө байраа хэзээ, ямар үнээр борлогдсоныг, жилийн дотор хэдэн хувь өссөн ба цаашид хэр өсөх магадлалтай зэргээр датан дээр суурилсан шийдвэр гаргана гэсэн үг” гэлээ
Цар тахлын үеэр Улаанбаатар даяар хөл хорио тогтоосон нь бүх л бизнес эрхлэгчдэд бэрхшээл авчирсан ч харьцангуй богино хугацаанд хөшүүргээ олсон хэмээн хатагтай Б.Бүжинлхам өгүүлэв. Өмнө нь хэн ч ийм нөхцөл байдалтай нүүр тулж үзээгүй учир самгардах зүйлс гарсан ч ямартаа ч энэ цаг үеийг сурч, хөгжих боломж гэж үзэн, онлайн сургалтуудад ажилтнуудаа хамруулсан байна. Халдварын оргил үеэр ажилтнуудын 20-30% тогтмол өвдөж, тогтмол хүний нөөцийн дутагдалтай ажиллаж байжээ. Мөн үйл ажиллагааны стратегиэ өөрчлөн, довтлох арга барил руу шилжиж, онлайн бизнесээ тэлэхийг зорьжээ. Ажилтнуудаа хоёр баг болгон хувааж, ажил-гэрээс нь зөрүүлэн ажиллуулснаар халдвар тархах эрсдлийг бууруулж, аль нэг баг өвдсөн ч нөгөө баг ажиллах боломжтой байдлаар хуваарилжээ. Мөн дэлгүүрүүдээс захиалга авдаг худалдааны төлөөлөгчдийг оффис дээр цагаа бүртгүүлэх шаардлагагүйгээр шууд ажлаа эхлүүлдэг болгосноор өдөр тутам замын түгжрэлд үрэгддэг хоёр цагийг хэмнэж чадсан байна. Эдгээр алхмууд нь эерэг үзүүлэлт авчирсан төдийгүй бүтээмж багатай ажилтнууд байгааг ч анзаарах боломж олгосон гэж Б.Бүжинлхам хэллээ. “Манай хүний нөөц цар тахлын өмнөхтэй ижил хэвээр байгаа ч бүтээмж 30 орчим хувиар нэмэгдээд байна. Өмнө нь үр дүнгүй зардлууд гарган, хэтэрхий хөөсөрч ажилладаг байснаа ухаарсан. Борлуулалт нэмэгдэхийн хэрээр ажилтны тоог нэмэх гэж яарахаас илүү ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалин, нийгмийн хангамжийг нэмэх зэрэг байдлаар бүтээмжээ нэмж, ухаалаг ажиллах боломжтой”.
“COVID-19” вирусын халдвар илэрснээс болж урд хөрш хилээ хааснаар манайд маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд хомсдож, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсон. Харин “Nano International”-ийн нийт бүтээгдэхүүний 80-85 хувь нь хойд хилээр орж ирдэг учир энэ үеэр харьцангуй бага бэрхшээл үүссэнээр барахгүй, давуу тал үүссэн байна. Дэлхий даяар эрэлт нийлүүлэлтийн гинжин дээр үнэ тогтож байдаг. Барилгын материал, бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн бөгөөд, логистикийн хямралаас болоод өндөр үнээр авъя гэсэн ч олдохгүй байх нь элбэг. Улаанбаатарт жилд 10-15 мянга орчим шинэ орон сууц баригддаг байсан бол цар тахлын нөлөөнөөс болж нийлүүлэлт 40 хувиар буурсан. Харин эрэлт хэвээрээ байгаа тул өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн үнэ дунджаар 10-12 хувиар өссөн бол залуу гэр бүлүүдийн дунд хамгийн өндөр эрэлттэй байдаг 40-60 мкв хоёр өрөө орон сууцны үнэ мөн 25-30 хувиар нэмэгдсэн бөгөөд ирэх 2-3 жилд буурах шинжгүй байгаа гэлээ. Учир нь барилгын материал, тээвэр хүргэлтийн бүтцэд гарсан бэрхшээлүүд ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломжгүй юм. Гэвч энэ бүхэн зөвхөн Монгол Улсад бус, дэлхийн бүх оронд тулгараад буй асуудал гэдгийг Б.Бүжинлхам онцоллоо.
Үл хөдлөхийн зах зээлд орж ажилласнаас хойш хүний амьдралын мөчлөгийг судлах болсон тул цаашид бүтээн байгуулалтын мега төслүүд хэрэгжүүлэх хүсэлтэй болсон хэмээн тэрбээр өгүүлэв. Дөнгөж амьдралд хөлд тавьсан 20-30 настнууд хуримтлуулсан мөнгөгүйн улмаас түрээсийн байранд амьдарч байгаад жижигхэн байр авч, яваандаа нас нэмж, гэр бүл зохиож, орлого карьер нь өсөхөөр байраа томруулдаг. Тиймээс түрээсийн болон нэг өрөө байрны эрэлт хамгийн өндөр ч нийлүүлэлт нь бага байдаг нь Б.Бүжинлхамд дэд бүтцийн хэрэгцээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангадаг, залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны ногоон хотхон байгуулах санаа төрсөн бөгөөд одоогийн байдлаар судалгааны ажлаа эхлүүлсэн аж. Яг ийм ийм хотхоныг одоо байгаа технологиор бүтээвэл өртөг нь өсөж, эцсийн бүтээгдэхүүн нь ч дагаад өсөх хандлагатай байгаа юм. Гэвч цаашид сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи хямдарна. Мөн улс орнууд ч байгаль орчинд ээлтэй, ногоон төслүүдийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгодог байна. Харин “Nano International” группийг ирэх 5-10 жилд олон нийтэд нээлттэй компани болгох том зорилт тавьж байгаа гэлээ.
Бага насны дөрвөн хүүхэд өсгөн, хүмүүжүүлэхийн зэрэгцээ гурван бизнес эрхэлж, мөн усанд сэлэлтийн спортоор хичээллэдэг тэрбээр өнгөрсөн онд 14 тамирчин, хоёр багштай баг бүрдүүлсэн нь улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд оржээ. Б.Бүжинлхамын хувьд тасралтгүй өөрчлөгдөн, урьдчилан таамаглах аргагүй нөхцөлд дасан зохицох чадвартай байх нь бизнес эрхлэгчийн ч, эх хүний ч эзэмших шаардлагатай менежмент гэж үздэг байна. Цагаа зөв зохистой хуваарилж, өөрийгөө хөгжүүлэн, тасралтгүй хөдөлмөрлөхийг мэрийдэг гэж тэр нэмсэн. Унаж, босож үзсэн хувийн туршлагаа хуваалцахдаа тэрбээр бизнес эхлүүлэх гэж буй хэн бүхэнд бүтэлгүйтэхээс бүү ай гэсэн зөвлөгөөг өгдөг. “Бизнес ямар ч тохиолдолд ашигтай ажиллах ёстой. Ашиг олдоггүй бизнес бол бизнес биш. Улс оронд ч, эзэмшигчид ч, ажилтнуудад ч хэрэггүй эд. ‘Яг одоо ашиггүй байж болох ч ашиг олох хүртэл нь та тэсэж чадах уу? Жил, таван жил үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бий юу? Тооцоо төлөвлөгөө гаргасан уу?’ зэрэг асуултуудыг заавал өөрөөсөө асуух хэрэгтэй” хэмээн “Forbes Mongolia” сэтгүүлийн уншигчдад зөвлөсөн юм.
О.АГИЙМАА