Тэрбумтан Шерил Сэндберг 2008 онд “Facebook”-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал болсноосоо хойш тус платформыг өнөө цагийн технологийн аварга болоход голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Харин өнгөрөгч лхагва гарагт тэрбээр удаан хугацаанд хашсан албан тушаалаа энэ намар орхихоор болсноо зарласан юм.
Сонирхолтой нь 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй тэрбээр сүүлийн арваад жилийн турш “Meta” дахь хувьцаагаа идэвхтэй арилжсаар иржээ. Тодруулбал “Facebook” нээлттэй компани болсны дараахан буюу 2013 оны гуравдугаар сараас эхлэн Сэндберг компанидаа эзэмшдэг нийт хувьцааныхаа 92 хувийг зарсан болохыг “Forbes” тооцоолсон байна.
“Google”-ийн олон улсын үйл ажиллагаа, цахим худалдаа хариуцсан дэд захирал хийж байгаад Марк Закербергийн компани руу шилжсэн тэрбээр 2013 онд “Facebook”-ийн 17.9 сая нэгж хувьцааг эзэмшиж байжээ. Түүнээс хойш нийт 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хувьцааг зарж, мөн 350 сая ам.долларын хувьцааг өөрийн гэр бүлийн хандивын сангаар дамжуулан буяны үйлст зориулсан байна.
Өдгөө Сэндберг “Meta” группийн 0.1 хувь буюу 1.4 сая нэгж хувьцааг эзэмшиж байна. Пүрэв гарагт арилжаа хаагдах үеийн ханшаар үзвэл энэ нь 290 сая ам.доллар буюу түүний нийт хөрөнгийн 17 хувьтай тэнцэж байжээ. Харин хөрөнгийнхөө дөрөвний гурав орчмыг өнгөрсөн жилүүдэд хийсэн хувьцааны арилжаанаас бүрдүүлжээ.