NBA-ийн дөрвөн удаагийн аварга, олимпын наадмын хошой аварга Леброн Жэймс бусад сагсан бөмбөгчний хүрч байгаагүй өөр нэгэн амжилтыг карьерын хуудсандаа нэмж чаджээ.
Тэрбээр өнгөрсөн жил 121.2 сая ам.долларын орлого олж, нийт хөрөнгийн хэмжээ нь 1.2 тэрбум ам.долларт хүрснээр “Forbes”-ийн тэрбумтнуудын эрэмбэд албан ёсоор багтсан байна. Өдгөө 37 настай Леброн хэдий энэ жил плэй-оффыг өнжсөн ч идэвхтэй тоглож байхдаа тэрбумтан болсон анхны NBA-ийн тоглогч болсон нь энэ юм.
Түүний нийт хөрөнгийг бүрдүүлж буй татварын өмнөх орлогыг задлан харвал 385 сая ам.доллар нь “Cleveland Cavaliers”, “Miami Heat”, “Los Angeles Lakers” багуудын цалин болж иржээ. Үүгээрээ тэрбээр өнөө цагийн хамгийн өндөр цалинтай NBA-ийн тоглогч хэмээн тооцогдож байна. Харин 900 сая ам.долларыг зар сурталчилгаа, хамтарсан гэрээ, хувийн бизнес зэрэг “талбайн гаднах” эх үүсвэрүүд бүрдүүлсэн байна.
Ингээд тэдгээрийг товчхон танилцуулж байна.
1. The Spring Hill Company: $300 сая
Зар сурталчилгааны агентлаг “James’ Robot Company”, тамирчдад зориулсан платформ “Uninterrupted”, кино продакшн “SpringHill Entertainment” гэсэн гурван компани нийлж “The Spring Hill Company”-ийг бүрдүүлдэг.
2. Fenway Sports Group: $90 сая
NBA-ийн багийн эзэн болохыг үргэлж мөрөөддөг тэрбээр “Fenway Sports Group” хөрөнгө оруулалтын компаниар дамжуулан бэйсбол, хөл бөмбөг, хоккейн багуудад хувь эзэмших болжээ.
3. Үл хөдлөх хөрөнгө: : $80 сая
Нийлээд 80 сая ам.долларын үнэ цэн бүхий гурван үл хөдлөх хөрөнгийг Леброн эзэмшдэг. Төрөлх Акрон хотын дэргэдэх 10 саяын харш, Лос-Анжелесийн Брентвуд хороолол дахь 8 унтлагын өрөөтэй сууц, мөн Беверли Хиллсийн 1200 м.кв талбайтай, 36.75 саяын өртөг бүхий харш тэдгээрийг бүрдүүлнэ.
4. Blaze Pizza: $30 сая
Түүний олон жилийн турш хамгийн их анхаарал тавьсан бизнес нь “Blaze Pizza” бөгөөд тэр ч байтугай өөрөө кассан дээр ажиллаж, гудамжинд бүтээгдэхүүнээ тарааж байжээ.
5. Бэлэн мөнгө ба бусад хөрөнгө оруулалт: $500 сая гаруй
2014 онд “Beats by Dre” брэндийг “Apple”-д зарсан гурван тэрбум ам.долларын наймаа, фитнесийн “Beachbody” компанид авсан хувьцаа зэрэг томоохон бизнесүүдийн орлого нь дор хаяж хагас тэрбум хэмээн “Forbes” тооцоолжээ.