Франц улсын нийслэл Парисын бүс нутагт энэ зургаадугаар сарын нэгнээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн дүрмийн дагуу хотын тодорхой бүсүүдэд хорт бодис ихээр ялгаруулдаг дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон байна.
Тус дүрмээр ажлын өдрүүдэд 8-20 цагийн хооронд Crit’Air бохирдлын үнэлгээний системд дөрөвдүгээр түвшинд үнэлэгдсэн машин, ачааны машин, мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй болжээ.
Crit’Air системийн дагуу Ил-де-Франс муж дахь бүх тээврийн хэрэгслүүд дээрх бохирдуулалтын түвшинг илэрхийлсэн тоо бүхий стикерийг салхины шил дээрээ наах ёстой болсон байна.
Харин дөрөвдүгээр түвшинд голчлон 2006 оноос өмнө үйлдвэрлэгдсэн дизель хөдөлгүүртэй машинууд, 1997 оноос үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй машинууд багтжээ.
Дүрмийг зөрчсөн тохиолдолд жолоочид 68 еврогийн торгууль ногдуулна хэмээн заажээ.
Францын нийслэлийн захиргаанаас “Парис орчмын бүс нутаг” болон бүх 20 дүүргийг багтаасан “Төв Парис” гэсэн хоёр хэсгийг хорт бодисын ялгаруулалт багатай бүс болгон тодорхойлсон юм. Нийт 815 км.кв талбай бүхий тус бүсэд засаг захиргааны 131 нэгж багтахын зэрэгцээ 7 сая гаруй иргэн амьдардаг.