Европын Холбоо 2020 онд хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээг 1990 оны түвшнээс 34 хувиар бууруулснаар дээрх хугацаанд 20 хувиар бууруулах зорилтоо давуулан биелүүлсэн болохыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцод илгээсэн албан ёсны тайландаа дурджээ.
Европын Хүрээлэн буй орчны агентлагаас өнгөрөгч мягмар гарагт гаргасан тус тайланд дурдсанаар Европын Холбоо 2019 онд ялгаруулалтын хэмжээг 26 хувиар, 2020 онд 11 хувиар бууруулсан байна. Үүнд covid19-ийн хөл хорио тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болохыг мөн онцолжээ.
Гэхдээ сүүлийн 30 жилийн турш ялгаруулалтын хэмжээг байнга буурах чиг хандлагатай байлгаж чадсанаар 1990 оноос хойш чармайн ажилласан зорилтоо биелүүлснийг дурджээ.
Дээрх хугацаанд Европын Холбоо голчлон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, нүүрсийг байгалийн хийгээр орлуулах замаар ялгаруулалттай тэмцсэн байна. 1990 онтой харьцуулахад нүүрсний хэрэглээ өдгөө гурав дахин багассан нь тус тайлангаас харагджээ.
Хэдий нийт боловсруулах үйлдвэрүүдийн ялгаруулалт буурсан ч ачаа тээвэр, хөргөлтийн болон агааржуулалтын системээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгаруулалт тус бүр 53 сая болон 80 сая тонноор нэмэгдсэн байна.
Түүнчлэн Европын Холбооны бараг бүх гишүүн орнууд ялгаруулалтаа бууруулж чадсан ч сүүлийн 30 жилийн дээрх үзүүлэлтийн нийт 47 хувийг Их Британи, Герман улсууд бүрдүүлсэн болохыг Европын Хүрээлэн буй орчны агентлаг мэдээлжээ.