Ерөнхий боловсрол олгох уламжлалт танхимын сургалтын системийг Б.Солонго технологийн тусламжтайгаар өөрчлөн, хүүхдүүдэд төрөл бүрийн ур чадвар олгох, чөлөөтэй хөгжих боломж бүхий “Элфийн ертөнц” болгон хувиргажээ. Тэрбээр сургалтын энэхүү шинэ арга барилаараа ирээдүйд бэлтгэгдсэн хүчирхэг хүмүүсийг бэлтгэхээр зорьж байна.
Тогтсон суурь мэдлэг, мэдээллийг авснаа батлах ямар нэгэн диплом, гэрчилгээтэй бол боловсролтой, чадвартай, хүчирхэг хүнд тооцогддог ойлголт үгүйсгэгдэж, амжилтын теорем хувьссаар байна. “Хүн сургууль, сурах бичгээс бүх мэдлэгийг авах боломжгүй” хэмээн өгүүлэх Б.Солонго академик мэдлэгээс гадна цаг тутам хувьсан өөрчлөгдөж буй технологийн эринд бэлтгэгдсэн хөрвөх чадвартай, бие махбод болоод сэтгэл санаагаараа эрүүл, аливаа асуудлыг шийдвэрлэж чаддаг, бүх талаараа хөгжсөн хүнийг ирээдүйд хүчирхэг хүн хэмээн тооцно гэж тайлбарлаж байна. Харин эдгээр чадварыг технологийн тусламжтайгаар хүн бүрд хүртээмжтэй хүргэх зорилттой Эко гэр цэцэрлэг, ELF сургуулиудын цогцолбороо тэд “Элфийн ертөнц” хэмээн тодорхойлжээ. Тэдний тооцоолсноор хүчирхэг хүнийг бүтээхийн тулд мэдлэг, боловсрол олгохоос гадна амьдралын хэв маягт нь нөлөөлж, дэмжих хэрэгтэй аж.
Цар тахлын үед орчин үеийн сургалтын гол хэрэглүүр болж буй контентын арга барилд багш нар биш, харин хүүхдүүд бэлэн байсан хэмээж байна. Хүссэн мэдээллээ интернэт орчноос төвөггүй авах боломжтой цаг үед амьдарч байгаа хүүхдүүдэд самбар, шохойгоо бариад уламжлалт аргаар хичээл заах нь үр дүн муу гэсэн юм. Харин хүүхдүүдийн үзэж байгаа сувагт тохируулан хичээлийн контентыг бэлтгэх хэрэгтэй болсон гэдгийг цар тахал илүү сайн ойлгуулсан гэв. ELF-ийн сургуулиуд нь онлайн болон танхим хосолсон хосолмол хэлбэрээр үйл ажиллагаагаа зохион байгуулснаар сургуулиуд танхим, суудлынхаа тоогоор хязгаарлагдаж цөөхөн хүүхэд сургах биш, илүү олон хүүхдэд хүрч ажиллах боломжийг бүрдүүлжээ. Тэд зөвхөн сурах бичгийн мэдлэгээр хязгаарлахгүй өөр олон эх сурвалжаас, цээжилж биш мэдлэгээ хэрэгжүүлж, ашиглаж сурах хөтөлбөрийг хэрэгжүүлж. ELF өөрсдийн боловсруулсан энэ хөтөлбөр, технологийн хөгжүүлэлтийн дүнд дэлхийн хүн амын нэг хувь нь л авч чаддаг элит боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгохыг зорьж байна. Харин энэ урт хугацааны зорилтдоо хүрэхэд технологи гүүр нь байх болно гэдэгт тэд итгэж буй. Энэ ч утгаараа тэд ELF сургуулиудынхаа дэргэд Tomujin Digital, Tiny, Elf Hearts, TASS зэрэг технологид суурилсан боловсролын платформуудыг хөгжүүлж, өнгөрсөн хугацаанд зөвхөн технологийн хөгжүүлэлтэд л гэхэд гурван тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Тухайлбал, тэдний хөгжүүлсэн Tiny платформд бүх төрлийн боловсролын контент бүтээгчид бүтээлээ оруулах боломжтой байх аж. Тус платформын анхлан танилцуулах бүтээгдэхүүн нь MAP буюу тэдний салбар Томүжин Академийн зургаан жилийн турш боловсруулсан дэлхийн шилдэг их, дээд сургуулиудад бэлтгэх хөтөлбөр байх аж.
ДЭЛХИЙН ХҮН АМЫН НЭГ ХУВЬ НЬ Л АВЧ ЧАДДАГ ЭЛИТ БОЛОВСРОЛЫГ БҮХ НИЙТЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛГОХОД ТЕХНОЛОГИ ГҮҮР НЬ БАЙХ БОЛНО ГЭДЭГТ ТЭД ИТГЭДЭГ.
Харин Elf Hearts аппликэйшн нь хүнийг бүх талаас нь хөгжүүлэх зорилготой бөгөөд багш ажилтнууд, сурагчид нь тогтмол хэрэглэж, дотооддоо туршаад эхэлсэн гэв. Багш нарын ажлын гүйцэтгэл, хувь хүний хөгжлийг сайжруулах, урамшуулах системийг бий болгосон уг аппликэйшнийг цаашид бусад компани ч хүний нөөцөө чадавхжуулж, бизнесээ амжилттай удирдахад ашиглах боломжтой хэмээн харж байгаа аж. Тэр “Энэ бол боловсролыг технологиор дамжуулан хүртээмжтэй болгох манай анхны алхмуудын нэг” хэмээв.
“Ямар ч салбар технологиос салангид байх боломжгүй болсон учраас бид хамтад нь хөгжүүлэхээс өөр аргагүй байна” гэх тэрбээр сургуулиа үүсгэн байгуулсан цагаасаа дэргэдээ технологийн баг байгуулж, хүүхдүүдийн суралцах процесстой холбоотой хөгжүүлэлтүүдийг хийсээр байгаа гэв. Харин өдгөө тэр Монголын анхны хиймэл оюуны лабораторийг байгуулахаар ажиллаж байна. Тэд хиймэл оюуны тусламжтайгаар хүний суралцах чадварыг хэрхэн сайжруулж, хялбарчилж болох зэргийг судалж, энэ цагийн шинэ технологи хиймэл оюунд суурилсан тархи судлалын шинэ бүтээгдэхүүн бүтээхээр төлөвлөсөн аж.
Эрхзүйч мэргэжилтэй тэрбээр карьерынхаа турш худалдаа, үйлчилгээ, барилгын салбарт 10 гаруй жил, боловсролын салбарт зургаа дахь жилдээ ажиллаж буй нэгэн. “Өөрөө хүүхэдтэй болсны дараа хүүхэд аюулгүй өсөж, сурч, хөгжих боломж манай улсад хомс байгааг илүү их мэдэрсэн” гэв. Ингээд өөрт тулгарсан асуудлаа шийдэх гаргалгааг хайсан тэрбээр хүүхдээ аюулгүй тоглуулж, ээжүүд нь тухтай хооллож болохуйц Монголын анхны органик рестораныг (Ingrid) нээж байв. Үүний дараа хүүхэд нь цэцэрлэгт орох болоход мөн л түүний өмнө олон бэрхшээл тулгарсан бөгөөд ээжүүд нь хүүхдээ үлдээгээд сэтгэл амар, ажилдаа бүрэн анхаарах боломжийг олгох зорилгоор 2015 онд Эко гэр цэцэрлэгийг үүсгэн байгуулжээ. Ингэж ажиллах явцдаа тэр Монголд сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэж буй суурь системээсээ эхлээд алдаатай байгааг анзаарсан гэлээ. “Хэчнээн чадвартай багш байсан ч энэ цаг үеийн хүүхдүүдийн хөгжлийн онцлогийг мэддэг, өөрөө зэрэгцэж хөгжиж чаддаг хүн биш л бол хүүхдэдээ гологдож байна” хэмээв.

Тэрбээр цэцэрлэгийн үйл ажиллагаагаа эхлүүлэх үед хүүхдүүд сурах, хөгжихөд бэлэн, тэдний боловсруулсан хөтөлбөр амжилттай хэрэгжиж байсан ч давхар аав, ээжтэй нь “ажиллах” хэрэгтэйг мөн анзаарчээ. “Цэцэрлэг байгуулахдаа бид нэг талд багш нараа бэлтгэж байсан бол нөгөө талд аав, ээжийг нь давхар сургах хэрэг гарсан. Ингэж гурван талаас нийлж байж сая ирээдүйн хүчирхэг иргэнийг бэлтгэх боломж бүрдсэн” хэмээн Б.Солонго хэлэв. Гэтэл охин нь 2017 онд сургуульд орж, түүний хэлснээр “унтарч” эхэлснээр сургууль байгуулах төслөө эхлүүлсэн аж. Ингэж өөрийн хүүхдүүдийнхээ өмнө тулгарсан боловсрол, хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсролын салбарт ажиллаж эхэлсэн тэрбээр өдгөө Эко гэр цэцэрлэгээс гадна бага, дунд, ахлах сургуулиас бүрдсэн ELF цогцолборыг бий болгоод байна. Жижиг, том ялгаагүй аливаа ажлыг байгаагаас нь заавал ахиулах, өмнөх хүнээс нь илүү чанартай хийх гэсэн эрмэлзэл, хандлага карьерыг нь өнөөгийн түвшинд хүргэсэн хэмээн Б.Солонго хэлж байв. Таван хүүхдийн ээж тэрбээр олон төслийг зэрэг эхлүүлэн амжилттай удирдаж, ямар ч ажилд түүртэхгүй байх чадвараа ээжийн ажлын туршлагатайгаа холбов. “Ээжийн ажлаа сайн хийж чаддаг хүн бусад ажлыг амжилттай гүйцэтгэж, зохион байгуулахдаа ч гарамгай байдаг. Би ээж байх амьдралын хэв маягтаа дуртай. Мөн ажлын шаардлагаар маш олон аав, ээжтэй ярилцдаг. Тэр туршлагаас харахад манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ өөрөөр нь сургах, хөгжих итгэлийг өгөх хэрэгтэй шиг санагдсан. Нэг ёсондоо хүүхдэд алдах боломж, эрхийг олгох хэрэгтэй” гэв.
ELF-ийн төлөвлөгөөнд өглөө болгон дасгал хийдэг, эрүүл, зөв хооллодог, дунд сургуулийн сурагч байхаасаа амьдралын олон чадварт сурсан эрүүл хүнийг бий болгох зорилт дээгүүр байр эзэлнэ. Энэ нь олон төрлийн чадвартай, орон орны хүмүүстэй дэлхийн хаанаас ч нэг баг болж ажиллаж чаддаг, ирээдүйд бэлтгэгдсэн хүнийг олноор нь бэлтгэх тэдний зорилготой яв цав нийцэх аж. “Амжилттай, аз жаргалтай, хүчирхэг хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл эрүүл хүнийг л хэлнэ. Тиймээс бид хүүхдүүдээ дасгал хөдөлгөөн хийдэг, эрүүл зөв хооллодог, зөв хандлагатай хүн болгон хөгжүүлж, ирээдүйд амжилттай ажиллаж, амьдрах дадал зуршлыг суулгахыг зорьдог” хэмээв. Харин том зургаараа ганц сургуулийн орчинд авч байгаа боловсролын энэ эерэг үр дүн, дадал нь эцэг, эх ойрын хүрээллийн хүмүүсээр дамжин нийгэмд тэр чигээр нь нөлөөлөх боломжтой гэж тэд харж байна.
“Манай сургалтын хөтөлбөрийн 25 орчим хувь нь л академик мэдлэг олгоход чиглэсэн. Гэхдээ бид нэгдүгээр ангийн хүүхэд төгсөхдөө уншиж, бичиж сурсан байх ёстой гэх мэтчилэн Монгол Улсын боловсролын стандартад заасан академик үр дүнг биелүүлэн ажилладаг. Харин ямар аргаар сургахыг нь бидэнд даатгахыг эцэг, эхчүүдээс хүсдэг” хэмээн тэрбээр өгүүлж байна. Тус сургууль нь сурагчдаа өргөдлийн системээр сонгож элсүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд л гэхэд 5,000 өргөдөл ирснээс 500 хүүхдийг сонгон авчээ. Тэр “Өргөдлийн системийн тусламжтайгаар бид олон төрлийн чадвартай хүүхдүүдийг нэг дор цуглуулах боломжтой байдаг. Ингэснээр хүүхдүүд сургуулийн орчноос илүү олон зүйлийг сурах боломж бүрддэг” гэлээ. Учир нь зөв хандлага, олон төрлийн ур чадвартай хүүхдүүд бие биедээ эергээр нөлөөлөх нь элбэг аж. Харин өргөдлөөр тэнцсэн ч санхүүгийн боломжгүй сурагчдадаа тэд тэтгэлэг олгодог. Зөвхөн энэ жилийн хувьд л гэхэд гурван сургуулийн 800 гаруй сурагчийнхаа 60 хувьд нь шаардлагатай дүнгээр тэтгэлэг олгосон нь 10 тэрбум орчим төгрөгөөр хэмжигдэж байна.
“20 жил ажилласан туршлагатай багш бол бидний ирээдүй биш. Харин хөгжих хүсэлтэй, шинэ зүйлийг байнга туршдаг залуус бидний ирээдүй” хэмээн Б.Солонго тодорхойлов. “Манай ахлах ангийн сурагчид нэгхэн мэргэжил эзэмшихийн тулд дөрвөн жил зарцуулах нь хэтэрхий хайран бөгөөд үүний оронд илүү олон чадварт суралцах боломжтой гэх нь түгээмэл байна. Тэд өөр олон сувгаас сурах боломжтой болсон учир академик боловсролын системд захирагдах нь хэтэрхий өрөөсгөл ойлголт болж хувирсан” хэмээн өгүүлэх тэрбээр хүүхдүүдийн хамгийн сайн ашиглаж сурсан платформ, контентуудаар дамжуулан академик боловсролыг олгох нь хамгийн зөв хувилбар гэж харж буй.
Саяхан тэд салбар сургуулиудынхаа захирлуудыг дотоодоосоо сонгон шалгаруулахад бүгд эмэгтэйчүүд болжээ. Ажил, амьдралаа амжилттай авч яваа чадварлаг бүсгүйчүүдээр удирдлагын багаа тэлж, боловсролын салбарт инновац хийж байна. “Эмэгтэй хүн аливаа зүйлийн жижиг хэсгийг ч орхилгүй нарийн мэдэрч чаддаг учраас хүүхэдтэй түлхүү харилцдаг боловсролын салбарын удирдах түвшинд ажиллах нь давуу тал болдог” хэмээв. Харин сургуулийн үйл ажиллагаа явуулна гэдэг нь нэг том байшинтай байгаад болчихдог зүйл биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэйг сануулав. Тэд сургуулийн байраа барихдаа тогтсон жишиг бүхий дөрвөлжин загвартай байхаас татгалзаж дугуй хэлбэртэй, ашигтай талбайгаас илүү нарны гэрэл сайн тусах зэргээр архитектур шийдлийн хувьд дотор нь буй хүмүүсийн сэтгэл ханамжийг чухалчилсан гэнэ. Гэхдээ ELF үүсгэн байгуулагдсан цагаасаа сургуулийн үйл ажиллагаа нь барилгаар хязгаарлагдахгүй, хаанаас ч суралцах боломжтой өөрсдийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг нэгдүгээрт тавьж хөгжүүлсэн. “Монголд сургууль тэлэхийг байшингаа томсгох, шинэ барилга барихтай дүйцүүлж ойлгодог шүү дээ. Харин бид анхнаасаа энэ загварыг өөрчлөхийг зорьсон” гэх тэрбээр ойрын хугацаанд нийслэл, орон нутгийн 20 орчим сургуулийг эгнээндээ нэгтгэх төлөвлөгөөтэй буйгаа дуулгав. Тухайлбал, ELF сургууль Хөвсгөл аймагт салбартай болбол тэндхийн сурагч хотод ирээд аль ч салбарт суралцах боломжтой байх аж.
Өөрсдийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөө илүү олон сургууль, магадгүй төрийн сургуулиуд дээр хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлж “Цаашид Монголын нэг сургуулийн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг олон улсын сургуулиуд хэрэгжүүлэхийг үгүйсгэх аргагүй” гэв. 240 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий зургаан салбар дахь 12 компанийн бүрдүүлж буй ELF группийн удирдах багт ажиллаж буй тэрбээр “Шинэ зүйлс сэдэж хийхэд мэдээж туршлага дутаж, олон асуудал тулгарна. Гэхдээ суурь арга барил болон зорилго нь зөв байхад заавал сайн үр дүн гардаг” хэмээв.
А.ПҮРЭВЖАРГАЛ