“WhatsApp” компани 22 тэрбум ам.доллараар “Facebook”-ийн мэдэлд очсон даруйд үүсгэн байгуулагч Брайан Актон Америкийн хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг болон хувирсан юм. Гэвч түүний төсөөлж зорьсон бүхэн “Instagram”-ын үүсгэн байгуулагчдын адил Марк Зукербергийн санхүүгийн хүчирхэг бодлоготой мөргөлдөж, улмаар Актон түүхэнд байгаагүй өндөр үнээр үзэл бодлоо хамгаалсан билээ. Тэрбээр 850 сая ам.доллар хаяж явсан шалтгаанаа анх удаа тайлбарлаж байна.
Калифорнийн Пало-Алто хотын нүд гялбам тансаг зочид буудал “Four Seasons Hotel”-ийн кафед сууж буй хүн бол “WhatsApp”-ийн хамтран үүсгэн байгуулагч, 50 настай Брайан Актон. Аяга кофены хариуд 20 ам.долларын гарын мөнгө инээмсэглэн орхихыг нь эс анзаарвал түүнийг 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж хэлэмгүй. “WhatsApp”-ийн логотой ханцуйгүй цамц, бейсболын малгай өмссөн, бадриун чийрэг биетэй Актон чинээлэг амьдралын тансаглалаас татгалзахыг хичээн, ойр зуурын ажлаа өөрөө нугалж байна. Жишээ нь, тэрбээр өглөөхөн автомашинаа засварын газарт өөрийн биеэр аваачжээ. “Honda”-ийн борлуулалтын салбараас “Төлбөр хүлээн авлаа” гэх мессежийг хүлээн авсан Актон утас руугаа заан “Хүмүүс ‘WhatsApp’-ийг яг л ингэж ашиглаасай гэж би хүссэн. Мэдээллийн чанартай, бас хэрэгтэй” хэмээв. Энэ нь 1.5 тэрбум хүний хэрэглээ болсон, зар сурталчилгаагүй, дээд зэргийн нууцлалтай, дэлхийн мессежийн хамгийн том үйлчилгээ юм.
Түүний ийнхүү өнгөрсөн цаг дээр, санаашрангуй хэлсэн нь учиртай. Одоогоос найман жилийн өмнө Актон, түүний хамтрагч Ян Кум нар тухайн үед харьцангуй бага орлоготой байсан “WhatsApp” компаниа “Meta” группт буюу тухайн үеийн “Facebook”-т 22 тэрбум ам.доллараар худалдсан нь энэ зууны дуулиант худалдан авалтуудын нэг болов. Харин 2017 онд Актон ашгийн бус ажлын төлөө “Facebook”-ийг орхисон билээ. 2018 оны гуравдугаар сард тэрбээр “Cambridge Analytica”-ийн дуулиант хэрэг мандахтай зэрэгцэн “Twitter” дээрээ уриалга хийж, олныг шуугиулснаар өөрийг нь тэрбумтан болгосон хуучин ажил олгогчдоо гэнэтийн цочролд оруулжээ. Тодруулбал, тэрбээр “Цаг нь боллоо #DeleteFacebook” хэмээн бичиж “Facebook”-ээ устгахыг уриалсан билээ. Актон үүнийхээ араас ямар ч тайлбар хийгээгүй бөгөөд дахиж “Twitter” ашиглаагүй юм.“WhatsApp”-аар ашиг олох зорилготой Марк Зукерберг, Шерил Сэндберг нарын даалгавраар “Facebook” компани сурталчилгаа, зарын мессеж илгээхийн тулд Актоноос нууцлалын кодыг нь нэхэхэд тэрбээр татгалзжээ. Актон “Би ‘Та нар миний хүсэхгүй зүйлийг хийх гээд байгаа тул зай тавьж өгсөн нь дээр бололтой’ гээд л явсан” гэв. Түүний энэ үйлдэл түүхэн дэх хамгийн өндөр үнээр үзэл бодлоо хамгаалсан явдал болсон юм. Актон гарах замдаа тухайн өдрийн хувьцааны ханшийн зургийг дарж амжсан ба шийдвэрийнх нь өртөг 850 сая ам.доллараар хэмжигдэж байв.
Тэрбээр уг үйл явдлаас улбаатай сөрөг хандлагыг залруулахын тулд “‘Facebook’-ийнхэн муу дүр биш шүү” хэмээн нэн тэргүүнд анхааруулсан юм (Актон “Би тэднийг зүгээр л сайн бизнес эрхлэгч гэж боддог” гэсэн). Актон үзэл бодлоо илэрхийлэх эрхийнхээ төлөө хангалттай үнэ төлсөн. Тэрбээр “Хэлэлцээрийн эцсийн шатанд ‘Facebook’-ийн удирдлага бидэнтэй нууцлалын гэрээ байгуулахыг оролдсон. Энэ нь миний эдгээр хүнтэй учраа ололцохоос эмээсэн нэг шалтгаан мөн” гэсэн юм.
АКТОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ СЭНДБЕРГ НЯЦААЖ, “ӨРГӨЖИХ БОЛОМЖГҮЙ” ХЭМЭЭН ҮЗЖЭЭ.
Дотоод мэдээлэл, нэр төрөө Кремлийн ордон мэт чандлан хамгаалж буй “Facebook”-ийг дэлхийн хамгийн тооцоолол сайтай компани гэлтэй. “Баг хамт олноороо уйгагүй зүтгэсний дүнд ‘WhatsApp’ өдгөө нэг тэрбумаас ч олон хүний амьдралын салшгүй хэсэг болжээ. Бид ирээдүйг итгэл дүүрэн харж байна” хэмээн “Facebook”-ийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдэгдсэн. Энэ мэт хариултын ард “Instagram”-ийн үүсгэн байгуулагчид ажлаа гэнэтхэн орхиход хүргэсэнтэй адил ямар нэг шалтгаан нуугдаж байдаг. Кевин Систром, Майк Кригер нар “Facebook”, Зукербергийн хэрцгий арга барилд дургүйцлээ илэрхийлж байсан удаатай.
Идеалист энтрепренер бүрт түүний түүх танил санагдах биз ээ. Гайхалтай зүйл бүтээгээд хэн нэгэнд худалдтал түүнийг тань орвонгоор нь эргүүлэхээр төлөвлөж байвал яах вэ? Актон “Эцэст нь би компаниа худалдсан. Би хэрэглэгчдийнхээ нууцлалыг ашгийн төлөө худалдсан. Би сонголтоо хийгээд, бууж өгсөн. Үүндээ өдөр бүр харамсдаг” гэв.
Хэдэн тэрбум ам.доллар шилжүүлснийг эс тооцвол Актон Зукербергтэй ойр дотно харилцаж байгаагүй аж. Актон “Би тэр хүний тухай олон зүйл хэлж чадахгүй” хэмээв. Тэд 10 гаруй удаа уулзаж байсан бөгөөд “Facebook”-ийн ертөнцөөс хараат бус оршиж, үйл ажиллагаагаа нэг хэсэгтээ өөрийн байранд явуулж байсан “WhatsApp”-ийн тухай Зукерберг “‘WhatsApp’ бол ‘Instagram’-тай адил багц бүтээгдэхүүн юм” гэж Актонд хэлж байжээ.
Тиймээс Зукербергийн өрөөнд дуудагдсан Актон юу болохыг огт төсөөлөөгүй байв. Тухайн үед тэрбээр “Facebook”-ийг орхих болсноо тус компанийн удирдлагуудад цухуйлгасан байж. Актон, Кум нар хэрэв “Facebook” тэдний зөвшөөрөлгүйгээр “мөнгө олох санаачилга хэрэгжүүлж” эхэлсэн тохиолдолд бүх хувьцаагаа эргүүлэн авч болох дөрвөн жилийн хүчинтэй заалтыг гэрээнд тусгасан байсан юм.
“Facebook”, “WhatsApp” нарын хамтрал анхнаасаа ээдрээтэй байв. “Facebook” дэлхийн зар сурталчилгааны хамгийн том сүлжээнд тооцогддог бол Актон, Кум нар зар сурталчилгаанаас зайлсхийдэг. “Facebook” хэрэглэгчдээ хэр сайн мэднэ сурталчилгаа нийлүүлэгчдээс төдий чинээ нэмүү өртөг авдаг бол“WhatsApp”-ийн үүсгэн байгуулагчид хувийн нууцыг чандлан хамгаалдаг мэргэжилтнүүд юм. Тэд “WhatsApp”-ийг дэлхий дахинд алдаршуулсан үндсэн шалгаан бол нууцлалын код гэж итгэдэг.
Энэ мэт зөрчил Зукербергийг гонсойход хүргэв. “Facebook” хоёр замаар “WhatsApp”-аас ашиг олохоор төлөвлөжээ. Нэгдүгээрт, “WhatsApp”-ийн шинэчлэгдсэн цэсэнд сурталчилгаа байршуулах бөгөөд энэ нь Актонд хэрэглэгчидтэйгээ байгуулсан нийгмийн гэрээг зөрчсөн мэт сэтгэгдэл төрүүлсэн аж. “WhatsApp”-д хэвшүүлсэн “Сурталчилгаа, тоглоом, арга заль ашиглахгүй” гэсэн Актоны уриа нийт орлогынхоо 98 хувийг зар сурталчилгаагаар бүрдүүлдэг толгой компанитайгаа шууд зөрчилджээ. Тэрчлэн тэдний “Зөв зүйлийг яарахгүй хийх” зарчим “Facebook”-ийн “Хурдтай бай. Дүрмийг зөрч” уриалгын эсрэг утгыг агуулж байв.
“Facebook” үйлчлүүлэгч компаниудаа “WhatsApp”-ийн хэрэглэгчидтэй чатлах боломжоор хангах, улмаар уг мэдээлэлд суурилсан бүтээгдэхүүн худалдах бодолтой байжээ. Үүнд тулгарсан гол бэрхшээл нь “WhatsApp”-ийн, нэвтрэхийн аргагүй, бат бөх нууцлалын код “Facebook”, “WhatsApp” аль алиныг нь хэрэглэгчдийн мессежийг тандах боломжгүй болгож байв. Актоны өгүүлснээр “Facebook” уг кодыг эвдэхийг завдаагүй ч, менежерүүд нь тус кодтой зэрэгцэн ажиллах боломжтой, “WhatsApp”-ийн хэрэглэгчдийн мэдээллийг бизнес эрхлэгчдэд санал болгох “туршилтын” арга зам эрэлхийлж байсан аж.
“Facebook”-ийн төлөвлөгөө одоо ч тодорхойгүй хэвээр байна. АНУ-ын хууль сахиулагчид есдүгээр сарын эхээр “Facebook”-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Сэндбергээс мессежийн нууцлалын кодыг “WhatsApp”-т ашигласан хэвээр байгаа эсэхийг асуухад тэрбээр тийм, үгүй гэх шууд хариулт өгөхөөс зайлсхийж “Бид нууцлалын кодонд өндөр итгэл хүлээлгэдэг” хэмээн тойруу хариу өгсөн юм. Харин “WhatsApp”-ийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч тус аппликэйшн ирэх жилээс “Status” цэсэндээ сурталчилгаа байршуулахтай холбогдуулан бизнесийн байгууллагууд гар утас хэрэглэгчидтэй өргөнөөр харилцах хандлага гарах боловч “мессежүүд кодоор нууцлагдсан хэвээр байх болно. Үүнийг өөрчлөх ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж мэдэгдсэн.
“WhatsApp”-ийг мөнгөжүүлэх тал дээр Актоны зүгээс санал дэвшүүлэх нь дэвшүүлж байсан. Тодруулбал, хэрэглэгчийн тоолуурт загвар буюу хэрэглэгч тодорхой хэмжээний үнэгүй мессеж үйлчилгээ авсны дараа нэг центийн аравны нэгтэй тэнцэхүйц төлбөр авч болох санал оруулжээ.
Харин Актоны төлөвлөгөөг Сэндберг няцааж “Өргөжих боломжгүй” хэмээн үзжээ. Сэндбергээс “шунал” мэдэрсэн Актон “Би нэг удаа түүнд ‘Чи өргөжих боломжгүй гэж хэлэх гээгүй. Харин их мөнгө олох боломжгүй гэж хэлэхийг хүссэн биз…’ гэх маягаар ширүүхэн хэлсэн. Харин Сэндберг хоолойгоо засах дүр үзүүлж, бага зэрэг түгдэрсэн. Би санаагаа ойлгуулсан гэж бодож байна… Тэд бол маш чадварлаг бизнес эрхлэгч. Тэд зүгээр л миний хүлээн зөвшөөрдөггүй бизнесийн туршлага, зарчим, ёс зүй, бодлого баримталдаг” гэсэн юм.
Актоныг Зукербергийн өрөөнд ороход “Facebook”-ийн хуульч сууж байжээ. Зар сурталчилгаагаар мөнгө олох “Facebook”-ийн зорилго зөвхөн өндөр хэрэглээтэй үйлчлүүлэгчдээс төлбөр авах гэсэн Актоны төлөвлөгөөтэй зөрчилдөж буй явдал түүнийг хувьцаагаа бүхэлд нь эргүүлэн авахад хүргэнэ гэдгийг Зукерберг мэдэж байв. Зукерберг “Чи надтай сүүлчийн удаа уулзаж байгаа чинь энэ гэсэн хандлагатай сууж байсан” хэмээн Актон хэлэв.
Актон хуульч хөлсөлж, харилцан тохиролцолд хүрэхийн оронд бууж өгөхөөр шийджээ. Тэрбээр “Өдөр дуусахын алдад би компаниа худалдсан байсан. Би зарчмаасаа ухарсан. Үүнийгээ ойлгож байгаа” гэв.
22 тэрбум ам.доллар дагуулсан Актоны зарчим, магадгүй төрөлх зан нь эхийн эрхт ёс ноёлсон түүний удам угсаатай холбоотой. Түүний эмэг эх Мичиганд гольфын клуб, эх нь 1985 онд тээвэр зуучийн компани үүсгэн байгуулж байсан бөгөөд тэд Актонд бизнес эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг бүрэн ухамсарлуулжээ. Тэрбээр компаниа “Facebook”-т худалдахын өмнөхөн “Forbes”-т өгсөн ярилцлагадаа “Ээж маань цалингийн тооцоо гаргахдаа шөнөжин нойргүй хонодог байсан” хэмээн ярьж байв.
КЕВИН СИСТРОМ, МАЙК КРИГЕР НАР “FACEBOOK”, ЗУКЕРБЕРГИЙН “ХЭРЦГИЙ” АРГА БАРИЛД ДУРГҮЙЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН УДААТАЙ.
Актон Стэнфордын их сургуулийг компьютерийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй төгсөж, 1996 онд “Yahoo”-ийн ууган ажилтнуудын нэгээр нэгдсэнээр олон сая ам.долларын хуримтлалтай болжээ. Тэрбээр “Yahoo”-д ажиллах хугацаандаа танилцаж нөхөрлөсөн Украины цагаач Кумыг тухайн үед олж авсан үнэт хөрөнгө гэж үздэг. Актон өмнөх ярилцлагадаа “Бид хоёр бусдын хэлдгээр эрдмийн мөр хөөсөн, хэнээтэй амьтад байсан. Бид цанаар гулгаж, “Ultimate Frisbee”, хөлбөмбөг тоглодог байсан” гэв. 2007 онд Актон “Yahoo”-г орхиж, аялалд гарсан бөгөөд Цахиурын хөндийд буцаж ирэхдээ сонирхолтой нь “Facebook”-т ажлын ярилцлагад орж байжээ. Тэрбээр “Facebook”-т тэнцээгүй учир Кумын эхлүүлсэн “WhatsApp” стартапт хамтран ажиллахаар болж, 20 хувийг нь эзэмшихийн зэрэгцээ хамтран үүсгэн байгуулагч гэх алдрыг хүртэв.
Тэд бизнесийн шударга байдалд дээд зэргээр анхаарал хандуулж, бэлэн мөнгөнд тулгуурласан өөрсдийн арга барилаар бизнесээ удирдаж байв. Актон “Мессеж болгон дөнгөж төрсөн хүүхэдтэй адил. Ганц ч мессежийг алдаж болохгүй” гэв.
Марк Зукерберг анх 2012 оны дөрөвдүгээр сард цахим шуудангаар Кумтай холбогдож, улмаар Лос-Альтосын “Ester’s German Bakery”-д үдийн зоог барихаар тохиролцжээ. Кум цахим шуудангаа Актонд үзүүлэхэд тэрбээр уулзахыг нь дэмжсэн аж. Актон “Тухайн үед бид компаниа худалдах талаар огт бодоогүй, тийм төлөвлөгөө ч байгаагүй” гэв.
2014 онд Марк Зукербергийг өндөр дүнтэй санал тавихад хүргэсэн хоёр хүчин зүйл бий. Юуны өмнө “Google”-ийн “Mountain View” удирдлагын төв байрнаас “WhatsApp”-ийн үүсгэн байгуулагчдыг уулзалтад урьсан тухай сонссон Зукерберг боломжоо өрсөлдөгчдөө алдахыг хүсээгүй. Мөн “WhatsApp”-ийн үнэлгээнд дүн шинжилгээ хийсэн “Morgan Stanley”-ийн Майкл Граймсын тайланг хэн нэг нь “Facebook”, “Google”-ийн гэрээ хариуцсан багуудад үзүүлсэн байж.
Ийнхүү сүүлийн 10 жилд цахим ертөнцөд хийгдээгүй том гэрээ “WhatsApp”-ийн хуульчдын өрөөнд Валентины баярын өдрүүдийг дамнан үргэлжлэв. Актон “Ян бид хоёр бүтээгдэхүүндээ сурталчилгаа оруулах хүсэлгүй байгаагаа хэлсэн” хэмээв. “WhatsApp”-ийн нууцлалын код хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулахад саад болох байсан ч Зукерберг үүнийг “дэмжих” хандлагатай байсан талаар Актон дурсав. “Тухайн үед Зукерберг урт хугацааны үр дагаврыг тооцоолоогүй” гэж Актон хэлэв.
22 тэрбум ам.долларын санал тавих Зукербергийн цаад зорилгыг тандах амаргүй. “Тэр бидэнд маш их мөнгө амлаж, татгалзахын аргагүй санал тавьсан” гэж Актон өгүүлэв. Түүнчлэн Зукерберг Кумд ТУЗ-ийн суудал амлаж, олныг гайхшруулсан төдийгүй ирэх таван жилд мөнгөжүүлэх дарамт “огт мэдрүүлэхгүй” гэж хэлсэн талаар тухайн үед байлцсан эх сурвалж мэдээлсэн юм.
Гэрээг тухайн жилийн арваннэгдүгээр сард эцэслэн баталсан бөгөөд үүнээс өмнө анхны аюулын дохио анзаарагджээ. Уг гэрээ чанга хатуугаараа алдаршсан Европын шударга өрсөлдөөний газраар батлагдах шаардлагатай байв. “Facebook” Актоныг Европын шударга өрсөлдөөний комиссын 10 гаруй гишүүнтэй уулзах цахим хуралд бэлтгэжээ. Актон “Намайг хоёр системийн мэдээллийг нэгтгэх маш хэцүү гэж тайлбарлахад бэлдсэн” гэв. Тэрбээр хууль сахиулагчдад бэлдсэн ёсоор тайлбарласан төдийгүй “Кум бид хоёрт мэдээллүүдийг нэгтгэх сонирхол байхгүй” хэмээн нэмж хэлжээ.
Харин хожим тэрбээр “Facebook”-ийн хаа нэгтээ “мэдээллийг нэгтгэх төлөвлөгөө, технологи” байсныг олж мэджээ. Тодруулбал, гар утас бүрт оноосон 128 битийн урттай дугаарыг ашиглан “WhatsApp”-ийн хэрэглэгчтэй холбогдох боломж “Facebook”-д байв. Мөн “Facebook” аккаунттай холбогдсон утасны дугаарыг “WhatsApp” аккаунтаас хайх арга юм.
Гэрээ байгуулснаас хойш 18 сарын дотор “WhatsApp”-ийн үйлчилгээний шинэ нөхцөл хэрэглэгчдэд хүрч, үр дүнд нь Актон худалч болж хувирав. Тэрбээр “Tэд хангалттай хугацаа өнгөрсөн тул Европын холбоо бүгдийг мартчихсан гэж үзээд энэ эрсдэлийг гаргасан байх” гэв. Харамсалтай нь, аз дайрсангүй. Европын холбоо “Facebook”-ийг “буруу буюу төөрөгдүүлсэн мэдэгдэл” хийсэн хэмээн үзэж, 122 сая ам.долларын торгууль ногдуулав. Гэрээг аль хэдийнэ баталсан тул энэ торгуулийг бизнесийн зардал хэмээн тооцож, хоёр системийг холбосон хэвээр нь үлдээсэн юм. “Facebook”-ийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч “Бидний 2014 онд гаргасан алдаа санаандгүй явдал байсан” гэж мэдэгдсэн байдаг.
Давхцуулсан аккаунтуудыг холбох нь “WhatsApp”-ийг мөнгөжүүлэх анхны, чухал алхам байсан юм. Харин үйлчилгээний шинэ нөхцөл нь ашиг олох үндэс болно. Хэлэлцээрийн явцад “Facebook”-ийн зүгээс “WhatsApp”-ийн хэрэглэгчдийн мэдээллийн санд “илүү өргөн хүрээнд нэвтрэх боломжийг” эрэлхийлж, эдгээр өөрчлөлтүүдийн тухай ярьж байсан ч “WhatsApp”-ийн үүсгэн байгуулагчид эсэргүүцэж, улмаар харилцан тохиролцоонд хүрчээ. Сурталчилгаа оруулахгүй тухай заалт хүчин төгөлдөр байх боловч “Facebook” дэх “санал болгох найз”-ын жагсаалтад сурталчилгааны түншүүдийг оруулах юм.
Үйлчилгээний нөхцөлийг шинэчлэхэд урт хугацаа зарцуулсан Актон, Кум “бизнес эрхлэгчдээс мессеж илгээх” заалтад арга мухарджээ. Актон “Бид тэрхүү хоёр догол мөрийг гүйцээх гэж толгойгоо гашилгасан” гэв. Ийнхүү тэдний зар сурталчилгааны эсрэг тэмцэл энд хүрээд өндөрлөв. Учир нь үйлчилгээний нөхцөлд “бүтээгдэхүүний маркетинг” хийхийг зөвшөөрсөн заалт оруулахыг хуульчийн зүгээс зөвлөжээ. Ингэснээр бизнесийн байгууллагууд “WhatsApp”-ийг марткетингийн зорилгоор ашигласан тохиолдолд “WhatsApp”-ийн зүгээс хуулийн хариуцлага хүлээхгүй юм.
Үүний дараа үүсгэн байгуулагчид “Facebook”-ийн мөнгөжүүлэх төлөвлөгөөг аль болох саатуулахыг хичээжээ. Зукерберг 2016 оныг “Snapchat”-тай зууралдаад завгүй өнгөрүүлэв. Энэ нь “WhatsApp”-ийнханд мөнгөжүүлэх асуудлыг хойш тавихад нэмэр болж, оронд нь “Snapchat”-ийг дуурайлгасан хэрэглүүрүүдийг шинээр бүтээх боломж олгосон байна. Тухайлбал, 2016 оны аравдугаар сард гэрэл зураг дээр эможи нэмдэг шинэ дуран гаргасан бол 2017 оны хоёрдугаар сард “Snapchat Stories”-ийг хуулбарласан “Status” цэсийг нэмж оруулжээ.
Тухайн үед буюу гэрээ байгуулснаас гурван жилийн дараа Зукербергийн тэвчээр алдагдаж эхэлсэн нь “WhatsApp”-ийн бүх ажилтны хурал дээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн зэргээр илэрч байсан хэмээн Актон хэллээ. Тэрбээр “Тэд санхүүгийн 10 жилийн төлөвлөгөөгөө хангахын тулд Уолл Стритэд ‘WhatsApp’-ийн орлого өссөөр байгаа мэт харагдуулах шаардлагатай болсон” гэв. “WhatsApp”-ийг мөнгөжүүлж эхэлснээс хойш таван жилийн дотор орлогоо 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэх “Facebook”-ийн дотоод зорилт Актонд хэт өндөр дүн төдийгүй зар сурталчилгаанаас хэт хамааралтай санагджээ.
Тиймээс Актон тэдэнд өөр сонголт санал болгожээ. Тодруулбал, “Honda”-ийн төлөөлөгчийн газраас гар утсанд мессеж илгээдэг шиг компаниуд “WhatsApp”-ийн хэрэглэгчдэд “мэдээлэл болохуйц, мэдлэгт нэмэртэй контент” илгээх санал байв. Харин утасны дугаараас хальсан нэмэлт мэдээлэл өгөхийг хориглох аж. Түүнчлэн “хэрэглэгчийн тоолуурт загвар”-ыг санал болгосон боловч аль аль нь амжилт олсонгүй.
Веб хуудсаа зар сурталчилгаагаар дүүргэх “Nascar” аргачлалыг нэвтрүүлсэн “Yahoo”-ийн бодлого таалагдаагүйн улмаас арав гаруй жилийн өмнө Актон тус компанийн удирдах албан тушаалаа орхиж байв. “Чанартай бүтээгдэхүүн бус, ашиг хайсанд нь миний дургүй хүрсэн ” хэмээн Актон тайлбарлаж байна. Гэтэл түүх давтагдаж байна. “Энэ бол миний ‘Facebook’, ‘Yahoo’-д үнэн сэтгэлээсээ дургүй болсон шалтгаан. Ашиг олж л байвал юу ч хийсэн хамаагүй” гэв. Өөрөөр хэлбэл “Facebook”-ийг орхих цаг болсон байв.
Харин Кум үлджээ. Тэрбээр албан өрөөндөө ховорхон үзэгдэж, хувьцааныхаа сүүлчийн төлбөрийг хүлээн цаг нөхцөөж байв (Цахиурын хөндийнхний хэллэгээр “амардаг ажил” авсан). Кум энэ бүхнийг даван туулсны эцэст дөрөвдүгээр сард буюу Актоныг “Facebook”-ийг устгах уриалга гаргаснаас нэг сарын дараа өөрийн “Facebook” хуудаснаа “Зөвхөн агаарын хөргөлттэй хөдөлгүүртэй ‘Porsche’ цуглуулахад л төвлөрч амьдарна” хэмээн зарлаад бүгдийг орхисон юм. 2018 оны наймдугаар сард “Forbes” Актонтой уулзах үед Кум Газар дундын тэнгист усан онгоцоор аялж байсан талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. “Forbes” түүнтэй холбогдож чадаагүй юм.
АКТОН 850 САЯ АМ.ДОЛЛАР ОРХИЖ ГАРСАНДАА харамсдаг болов уу? Үгүй л болов уу. Тэрбээр аюулгүй байдлын судлаач Мокси Марлинспайкаар удирдуулсан, ашгаас урьтаж хэрэглэгчдээ дээдлэх зорилготой мессеж үйлчилгээний аппликэйшн “Signal”-ийг 50 сая ам.доллараар санхүүжүүлж, сан болгон өргөжүүлжээ. Зар сурталчилгаанаас хараат бус үйл ажиллагаа, өндөр нууцлалтай үнэгүй мессеж, дуудлагын үйлчилгээ зэргээс нь харахад өдгөө Актон “WhatsApp”-ийн төгс хувилбарыг бүтээж байна гэлтэй.
Нарийн тодорхойгүй ч олон сая хэрэглэгчтэй болсон “Signal” компанийн зорилгыг “хувийн харилцаа холбоог хялбар, хүртээмжтэй болгох” хэмээн Актон тодорхойлж байна. Түүнийг ирэхээс өмнө ердөө хоёр инженер цалинжуулах чадалтай байсан “Signal” сан 50 сая ам.долларын санхүүжилтээр багагүй замыг туулах ч цаашид “Wikipedia” сангийн арга барилаар компаниудаас хандив татан төвлөрүүлэх, эсвэл “Firefox”, “Google” нарын нэгдэл шиг илүү том компанитай түншлэх гэх мэтээр бизнесийн загвараа эрэлхийлсээр байна.
Тэрбээр “Signal”-аас гадна АНУ-ын эмзэг бүлгийн эрүүл мэндийг дэмжих, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих буяны сангуудад “Facebook”-ээс авсан мөнгөнөөсөө нэг тэрбум ам.доллар хандивлажээ. Түүнчлэн өөрийн хүүхдүүдийг энгийн борог амьдралд өсгөхөөр шийдэж, улсын сургуульд сургаж, “Honda”-ийн бүхээгтэй жижиг тэрэг хөлөглөж, энгийн орон сууцанд амьдрах болжээ. Тэрбээр гэрээ Зукербергийн “хотхон”-оос хоёр километр хүрэхгүй зайд байрладаг хэмээн онцолсон юм. Хэт их хөрөнгө бусдын боддог шиг эрх чөлөөнд хүргэдэггүй бололтой.