Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай Монгол Улсын эдийн засаг, хувийн хэвшил болон Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлогууд, удахгүй болох банкуудын IPO-ын талаар тодруулан байр суурийг нь сонслоо.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” танилцуулсантай холбоотойгоор хувийн хэвшил, тогтвортой хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаа зарласан. Энэ нь Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны үйл ажиллагаатай ч уялдаж буй. Засгийн газрын эхлүүлээд буй энэхүү бодлогын хэрэгжилт хувийн хэвшилд хэрхэн нөлөөлнө гэж харж байна вэ?
-Европын Сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад хөрөнгө оруулагч томоохон байгууллагуудын нэг. Бид нийт 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 93 хувийг хувийн хэвшилд зарцуулсан байна. Бид Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нягт ажиглаж байгаагийн зэрэгцээ ирээдүйд өсөлт бий болгох эдийн засгаа сэргээх Монголын Засгийн газрын бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж байна. Тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй тус бодлогод хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож цаашид төр, хувийн хэвшлийн түншлэл улам бэхжих болов уу гэж харж байна. “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтэд чухал нөлөө үзүүлэх хүчин зүйл бол дотоод, гадаадын хөрөнгө оруулалт. Үүнийг бий болгоход хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлж хууль, эрх зүйн хүрээнд дэмжсэн бодлого явуулах хэрэгтэй. Илүү солонгорсон хувийн хэвшлийг бий болгосноор ажлын байр нэмэгдэх, улмаар Монгол Улсын иргэдэд илүү орлоготой болох боломж үүсгэх, үүнээс улбаалан Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангаж чадах юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын зөвлөл байгуулснаар Монгол Улс руу орох хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд дэлхийд “Нээлттэй” гэсэн мессеж өгнө гэж харж байна. ЕСБХБ энэ талбарт туршлагатай. Бидний зүгээс Монгол Улсын Засгийн газар ийм зөвлөл байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн зэрэгцээ зөвлөлд гаднын болон дотоодын хөрөнгө оруулагчдыг багтаах нь зүйтэй гэж дэмжиж байна.
Бодлогын хэрэгжилтэд чухал гэгдэх зүйл бол тэгш оролцоо. Жишээлбэл, бид “Бизнес дэх эмэгтэйчүүд” хөтөлбөрийг идэвхтэйгээр хэрэгжүүлж эмэгтэй энтрепренеруудад зөвлөх үйлчилгээ, санхүүгийн хэрэгслүүдийг санал болгож байна. Бас нэгэн чухал зүйл гэвэл зөвхөн Улаанбаатар гэлтгүй хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон байгууллагуудад дэд бүтэц, дижитал үйлчилгээ, санхүүгийн чадамж төдийгүй чадварлаг боловсон хүчин бэлтгэх шаардлага байгааг онцлох хэрэгтэй. Энэ тал дээр ЕСБХБ дэмжлэг үзүүлж бодлогын түвшинд санал солилцох, хөрөнгө оруулагчидтай уулзах, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зорилтод компаниудад зөвлөгөө өгөх замаар сайжруулан ажиллах боломжтой гэж бодож байна.
-ЕСБХБ энэ тал дээр ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-Бид хэдийнэ хувийн хэвшлийн дэмжих техникийн тулалцаа үзүүлэх хөтөлбөрүүд, зөвлөх үйлчилгээ, санхүүжилтийн үйлчилгээ бий болгосон. ХААН банк, “ХасБанк” болон “Транс капитал”, “Vision Fund” зэрэг санхүүгийн байгууллагыг оролцуулан эрсдэлийн санхүүжилт, жижиг-дунд-бичил санхүүжилт гэх мэт бүтээгдэхүүнийг санал болгож ажиллаж буй. Түүнчлэн хил хоорондын худалдааны мөнгөн гуйвуулга дээр ч туслалцаа үзүүлж байна. Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж байгаа бөгөөд эдгээрийг Монгол Улс эдийн засгийн сэргэлт хийх гэж байгаа энэ үед чухал нөлөө үзүүлнэ, мөн ногоон эдийн засгийн шилжилтийг идэвхжүүлнэ гэж итгэж байна. Нэмж хэлэхэд бид баталгаат тээврийн сүлжээ, чанар бүхий эрчим хүчний сүлжээ, өртгийн боломж бүхий орон сууц, сэргээгдэх эрчим хүч төдийгүй ногоон хотын хөгжил зэрэг салбарын бүтээн байгуулалтад чиглэсэн санхүүжилтийн дэд бүтцийг мөн санал болгож байна. ЕСБХБ Монгол Улсын хувийн хэвшилд түлхүү төвлөрсөн урт хугацааны түнш байхыг эрмэлздэг бөгөөд манай байгууллагын тухайн улсад хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үндэс болдог.
-Банкны салбарын шинэчлэлийн хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том таван банк олон нийтэд нээлттэй болохоор зэхэж байна. Засаглалаас бусдаар IPO хийх нь ямар давуу талууд олгодог вэ?
-Банкуудад хийж буй шинэчлэл маш чухал асуудал. Энэ амжилттай болох нь Монголын санхүүгийн салбарын цаашдын ирээдүйд ихээхэн нөлөөтэй. Монголын банкны салбар хэт төвлөрсөн, цөөн хувьцаа эзэмшигч бүхий таван том банк нөлөө өндөртэй үйл ажиллагаа явуулж байна. Шинэчлэлийн гол зорилго нь банкны салбарын тогтвортой байдлыг хангах, банкуудын засаглалыг сайжруулахад чиглэж байгаа. Төлөвлөж буй IPO, 2023 оны сүүлээр оруулах хувь эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт дотоодын хөрөнгийн зах зээлд чухал нөлөө үзүүлнэ. Бодитоор харвал, алдаж болохгүй. Иймд алхам бүрийг сайтар нягтлах хэрэгтэй. Тогтвортой, хөрөнгийн баталгаатай эх үүсвэртэй салбар тухайн улсын эдийн засаг, өсөлтөл маш чухал.
Банкны салбарын шинэчлэлийг хэзээ, хэрхэн явуулах талаар олон яриа өрнөлөө. Жишээлбэл, бид IPO зарлагдахаас өмнө банкны үнэлгээг харах нь зөв гэсэн байр суурьтай байна. Богино хугацаанд хийгдэхээр байгаа IPO зах зээлийн зарим оролцогч дотоодын зах зээлийн шингээх чадавхад санаа зовьнож буйгаа илэрхийлсэн. Гэхдээ Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эцсийн хугацааг маш тодорхой зааж өгсөн төдийгүй бүтцэд өөрчлөлт оруулахыг шаардаж буй. Хувь эзэмшилд мөн 20 хүртэлх хувийн хязгаарлалт ногдуулахаар төлөвлөсөн. Тэгэхээр тэдгээр нөлөө бүхий гэгдэх хувь эзэмшигчид болон хамаарал бүхий этгээдүүд хэн байхыг хуулийн дагуу тун тодорхой болгохоор байна.
Хуулийн энэхүү арга хэмжээ банкны салбарын төвлөрлийг бууруулах, компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг дэмжих зорилготой. Хэрэв зөв хийж чадвал олон нийтэд нээлттэй компани болсноор холбогдох банкуудын хөрөнгө өсөхөөс гадна эдийн засагт үзүүлж буй цар тахлын сөрөг нөлөө, өдгөө өрнөж буй геополитикийн тогтворгүй байдлыг сөрөх нөхцөл бүрдэнэ. Дотоодын бизнесүүдийг дэмжих, өргөжүүлэхэд илүү дөхөм болно.
-IPO зарлах гэж буй банкуудын үнэлгээ хэрхэн гарах төлөвтэй гэж та харж байна вэ?
-Үнэлгээний байгууллагуудын тогтсон аргачлалын хүрээнд үнэлгээг тогтооно гэж харж байна. Тэгэхээр улсын үнэлгээнд өөрчлөлт орсон нөхцөлд тус банкуудын үнэлгээ дагаад өөрчлөгдөнө. Инфляцын түвшин хэдийн өсөөд эхэлсэн байгаа ийм үед ОХУ-тай эдийн засгийн нягт харилцаатай байдаг Монгол Улс үнийн хөөрөгдөл, үүнтэй холбоотой бусад эрсдэлтэй нүүр тулахаар байна. Украйн, ОХУ хооронд үүсээд буй дайн Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, улмаар улсын үнэлгээнд өөрчлөлт орох, энэ нь арилжааны банкуудад тусах эрсдэл бий.
-Монголын Хөрөнгийн бирж ЕСБХБ, KPMG- тэй хамтран дотоодын зах зээлийн чадавхыг тодорхойлох судалгаа хийж байгаа. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?
-МХБ-ийн хүсэлтийн дагуу бид банкны IPO, төрийн өмчит компаниудыг хувьчлахтай холбоотой хөрөнгийн зах зээлийн шингээх чадавхыг тодорхойлох судалгаа эхлүүлсэн. Тодруулбал, ЕСБХБ-ны санхүүжилтээр гүйцэтгэж байгаа энэхүү судалгаагаар хөрөнгө оруулагчдын хувьцаа авах сонирхлын түвшин, төлөвлөөд буй IPO-д дотоодын үнэт цаасны салбарт үнэлгээ хийж IPO-д хэрэгцээт хөрөнгийн урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх боломжтой гэдгийг гаргаж ирэх. Хэдийгээр МХБ 2021 онд индексийн хувьд дэлхийд тэргүүлэх зах зээлүүдийн нэг болж чадсан ч байгууллагын хөрөнгө оруулалт дутмаг хэвээр байна. Энэ нь зах зээлийн хөрвөх чадавхыг сулруулж буй. Судалгааны дүн энэ дөрөвдүгээр сарын сүүлээр гарах бөгөөд дотоодын эрэлт хангалттай байх эсэхийг мэдээлнэ.
-Манай улсын зах зээлд хэр хэмжээний мөнгө эргэлдэх боломжтой гэж та үзэж байна вэ?
-Монголын санхүүгийн зах зээл банкны салбарт хэт төвлөрсөн, хөгжлийн эхэн үедээ явж байна гэж хэлж болохоор байна. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн зах зээл олон улсын стандарт нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдүүлэх чиглэлээр дорвитой алхмууд хийж, хурдацтай өсөж байгаа. Өнгөрсөн есдүгээр сард “FTSE Russel’s Frontier Market”-ийн “Ажиглалтын жагсаалт”-д багтсан нь анзаарууштай хэрэг болсон. Нөгөөтээгүүр, хөрвөх чадвар сул, үнэт цаасны арилжааны хэмжээ бага, томоохон байгууллагуудын хувьцааны нийлүүлэлт хязгаарлагдмал, хөрөнгө оруулагчдын суурь бүтэц хөгжөөгүй байгаа нь зах зээлийн хөгжилд тушаа болж байна. Дотоодын худалдааны хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд томоохон үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ ирээдүйд хувийн тэтгэврийн сан, амь даатгалын компаниуд болон хөрөнгө оруулалтын сангууд зэрэг байгууллагын хөрөнгө оруулалтын суурийг бий болгож гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Энэ бүхнийг харгалзан ЕСБХБ зэрэг санхүүгийн байгууллага банкуудын IPO-д хөрөнгө оруулагчаар оролцох боломжтой. Мэдээж банкны үнэлгээ, ил тод байдал, үйл ажиллагаа болон зах зээлийн хөрвөх чадавх гэх мэт хүчин зүйлээс хамаарах асуудал.
-IPO-ийн өмнө, явцын дунд болох дараа талууд юунд анхаарлаа хамгийн ихээр хандуулах хэрэгтэй вэ?
-Хөрөнгө босгож, биржид бүртгэлтэй болоход тэргүүний чухал зүйл бол нарийвчлан бэлдсэн IPO. Олон нийтэд нээлттэй болохын өмнө банкууд компанийн засаглалын бүтцээ сайтар бэлдэх ёстой. Олон улсын хамгийн сайн жишигт нийцсэн байх шаардлагатай. Үүнд ТУЗ-ийн туршлага өндөртэй гишүүд чухал үүрэгтэй. IPO-д оролцох магадлал бүхий хөрөнгө оруулагчдад хэрэгтэй мэдээлэл агуулсан хөрөнгө босголтын төлөвлөгөө гаргасан байх, санхүү, хувь эзэмшигчдийн ил тод мэдээлэл чухал. Гэхдээ хөрөнгө оруулагчид цар тахалтай холбоотой Монголын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэдгээрийн үнэлгээнд хэр хэмжээнд нөлөөлж байгааг анзаарах хэрэгтэй. Ингэснээр банкуудын санхүүгийн бодит нөхцөлтэй танилцах боломж бүрдэх бөгөөд үнэлгээнд нөлөө үзүүлэх магадлалтай. Жижиглэн худалдааны хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах зохицуулалтуудыг МХБ-д бүртгэлтэй болохоос өмнө хийх хэрэгтэй. Ингэхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд хөрөнгө оруулалт хийхэд нь дэм болохуйц IPO-той холбоотоо мэдээлэл хүргэх нь зөв юм