Тэрбумтан Илон Маск даваа гарагт “Twitter” компани болон АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд илгээсэн захидалдаа тус компанийг худалдаж авах 44 тэрбум ам.долларын наймаагаа цуцалж магадгүй болохоо илэрхийлжээ. Тодруулбал тус сошиал платформ дээрх хуурамч хаягуудын тоонд хөндлөнгийн шинжилгээ хийлгэхээс татгалзсан нь компанийн зүгээс худалдааны гэрээгээ зөрчсөн явдал болохыг тэмдэглэсэн байна.
Илон Маскийн хуульчдын зүгээс “Twitter”-ийн ахлах хуульч Вижая Гаддед хаягласан дээрх захидалд платформ дахь “ботууд”, хуурамч хаягуудын тухай нэмэлт мэдээллийг авах зайлшгүй шаардлагатайг дурдаад, хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол хэлцлийг дуусгалгүй орхих, худалдааны гэрээгээ цуцлах эрх түүнд байгааг сануулжээ.
Харин “Twitter”-ийн хэвлэлийн төлөөлөгч “Forbes”-т мэдээлэл өгөхдөө тус компани “хэлцлийг амжилттай болгож, тохиролцсон үнэ, нөхцөлийн дагуу гэрээг хэрэгжүүлэхээр төлөвлөж” буйгаа өгүүлжээ.
Уг мэдээлэл гарсны дараа “Twitter” компанийн нэгж хувьцааны үнэ 5.3 пунктээр унаж, 38.02 ам.долларт хүрсэн байна.
Дээрх захидлыг илгээхээс өмнө Илон Маск хуурамч хаягтай холбоотой асуудлыг сөхсөөр байсан юм. Жишээлбэл саналыг нь “Twitter”-ийн удирдах зөвлөл зөвшөөрсний дараа тэрбээр тус платформ дээр хэр их тооны “бот” байгаа эсэх тухай компанийн тооцооололд эргэлзэнгүй хандаж байгаа тул худалдан авалтын үйл явцыг “түр зогсоосон” болохоо жиргэж байв.