Цар тахлын хөл хорионы улмаас онлайн орчинд ажиллах, зайнаас харилцах технологийг хэрэглээг илүү хялбар, дөхөм болгох шаардлага үүсэж, энэ чиглэлд ч томоохон дэвшил гарч байна. Энэ чиг хандлага Монголын жижиглэн худалдааны салбарт хурдацтай нэвтэрч зах, худалдааны төвүүд дэх худалдаа эрхлэгч бүр өөр өөрийн нэрийн дэлгүүрийг онлайн орчинд байгуулах болов.
Shoppy.mn цахим худалдааны платформ зах зээлд 2017 онд нэвтэрснээс хойш Монголын онлайн худалдааны салбарт үсрэнгүй дэвшил гарсан гэж хэлж болно. Тус платформын үндсэн шийдэл болох “Cody” систем нь худалдааны бизнес эрхэлж буй болон эрхлэхийг хүсэж буй хэн бүхэнд өргөн боломж нээж өгсөн юм. Shoppy.mn бол олон нийтэд танигдсан, брэнд бүтээгдэхүүнүүд, итгэл хүлээсэн найдвартай борлуулагч байгууллагуудын тухаа олсон газар. Гэтэл худалдааны салбарын 60 гаруй хувийг бүрдүүлдэг жижиглэнгийн худалдаа эрхлэгчид, анхлан хөл тавьж буй хувь хүмүүст шинэ хэвийн байдалд дасан зохицох арга замаа маш идэвхтэй эрэлхийлсэн хэвээр л байна. Өнөөдөр тэдний хамгийн түгээмэл ашиглаж байгаа платформ нь сошиал медиа юм. “Сошиал медиа юм уу зарын вэбсайтууд тодорхой түвшинд хэрэгцээг хангаж байгаа ч хүмүүсийн анзаарахгүй орхигдсон асуудлууд бий. Тухайлбал, аюулгүй байдал. Мөн зөвхөн хэрэглэгч ихтэйд нь найдаж буйгаас биш худалдаачид зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа. Учир нь сошиал медиа платформууд худалдаанд зориулагдаагүй болохоор үүнийг төвөгтэй болгодог” хэмээн “Intelmind” компанийн төсөл, хөрөнгө оруулалт хариуцсан захирал Д. Мөнхбаяр ярилаа.
Цахим худалдааны Shoppy.mn “их дэлгүүр”-ийг үүсгэн байгуулагчид энэ удаад онлайн “худалдааны төв” байгуулаад байна. Shoppy.mn олон нийтэд танигдаж, амжилт нь ахихын хэрээр худалдаа эрхлэгчид уг платформд өөрсдийн дэлгүүрийг байгуулахыг хүсэж, хандах нь нэмэгдэж ирсэн байна.
Shoppy.mn хэрэглэгчдэдээ зөвхөн брэнд бараа бүтээгдэхүүн санал болгоно гэсэн амлалтдаа үнэнч байж, албан ёсны бус бараа бүтээгдэхүүнийг байршуулдаггүй. Энэ нь олон мянган худалдааны бизнес эрхлэгч нарт өсөлт үзүүлэхэд нь хязгаар болдог байна. Тиймээс тухайн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Zary.mn төслөө хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн юм. “Бидний хувьд өөрсдийн бий болгосон экосистемийн хүрээнд Zary.mn-г гаргаж ирэхийг зорьж байна. Shoppy.mn, Coinhub.mn гэх мэт өөрсдийн нэгэнт татаад байгаа болон сошиал медиа дахь урсгалыг Zary.mn руу татахаар төлөвлөж байна. Тус платформын санал болгож буй шийдлүүд хүмүүст хүрээд ирэхээр жижиглэнгийн онлайн худалдаанд тулгарч байгаа олон асуудлыг яаж шийдэж болох байсныг хэрэглэгчид ойлгох байх” хэмээн тэрбээр ярив.
Zary.mn бол төлбөр тооцоо, маркетингийн хэрэгслүүд, аюулгүй байдал, урамшууллын хөтөлбөр гээд худалдааны бизнест тулгардаг асуудлууд болон түүнийг тогтвортой, өсөлттэй авч явахад тусалдаг олон боломжийг цогцоор шийдсэн платформ юм. Түүнээс гадна сошиал медиагийн давуу талуудыг шингээсэн байх талаар тэр мөн ярилаа. “Дэлгүүр нээлээ гэхэд нэг талбарт байгаа ижил чиглэлийн дэлгүүрээсээ ялгарах хэрэгцээ бий. Мэдэгдэл, баннер, sms болон и-мэйл маркетинг гэх мэт боломжуудаас гадна сошиал медиа шиг дуртай дэлгүүрээ дагадаг болно. Тэдгээр дэлгүүрт шинээр бараа орвол дагасан хэрэглэгчдэд харагддаг болно гэдэг ч юм уу хэрэглэгч, дэлгүүр хоёрыг яаж холбох вэ гэдгийг л их бодож тунгааж байна”.
Онлайн дэлгүүр нээх амар бөгөөд зардал бага болохын хэрээр өрсөлдөөн ширүүсэж, хэрэглэгчдэдээ хүрэх, үнэнч хэрэглээ бий болгоход улам бүр өртөгтэй болж байна. “Үүнийг Zary.mn дээр ч юм уу бага хэмжээнд бариад, хэрэглэгчдээ давтан худалдан авалт хийлгэх лоялти оноо зэрэг шийдлийг ашиглах боломжтой. Гаднын ямар ч платформд онлайн дэлгүүр нээх боломж бий. Гэтэл хэрэглэгчдийн урсгал тэднээс хамааралтай болчихдог сул талтай”-г Д.Мөнхбаяр сануулж байна.
“Худалдааны байгууллагууд өөрсдөө вэбсайттай байх эрмэлзэлтэй ч зөв үедээ эхлэхгүй бол маш их зардал дагуулдаг тул бизнесээ тэлэх, борлуулалтаа нэмэгдүүлэхэд саад болох нь ч бий” хэмээн тэрбээр ярилаа. Цахим худалдааны бусад талбараас Zary.mn-ийн ялгарах онцлог нь төлбөр тооцоо болон итгэлцлийн асуудлыг цогцоор шийдэж худалдаа хийх харилцаанд гарч буй “гар ажиллагааг” багасгаж байгаа явдал.
Үүний тулд тэд сонирхолтой олон шинэлэг боломжийг Zary.mn-ийн харилцагчдад санал болгохоор төлөвлөж байна. Тухайлбал, еbay.com-той адил онлайн дуудлага худалдаа зохион байгуулах. Дуудлага худалдаа ховор бараа, бүтээгдэхүүний зах зээлийн үнийг тогтоож, шударга наймаа хийх боломжийг олгодог билээ. Үүнээс гадна дуугаар хайх, харилцагчдынхаа өгөгдөлд шинжилгээ хийх, хэрэглэгчээ таних, үр ашигтaй, хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Zary.mn үйл ажиллагаагаа эхлүүлээд хэдхэн сарын хугацаа өнгөрсөн ч хэдийнээ 700 гаруй дэлгүүрийг нэгтгээд байна. “Энэ бол эхлэл. Энэ жилдээ 10 мянгаас дээш дэлгүүртэй болно гэсэн зорилт тавьсан” гэж Д.Мөнхбаяр ярилаа. Түүний үзэж буйгаар онлайн дэлгүүр гэдэг тусдаа ойлголт биш бөгөөд уламжлалт дэлгүүрээ дэмжиж, хоршин ажилласнаар илүү их амжилтад хүрч болно гэлээ. “Бас онлайн орчинд худалдан авалт заавал хийгдэх шаардлагагүй. Онлайн дэлгүүрт бараа байршуулах боломж хязгааргүй нь уламжлалт дэлгүүртээ хандалт татах том хөшүүрэг болдог” аж.
Үүсгэн байгуулагчид нь Zary.mn-ийг худалдааны салбарт хувьсал авчирна гэж итгэдэг. Түүний тайлбарласнаар энэ хувьсал нь соёлын түвшинд хийгдэх аж. “Манай систем зөв байхаас гадна худалдаа эрхэлж байгаа хүмүүс маань бизнесээ зөв авч явж, худалдан авагч талтай харилцаагаа таатай авч явах ёстой. Систем нь энэ тал дээр ихэд анхаарч буй боловч жижиглэнгийн худалдааны түвшинд хүний оролцоо зайлшгүй байсаар л байх болно. Тиймээс бид худалдаа эрхлэгч нартаа зөвлөж, ач холбогдлыг нь ойлгуулж байж л технологийн шийдэл, хүний оролцооны харьцаа жигд сайжирч, онлайн худалдааны бизнест зөв жишиг тогтоно” гэсэн юм. Худалдан авагч эхний худалдан авалтууддаа таагүй сэтгэгдэлтэй үлдэх нь дараагийн шийдвэрүүдэд нөлөөлдөг тул борлуулагчид зан байдал, онлайн сувгаа чухалчилж үзэх гэх мэтийг үл хайхрах нь онлайн худалдааны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг мөн тодотголоо.