Хятадаас ялгаатай нь Вьетнам улс цар тахлыг бүрэн давж, сүүлийн жилүүдэд босгосон эдийн засгийн амжилтаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж байна. Урт хугацааны өсөлтөө Ханой цаашид хадгалж чадах уу?
Цар тахлын ид үе 2020 онд эдийн засаг нь өсөлт үзүүлсэн цөөхөн орны нэг нь Вьетнам юм. Энэ нь засгийн газрын эртхэн авсан эрс арга хэмжээ, мөн “zero covid” стратегийг хэрэгжүүлсний үр дүнд тархалтыг удаан хугацаанд бага хэмжээнд барьж чадсаны ач гэж үздэг. Гэвч 2021 онд делта хувилбарын тархалт тус улсад бүрэн хяналтаас гарч, улмаар инфляцын өсөлт, гаднын томоохон компаниудын үйлдвэрлэлийн саатал Вьетнамын эдийн засгийн өсөлтийг 2.58 хувь хүртэл унагажээ.
Ийнхүү эрх баригчид вирустэй тэмцэх стратегийг яаралтай өөрчилж, баруунд үйлдвэрлэсэн вакцинаар дархлаажуулалтын аяныг эхлүүлжээ. “Вьетнам харьцангуй хурдан хугацаанд хэвийн байдалдаа орсон нь тус улсын тогтолцоо дасан зохицох чадвар сайтайг харуулсан” хэмээн Герман дахь Ази Номхон Далайн Бизнесийн Холбооны менежер Даниел Мюллер өгүүлжээ.
Цар тахлын бүх хорио, хязгаарлалтаа цуцлаад буй Вьетнамын эдийн засаг 2022 онд 6.5 хувь, 2023 онд 6.7 хувиар өсөх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн Банкнаас таамаглажээ.
Үйлдвэрлэл Хятадаас Вьетнам руу шилжиж байна
Вьетнам дахь боломжийг анзаарсан олон компани, ялангуяа цахилгаан барааны компаниуд тус улсын зах зээлд их хэмжээний мөнгө хаяж байна. Өндөр технологийн үйлдвэрлэл ч Хятадаас Вьетнам руу шилжих чиг хандлага ажиглагдаж эхэллээ.
Жишээлбэл Өмнөд Солонгосын технологийн аварга “Samsung” Вьетнам дахь үйлдвэрлэлдээ 920 сая ам.долларын хөрөнгө оруулах болохоо хоёрдугаар сард зарласан. Түүнчлэн “Luxshare Precision Industry”, “Goertek” тэргүүтэй Хятадын цахилгаан барааны үйлдвэрлэгчид, Тайвань дахь iPhone угсралтын “Pegatron” компани Вьетнам руу үйлдвэрээ нүүлгэжээ. Хамгийн сүүлд л гэхэд “Apple” компани урд хөршийн Covid19-ийн эсрэг хатуу бодлогоос “залхаж”, Вьетнам болон Энэтхэг дэх үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарч эхэлсэн тухай мэдээлэл гарсан билээ.
“Гэхдээ жинхэнэ хөдөлгөөн хараахан эхлээгүй байна. Өдгөө Хятад дахь бизнесийн сэтгэл ханамжгүй байдал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд байгаа.” хэмээн Мюллер өгүүлэв.
Өсөлтөд саад болж зүйлс бий
Ирээдүй гэрэлтэй байгаа ч Вьетнамын эдийн засагт учирч буй сорилтууд бас бий. Нэгдүгээрт Вьетнам дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гүн гүнзгий интеграцлагдаж байгаа нь нэг талаараа аз завшаан, нөгөө талаар томоохон эрсдэл юм.
Юуны түрүүнд тэдний нээлттэй эдийн засгийн бодлого нь дээрх өсөлтийн гол нууц. Гэвч цар тахлын үед нийлүүлэлт нь байнга тасалдаж, эсвэл хоцорч байсан түүхий эд, сэлбэг эд ангийн хангамжаас Вьетнам улс хамааралтай гэдэг нь сөрөг тал болдог.
Мөн АНУ, БНХАУ-ын геополитикийн хурцадмал байдалд өртөх магадлал өндөр бүс нутгуудын нэг нь Вьетнам юм.
Тиймээс нийлүүлэлтийн уян хатан сүлжээ нь Вьетнамын эдийн засгийн тогтвортой байдлын түлхүүр юм. Гэвч шинжээчдийн үздэгээр тус улс энэ чиглэлээр дэлхийд хангалттай байр суурь эзэлж чаддаггүй. Жишээлбэл нийлүүлэлтийн бүх үйл явц, үе шатуудыг бодит цаг хугацаанд хянаж, илүү үр дүнтэй болгодог цахим нийлүүлэлтийн хэлхээнд хандуулах анхаарал тус улсад харьцангуй сул байна.
Үүний тулд цаашид бүх шатан дахь мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Мюллер онцоллоо. Өдгөө Вьетнамын боловсрол, мэргэшүүлэх тогтолцоо өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахад хүрэлцэхтэй үгүйтэй байгаа гэж тэрбээр үзэж байна.
Эх сурвалж: Deutsche Welle