Улс орнууд хилээ нээж, аялал жуулчлалын компани болон зочид буудлууд цар тахлын зогсонги байдлаас эргэн сэргэж буй энэ үед Өмнөд Солонгосын аяллын цогц аппликэйшн “Yanolja” хувьцаагаа нээлттэй арилжаалахад бэлдэхийн зэрэгцээ улирлын тайлангаа анх удаа ил болгожээ. Өнгөрөгч долоо хоногт нийтлэгдсэн тус тайлангаас “Yanolja”-ийн нэгдүгээр улирлын орлого төсөөлөөгүй үзүүлэлттэй гарсныг, түүнчлэн үүсгэн байгуулагч И Су Жин албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгдсэнийг харж болно.
Энэ жил 44 нас хүрсэн Су Жин компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашихын зэрэгцээ 16.54 хувийг нь эзэмшдэг. Харин түүний эхнэр болон хоёр охин нь тус бүр 5.18 хувийг эзэмшиж байна. Долдугаар сард Японы “Softbank”-ийн харьяа “Vision Fund 2” түүний компанийн 25.23 хувийг 1.7 тэрбум ам.доллараар худалдан авснаар хамгийн том хувьцаа эзэмшигч нь болж, улмаар “Yanolja”-ийн зах зээлийн үнэлгээ 6.7 тэрбум ам.долларт хүрчээ. Эдгээрээс тооцоолж үзвэл И Сү Жин болон гэр бүлийнх нь хөрөнгө 2 тэрбум ам.долларт хүрснийг “Forbes” мэдээллээ.
Солонгос хэлээр “Хөөе, тоглох уу” хэмээн орчуулагдах “Yanolja” 2005 онд анх байгуулагдаж, хожмоо богино хугацаанд байрлах зочид буудал, тээврийн салбарт өргөжсөн бол саяхнаас үүлэн тооцооллын програмын тусламжтайгаар зочид буудал, аяллын компаниудын үйл ажиллагааг цахимжуулах үйлчилгээг үзүүлэх болжээ. Тус компанийн нэгдүгээр улирлын орлого өнгөрсөн жилийн мөн үеэс 19 хувиар өсөж, 100.5 тэрбум вонд (80 сая ам.доллар) хүрсэн бол цэвэр ашиг нь 8.8 тэрбум воноор тоологджээ.
“Yanolja” нь аппликэйшнээр дамжуулан аяллын компани, зочид буудлыг сурталчилж, захиалгыг нь авдаг бөгөөд тэдгээрээс төлбөр авах замаар голлох орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд тус компани зочид байдлын захиалгын менежментийг хөнгөвчлөх, хэрэглэгчийн зан төлөвийг урьдчилан таамаглах дата аналитик хийх зэргээр үүлэн технологийг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Уг шинэ бизнес нь тэдний улирлын орлогын 20.5 хувийг бүрдүүлсэн байна.
“Softbank” дээр нэмэгдээд Сингапурын баялгийн сан GIC, цахим аяллын аварга “Booking.com”, “Samsung”-ийн гүйцэтгэх захирал асан Чин Тэ Жэгийн “SkyLake Investment” зэрэг компаниуд “Yanolja”-ийн хөрөнгө оруулагчдын жагсаалтад багтаж байна.
Солонгосын хамгийн чинээлэг эрхэм, “Kakao”-г үүсгэн байгуулагч Ким Бом Сүгийн нэгэн адил И Су Жин бүхнийг тэгээс эхлүүлж өнөөгийн амжилтад хүрчээ. Хүүхэд насандаа өнчирч, хожим Гонжү хотын их сургуульд инженер мэргэжил эзэмшсэн тэрбээр “Yanolja”-г байгуулахын өмнө зочид буудалд цэвэрлэгч хийдэг байв. Ариун цэврийн цаасны үйлдвэрийн болон зочид буудлын эзэдтэй танил байсны ачаар Су Жин өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж чадсан байдаг. Чинээлэг гэр бүлийн эзэмшил бүхий том корпорацууд голлодог Өмнөд Солонгосын бизнесийн салбарт өөрийн хүчээр амжилтад хүрсэн тэрбумтан нэмэгдсэн нь И Су Жин юм.