Мягмар гарагт Дэлхийн Банкнаас энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 2.9 хувь болгон бууруулсны зэрэгцээ 1970-аад оны үеийг санагдуулам стагфляц үүссэнээр олон орон эдийн засгийн уналтад орж болзошгүйг анхааруулжээ.
2021 онд 5.7 хувь байсан дэлхийн эдийн засгийн тэлэлт энэ онд 4.1 хувь болж буурна хэмээн нэгдүгээр сард таамаглаж байв. Харин шинэ төсөөллөөр уг тоог 1.2 хувиар багасгаж, 2.9 хувь болгожээ.
Мөн хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2021 онд 5.1 хувь байсан бол 2022 онд 2.6 хувь болж огцом буурах бол шинэ зах зээл, хөгжиж буй орнуудын эдийн засаг 2021 оны 6.6 хувийн өсөлтөөс 3.4 хувь болж буурах төлөвтэй байгаа аж.
Ингэснээр ихэнх орнуудын инфляц зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байх тул 2023 болон 2024 онд өсөлтийн хувь дээрхтэй ойролцоо түвшинд хадгалагдаж, улмаар стагфляц бий болох эрсдэлтэйг тайланд дурджээ.
Украин дахь Оросын эзлэн түрэмгийллээс шалтгаалсан түүхий эдийн үнийн өсөлт нь цар тахлаас үүдэлтэй дэлхийн эдийн засагт учирсан хохирлыг улам нэмэгдүүлснээр зогсонги эдийн засаг болон өндөр инфляц зэрэгцсэн нөхцөл байдлыг авчирч магадгүйг Дэлхийн Банк онцолсон байна.
“Украин дахь дайн, Хятад дахь хөл хорио, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдал, стагфляцийн эрсдэл зэрэг нь өсөлтийг сааруулж байна. Олон орны хувьд хямралаас зайлсхийхэд хэцүү байх болно” гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс өгүүлжээ.
1970-аад оны үеийн хүчтэй стагфляцын үзэгдэл нь өндөр хөгжилтэй орнуудыг бодлогын хүүгээ эрс нэмэгдүүлэхээс өөр аргагүй болгож, харин хөгжиж буй орнуудад санхүүгийн хямрал үүсгэж байжээ.
Энэ түүх давтагдахаас сэргийлэхийн тулд Украинд тусламж үзүүлэх, газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авах, хөгжиж буй орнуудын зээлийг хөнгөвчлөхийг Дэлхийн Банкнаас бодлого тодорхойлогчдод уриалсан байна.