Тавдугаар сард Турк улсын инфляцын түвшин сүүлийн 23 жилд байгаагүй хэмжээний буюу 73.5 хувийн өсөлт үзүүлжээ. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы уламжлалт бус стратеги бүхий мөнгөний бодлого удаан хугацаанд үргэлжилж буй энэ үед Туркийн иргэд хүнс, өргөн хэрэглээний бараа, эрчим хүчний үнийн огцом өсөлттэй тулгарсан нь энэ юм.
84 сая хүн амтай тус улсад хүнсний үнэ жилийн хугацаанд 91.6 хувиар өссөнийг Туркийн статистикийн газраас мэдээлсэн нь нийлүүлэлтийн гинжин хэлхээний саатал, эрчим хүчний өртөг, Украин дахь дайнаас шалтгаалсан дэлхийн инфляцын өсөлт зэргийн нөлөөг ихээр амсаж буй жирийн хэрэглэгчдэд дарамт нэмсэн явдал болжээ.
Туркийн эдийн засаг олон жилийн турш хурдацтай өсөлттэй байсан ч Эрдоган үүнээс үүдэлтэй инфляцыг бууруулахын тулд хүүг өсгөхөөс татгалзаж, тэр ч байтугай зээлийн хүүг өөрийнхөө дайсан гэж тодорхойлсон юм. Улмаар турк лирийн ханш огцом унаж, дундаж турк иргэний зарцуулалтын хэмжээ хамаагүй багассан байна.
Түүнчлэн Эрдоган өнгөрсөн онд инфляцын түвшин өссөөр байсныг үл харгалзан улсынхаа төв банканд зээлийн хүүгээ бууруулахыг удаа дараалан даалгажээ. Түүний үйлдлийг эсэргүүцсэн төв банкны удирдлагуудыг даруй ажлаас нь чөлөөлж байсан бөгөөд улмаар хоёрхон жилийн дотор Туркийн төв банк дөрвөн өөр ерөнхийлөгчийн нүүр үзсэн байна.
Тэрбээр лирийн ханшийг буулгаснаар экспортын баялгийн өсөлтийг бий болгож, цаашлаад Туркийн олон жилийн худалдааны алдагдлаас ангижрах замаар инфляцыг даван туулах эдийн засгийн шинэ загварыг бий болгохоо амласан юм. Харамсалтай нь энэ төлөвлөгөө бүтээгүй бөгөөд асар өндөр үнэтэй эрчим хүчний импортыг сул ханштай лирээр бус их хэмжээний доллараар төлөх ёстой болсон нь эдийн засагт хүчтэй дарамт учруулсаар байна.