“Mon Eclair”-ийг гаднын франчайз гэж олон хүн эндүүрдэг ч угтаа Т.Дэгиймаа жороос авхуулаад брэнд хөгжүүлэлтийн бүхий л үе шатыг бие даан хийсэн. Тэрбээр бялууны зах зээлд шинэ өнгө нэмсэн “Mon Eclair” брэндийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж, компанийн үйл ажиллагааны цар хүрээг тэлэхээр төлөвлөж байна
Хуульч болох мөрөөдөлтэй байсан Т.Дэгиймаа аавынхаа зөвлөсний дагуу МУИС-д элсэн, биотехнологийн чиглэлээр суралцаж төгссөн ч тухайн үед Монголд шинжлэх ухаанаар дагнасан компаниуд цөөн, цаашлаад биологич хүнд тохирох ажлын байр хомс байсан тул мэргэжлээрээ ажиллах боломж олдолгүй, төрийн бус байгууллагаас ажлынхаа гараагаа эхэлжээ. Удалгүй түүнд Венийн Биохимийн Их сургуульд магистрын зэрэг хамгаалах боломж олдож Австри улсыг зорьсон бөгөөд тэнд амьдрах хугацаандаа сурахаас бусад чөлөөт цагаа хотын төвд өнгөрөөж, барууны соёл, хүмүүсийн аж амьдралтай илүү ойр танилцахад зарцуулдаг байв. Ингэж яваад хуучин номын худалдаанаас 3.99 евроны үнэтэй хоолны ном худалдаж авсан нь түүний амьдралын хамгийн чухал хөрөнгө оруулалт болсон аж. Гаднах хавтас нь имэрч хуучирсан герман хэл дээрх уг номд төрөл бүрийн хоол, нарийн боов хийх аргачлал багтсан ба гэртээ хэд хэдэн жорыг туршсаны нэг нь Францаас гаралтай эклер байж гэнэ. Жил гаруй хугацааг Австрид өнгөрүүлсэн Т.Дэгиймаа ар гэрийн асуудлаас үүдэн сургуулиасаа чөлөө авч, Монгол руу буцахдаа өнөөх хуучин хоолны номоо авчирсан нь түүний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байдаг.
Эх орондоо жил орчим амьдрахаар төлөвлөж байсан тэрбээр энэ хугацаанд ажил хайсан ч туршлагагүй гэх шалтгаанаар ажил олгогчдоос ээлж дараалан татгалзсан хариу сонссоны эцэст өөрийн анхны бизнесийг эхлүүлэхээр зориглож, “Энканто таун”-д кофе шоп түрээсэлжээ. Энэ л үеэс эхлэн тэрбээр өнөөх ном дээрх жорын дагуу цөөн тоогоор нарийн боов, эклер хийн худалдаалж эхэлсэн гэдэг. Зах зээлийн судалгаа, орлого зарлагын тооцоолол гэхээсээ илүүтэйгээр сэтгэл хөдлөлөөр эхлүүлсэн түүний бизнес удалгүй дампуурч, кофе шоп хаалгаа барьсан ч үйлчлүүлэгчид нь эклерийг нь асууж, сошиал хуудас руу хандахад л хэзээ ч онц гойд ач холбогдол өгч байгаагүй бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах боломж бий гэдгийг ухаарчээ. Гэхдээ энэ удаад тэр сэтгэл хөдлөлөөр бус харин маш нарийн тооцоо, судалгаанд суурилан зүгээр нэг бизнес биш харин хэрэглэгчдийн дунд үнэ цэнтэй брэнд бий болгохыг зорьсон аж. Кофе шопт ердөө гурван төрлийн амттайгаар худалдаалагдаж байсан эклерийнхээ нэр төрлийг нэмэх нь түүний нэн тэргүүний ажил байсан бөгөөд багагүй хугацаанд туршиж, судалж жороо боловсруулсны эцэст тэр брэндингийн ажилд орсон гэнэ. “Mon Éclair” нэрнээс эхлүүлээд брэндийн өнгөний зохицол, сав, баглаа, боодлын дизайн гээд бүгд л Т.Дэгиймаагийн “дотроос” гарсан. Тэрбээр “Анхлан “MY Éclair” хэмээн нэрлэх гэж байсан ч эклер нь өөрөө Францаас гаралтай тул франц хэлнээ орчуулж “Mon Éclair” болгосон. Хэдий “Mon” гэдэг нь миний гэсэн утгатай франц үг ч монголчууд “Mon” гэдэг үгийг хүлээн авах нь хурдан байдаг тул нэрэндээ огт эргэлзээгүй” хэмээв.
Т.Дэгиймаа анхны эклер шопын нээлтээ 2017 оны хоёр дугаар сарын 14-ий өдөр дотнын найз, нөхдийн хүрээнд хийжээ. Тэрбээр “Гэгээн хайрын баярын өдөр давхацсан энэ өдөр борлуулалт хийх төлөвлөгөөгүй байсан ч цэцэг барьсан залуус ирсээр хэдхэн цагийн дотор бүх эклер дууссан” хэмээсэн юм. Эрэлт хэтэрвэл дөнгөж нээгдсэн түүний эклер шоп ачааллаа дийлэхгүй гэдгийг ойлгож байсан Т.Дэгиймаа маркетинг хийхээс цааргалж байсан ч хэрэглэгчдийн ам дамжсан яриагаар тус газрыг зорьж ирэх хүмүүс өдөр өдрөөр нэмэгдэж, нэг л мэдэхэд франц амттаныг авахаар ирсэн хүмүүсийн очерт дарагдах болжээ. Эрэлт түүний төсөөлснөөс хэд дахин нэмэгдэхэд яаралтай хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө сайжруулж, томруулах шаардлага бий болсноор эхний хэдэн сарын орлогоо бүхэлд нь үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд зарцуулсан аж. Үүнээс ердөө гурван сарын дараа “Шангри-Ла”-ийн гурван давхарт байрлах “Yummy Corner”-т “Mon Éclair”-ийн хоёр дахь салбар нээгдсэнээр хэрэглэгчдэд илүү ойртсон. Гэхдээ энд салбар нээх санааг Т.Дэгиймаа биш харин дэлхийн 22 оронд үйл ажиллагаа явуулдаг “Шангри-Ла” түүнд санал болгосон гэдэг. “Дэлхийн зочлохуйн салбарын өндөр стандартыг ханган үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг утгаараа бидэнд санал тавихдаа үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний чанар, брэндийн үнэ цэн гэхчлэн олон зүйлийг харгалзан сонгосон. Хан-Уул дүүрэг дахь “Имарт” ч мөн үүнтэй ижил зарчмаар биднийг сар гаруй хугацаанд судалсны эцэст хамтран ажиллах саналыг тавьсан” хэмээн Т.Дэгиймаа хэлсэн юм. Тэрбээр олон улсын стандарт хангасан дэлхийн хэмжээний байгууллагуудтай хамтран ажилласнаар үйлчилгээний соёл, хэм хэмжээ, харилцагчидтай эргэх холбоотой байх гэх мэт олон зүйлтэй танилцаж, ихийг сурдаг гэдгийг онцоллоо.
Өнөөдөр “Mon Éclair” дөрвөн салбартай бөгөөд хэрэглэгчдэдээ ойртохын тулд “Toк Ток” аппликэйшнд ч бүтээгдэхүүнээ байршуулжээ. Анх салбар дээр л цөөн тоогоор үйлдвэрлэгддэг байсан гарааны бизнес өнөөдөр хүнс үйлдвэрлэлийн стандартыг бүрэн хангасан цех, ажилчдын амрах өрөө, оффистой жижиг дунд үйлдвэр болон өргөжиж, цаашид ч үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний цар хүрээгээ тэлэх зорилготой байгаа аж. Тухайлбал, “Mon Éclair” брэнд нь таван жилийн ойгоороо эклерийн онцгой амт шингэсэн бялууг зах зээлд гаргасан ба махтай эклерийг ч тун удахгүй хэрэглэгчиддээ хүргэхээр зэхэж байгаа гэнэ. Тэрбээр “Жил орчмын өмнөөс махтай эклер хийх санаагаа олсон ч махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эрүүл ахуйн тэс өөр стандарттай байдаг тул хүний нөөцөө шинээр бэлтгэх, тоног төхөөрөмж зэргийг худалдан авахад багагүй хугацаа зарцуулсан. Улмаар цар тахал, үүнтэй холбоотой хорио цээр, түүхий эдийн хомсдол зэргээс болж хэрэглэгчдэд хүрэх хугацаа хойшилсоор өдийг хүрсэн” хэмээн ярив.
Т.Дэгиймаа “Mon Éclair” брэндийн бүтээгдэхүүний тоог нэмэхийн сацуу бялуу үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх боломжуудыг эрэлхийлж, энэ чигт компанийнхаа үйл ажиллагааг залж байгаа аж. Нарийн боов, эклерээ зах зээлд гаргасан цагаас өдийг хүртэл түүхий эдийн чанар, бүтээгдэхүүний амтыг чухалчилсаар ирсэн тэрбээр үйлдвэрлэлдээ хэрэглэдэг бялууны гол орц найрлагаа Европоос албан ёсны эрхтэйгээр импортлох ажлаа эхлүүлжээ. Тэрбээр “Бялууны амт чанарт шууд нөлөөлөх сайн чанарын түүхий эдийг импортлон оруулж ирснээр дотоодын бялуу үйлдвэрлэлд шинэ амт, шинэ стандарт бий болно хэмээн итгэж байгаа аж. Түүнчлэн тэрбээр салбарын хамгийн тулгамдсан асуудал болох боловсон хүчнийг бэлтгэхээр бялуу урлалаар мэргэшсэн тогооч нарыг Монголд урьж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компани болон хувь хүмүүст сургалт явуулж, салбарын хөгжлийг ахиулахыг эрмэлзэж байна.