Нэгэн үе хэт баригдмал хэмээн шүүмжлүүлж байсан “Microsoft” өнөөдөр салбартаа цойлж байна. Программ хангамжийн эзэнт гүрэн “Microsoft”-д нэвтрэх шалгуурыг бууруулж соёлын хувьд шинэчлэл хийснээс гадна үүлэн технологийг онцгойлон хөгжүүлсэн нь өдгөө тус компанийг удирдаж буй Сатья Наделлагийн амжилтын нууц.
Ажлаа хүлээж аваад хоёр дахь жилтэйгээ золгож байсан “Microsoft”-ийн гүйцэтгэх захирал Сатья Наделла 2016 оны эхээр шинэхэн ажилтнаасаа зөвлөгөө авахад хүрчээ. “Microsoft” дөнгөж худалдаж аваад байсан аппликэйшн хөгжүүлэгч компанийн үүсгэн байгуулагчийг тэрбээр дуудаж, уулзахыг хүсэв. “LinkedIn”-ийг 27 тэрбум ам.доллараар худалдаж авах нүсэр ажлын ард гарахад ойрхон байсан Наделла түүнтэй “Microsoft”-д нэгтгэхийг хүссэн өөр нэгэн компани буюу “GitHub”-ийн талаар ярилцахыг хүсэв. Тэрбээр түүнээс “Бид ‘GitHub’-ийг авч чадах болов уу? Бидэнд боломж байгаа юу?” хэмээн асуужээ.
Тухайн үеийн хариулт “Үгүй” байв. “GitHub” бол олон сая программ хөгжүүлэгчийг санал бодлоо хуваалцах, код солилцох, худалдаа хийх боломжоор хангадаг программ хангамжийн эх үүсвэр болсон сайт юм. Харин “Microsoft” 1990-ээд оны эхээр амжилтынхаа оргил үед салбарын түрэмгийлэгч гэсэн тодотгол зүүсэн бөгөөд “GitHub”-д тэдэнтэй холбогдох хүсэл алга байв. Гэтэл Вашингтонд төвтэй “Redmond” компанийг хоёр жил удирдсан Наделлагийн арга барилыг харсан “GitHub” 2018 оны зургадугаар сард “Google”-ийг бус, “Microsoft”-ийг сонгож гэнэтийн шийдвэр гаргасан юм.
Өөрөөр хэлбэл, 54 настай Сатья Наделла бүгдийг шинээр эхлүүлж, үүсгэн байгуулагч Билл Гейтсийн удирдлага дор анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе рүү нь эргүүлснээр компаниа аварчээ.
Тэрбээр “GitHub”-ийг худалдан авах 7.5 тэрбум ам.долларын гэрээг эцэслэснийхээ дараа анх удаа “Forbes”-т ярилцлага өгөхдөө “‘Бидний олсон нэг ам.доллар бүр 5, 10 ам.доллар болох боломжтой’ гэж Билл надад сургасан” гэсэн юм. Агуу компаниуд анх “Microsoft”-ийн кодыг түшиглэж “өсөж өндийж” байсан талаар Билл түүнд сануулдаг байжээ. “Microsoft”-ийг тэр үед нь аваачихын тулд тоосго нэг бүрийг дахин өрөх үүргийг Наделла хүлээсэн юм. “Тэр цаг үеийг өөрийн биеэр дахин туулахыг хүсэж байна” хэмээн тэрбээр өгүүлэв.
Наделлагийн ажлын үр дүн хаа сайгүй харагддаг. Тэрбээр “Microsoft”-ийн дуут туслахыг “Amazon”-ийн Алексатай нэгтгэж, “Samsung”-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлсэн бол хамгийн том амжилтыг нь санхүүгийн тайлангаас харж болно. Арваад жилийг уналттай үдэж байсан компанийн орлого өдгөө 184 тэрбум ам.долларт хүрч, хоёр оронтой хувиар өсөж байгаа нь “Office” программ болон “Amazon”-ийн үүлэн технологийн хүчирхэг өрсөлдөгч “Azure”-т түшиглэн хөгжүүлж буй өндөр үнэтэй, ашиг сайтай үүлэн технологийн цогц үйлчилгээтэй нь холбоотой.
2021 онд “Microsoft” зах зээлийн үнэлгээгээр “Amazon”, “Apple” хоёрыг ардаа орхиж байсан бөгөөд 2022 онд 2.1 их наяд ам.доллараар үнэлэгдсэн юм.
Энэ бүх амжилтын эзэн бол 2014 онд Стив Балмерын халааг авсан даруйдаа компанийнхаа хатуу хана хэрмийг нурааж эхэлсэн Наделла юм. Урьд нь инженерээр ажиллаж байсан тэрбээр компанидаа “тогтмол өсөлт” хэмээх энгийн зарчим хэвшүүлсэн аж.
Наделла “iPhone” ашиглаж хэтийн зорилгоо танилцуулжээ. Тэрбээр гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш хэдхэн долоо хоногийн дараа iOS-д зориулсан аппликэйшн бүтээх орчныг хялбаршуулах үүднээс “Azure” үүлэн технологийн үйлчилгээгнээлттэй болгов.
Удаах жилд нь Наделла тайзан дээр “iPhone” утас ашиглаж бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Энэ бол 2010 онд зах зээлд “Windows” гар утас гаргасан ч бүтэлгүйтэж, улмаар энэ салбарын бизнестээ дэмжлэг болох үүденээс 2014 онд “Nokia”-ийн гар утасны салбар компанийг худалдан авч 7 тэрбум ам.доллар салхинд хийсгэсэн компанийн хувьд санаанд оромгүй явдал байлаа. Наделла удирдлагыг гартаа авсан даруйдаа холбогдох бүх гэрээг алдагдал хэмээн тооцжээ.
Харин хөшигний цаад талд тэрбээр өрсөлдөгчдөө дайсан хэмээн хардаг байгууллагын соёлыг өөрчлөх томоохон даваатай тулгарчээ. “Microsoft” бэлэн мөнгөний машин мэт ажиллаж байсан “Windows” үйлдлийн системийнхээ аюулгүй байдалд хэт анхаарч байх зуур “Salesforce” тэргүүтэй захиалгаар программ хангамж нийлүүлдэг компаниуд, үүлэн технологийн бүүм (тухайлбал, “Amazon Web Service”) зах зээлийг эзлээд амжжээ.
1988 онд Энэтхэгээс Америкт цагаачилж ирсэн Наделла бол захирлын суудалд суухынхаа өмнө компанийнхаа үүлэн технологийн шинэхэн бизнесийг тэргүүлж байсан дотоод ажилтан юм. Ажлаа авмагцаа тэрбээр удирдлагын шинэ багийг даруйхан томилж, түүнээс өмнө компанийг удирдаж байсан түрэмгий Стив Балмерын нэрлэсэнчлэн “хорт хавдар” буюу өрсөлдөгч “Linux” (программ хангамжийн үнэгүй эх үүсвэр) компани болон “Microsoft” хооронд үүссэн асуудлыг эхэлж цэгцэлсэн юм. Наделла үүлэн технологи хариуцсан захирлын албанд шинээр томилсон Скотт Гатритай хамтран “Linux”-ийг “Azure”-ийн мэдээллийн технологийн бүрэлдэхүүнд нэгтгэжээ. Өдгөө “Microsoft”-ийн үүлэн технологид суурилсан нийт компьютерийн системийн тэн хагас нь “Linux”-ийг ашиглаж буй. “Амжилтаа ахиулах тусам, ‘бүхнийг чадна’ гэсэн урам зориг бадарч, ‘Үзүүлээд өгье’ гэмээр байсан” хэмээн Наделла энэ тухайгаа өгүүлсэн юм.
Үүлэн технологийн салбарт анх хөл тавьсан “Amazon”-ийн давуу талыг сулруулах үүднээс (“Amazon Web Service”-ийн жилийн орлого 27 тэрбум ам.долларт дөхөж буй бол “Microsoft”-ийн “Azure” 10 тэрбум, харин “Google”-ийнх 3 тэрбум ам.доллартай тэнцэж байна) “Microsoft” тэдний түншүүдийг онилжээ. Өдгөө “Microsoft”-ын үүлэн технологийг идэвхтэй ашигласан үндсэн харилцагчдыг урамшуулах бодлого баримталж байна. Тэрчлэн “Azure”-тай хамтран ажилладаг компаниудад “нэг сумаар хоёр туулай буудаж”, өөр олон газартай хамтран ажиллах боломж бүрдэх юм. “Microsoft”-д 23 жил ажиллаад Балмерын үед ажлаасаа гарсан, өдгөө Сан-Матео хотын өгөгдөл хадгалах программ бүтээгч “Snowflake” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Боб Маглиа “Тэдний хийж байгаа зүйл биднийг үнэхээр гайхшруулсан. Үйлчилгээнд суурилсан ертөнцөд амьдарч байгаагаа Сатья маш сайн мэдэж байна” гэв.
Захиалгын аппликэйшнээ “Microsoft”-д даатгасан “Starbucks” компани “Microsoft”-оос зохион байгуулдаг дэлхийн технологийн хамгийн том арга хэмжээнд арав гаруй инженерээ илгээжээ. Энэ арга хэмжээ нь Наделлагийн эрин үед төрсөн бас нэгэн санаачилга юм. “Starbucks”-ийн технологи хариуцсан захирал Жерри Мартин-Фликингер тэднийг “Программ хангамжийн уламжлалт компани атлаа онцгой арга барилтай” хэмээн тодорхойлж байна.
Гэвч шинэхэн амжилтыг эрсдэл дагадаг тал бий. “Microsoft” хэрэглэгчдээ үүлэн технологид шилжүүлж, “Office 365” программ хангамжийн багц үйлчилгээг шинэчилсэн нь амжилтынх нь дийлэнхийг бүрдүүлдэг. “Компани өөрчлөлтийг хамгийн хялбар ажлаасаа эхлүүлж байна” хэмээн Лос-Анжелесын хөрөнгө оруулалтын фирм “Wedbush”-ийн шинжээч Дэн Айвз тэмдэглэсэн юм. Тоглоом, хайлтын систем, “Surface” таблет төхөөрөмж зэрэг олон салбарыг хамарсан “Microsoft” хэдий хүчирхэг компани боловч өөрийн амжилтад дахин бүдрэх магадлал бий. “Barclays” банкны шинжээч Раймо Леншоу “Тэдэнд хуучин байдалдаа эргэж орох эрсдэл бий” хэмээн энэхүү эрсдэлийг нь тайлбарласан юм. (Гэхдээ хоёул хувьцааных нь ханш өснө гэж таамаглаж буй).
Өдгөө “GitHub” төдийгүй “Minecraft” тоглоомыг хөгжүүлэгч (2014 онд 2.5 тэрбум ам.доллараар авсан), аппликэйшн хөгжүүлэх хэрэгсэл нийлүүлэгч “Xamarin” (2016 онд 400 сая ам.доллараар авсан гэж мэдээлсэн), “LinkedIn” компанийг өөртөө нэгтгээд буй Наделлагийн баг хатуу заалттай, урт хугацааны гэрээ байгуулахгүй байх гэхчлэн анхаарах ёстой асуудал цөөнгүй бий. Компанийн туулсан түүхээс харахад энэ бүх компаниудыг нэгтгэж, нэгэн цул болгох хүндхэн ажил Наделлаг хүлээж байна. Тэрбээр энэ асуудлын шийдлийг өргөн хүрээнд тодорхойлж, ажилтан, үйлчлүүлэгч, бизнесийн түнш байтугай ааш муутай код бичигч бүрийг сэтгэл хангалуун байлгаснаар “Microsoft” өсөн дэвжинэ хэмээн үзэж байна. “Амжилттай бүтээгдэхүүн эргэн тойрныхондоо улам их амжилтыг түгээдэг” хэмээн Наделла энэ тухай хүүрнэсэн юм.
Тэрбээр энэ бүх бэрхшээлийг туулж, тавьсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тэртээ 2016 онд “GitHub”-ийн тухай зөвлөлдөж, улмаар гэрээгээ амжилттай байгуулан, гүйцэтгэх захирлаар нь томилсон “Xamarin”-ийн хамтран үүсгэн байгуулагч Нэт Фридман тэргүүтэй шилдэг залуусаа түшиглэн ажиллаж байна. Харин шинэхэн албан тушаалд томилогдсон Фридман “GitHub”-д нэгдсэн 31 сая хөгжүүлэгчид “Хүмүүс ‘Microsoft’-ийг эргэлзэлгүй сонгоно” гэх итгэл төрүүлэх үүрэг хүлээж буй.