“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод 2030 онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээг 46-47 тэрбум ам.долларт хүргэх зорилт тусгасан. Энэ хүрээнд дэд бүтцийн төслүүд, уул уурхайг дагасан боловсруулах үйлдвэрүүдийг бий болгох асуудлууд яригдаж буй. Эдгээр том төслийг дагаад ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэглээг хэрхэн хангах вэ? гэдэг нь нэн даруй шийдэх ёстой асуудал болоод байна.
“Эгийн голын усан цахилгаан станц” төсөл урагшлах эсэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх судалгааны ажлыг Монголын “Престиж инженеринг” ХХК гүйцэтгэж байна. Эгийн голоос Байгал нуур хүртэлх бүс нутаг дахь биологийн олон төрөл зүйлийн судалгааг Франц улсын санхүүжилттэйгээр хийж буй хөндлөнгийн судалгааны үр дүн нь Монголын эрчим хүчний системийн гол зангилаа болсон сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд хоёр хөрш улсын хооронд үүсээд байгаа ойлголтын зөрүүг арилгахад нэг чухал алхам болох юм.
“Надад анзаарагдсанаар оросууд тодорхой хэмжээнд хийсэн мэргэжлийн судалгааныхаа үр дүнгийн хүрээнд шаардлага тавиад байгаа юм. Бид яг тэр хэмжээний судалгааны ажлыг хийх хэрэгтэй. Тэдгээрийн нэг нь бүс нутгийн байгаль орчны судалгааны ажил байх ёстой” хэмээн “Престиж инженеринг” ХХК- ийн гүйцэтгэх захирал Ш.Ганзориг ярилаа. Судалгааны ажил ирэх аравдугаар сард дуусах хүлээлттэй байна. Эрдэс баялгийн том ордууд олдож, түүнийг дагасан мега бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа говийн болон өмнөд бүсийн ирээдүйн асар их усны хэрэглээг хангах зорилготой дээрх төслийн автор нь үндсэндээ “Престиж Инженеринг” юм.
Хил дамнасан усны нөөцийг зүй зохистой ашиглах асуудалд хөрш орнуудын байр суурь зөрчилдөх нь олонтоо. Их яривал ус гэдэг дэлхий нийтийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдох эмзэг сэдэв тул яавч “Хувийн үзэл бодлоороо асуудалд хандаж болохгүй” гэдгийг тэрбээр яриандаа тэмдэглэсэн юм. Монголын гол, мөрнүүд савыг нь дүүргэх эх болдог Байгал нуур бол дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн, бүс нутгийн уур амьсгалын тогтвортой байдалд онц ач холбогдолтой. Түүнчлэн олон жилийн турш ярьж буй ч шийдэлд хүрэхгүй байгаа томоохон төслүүд болох Орхон-Говь, Хэрлэн- Говь төсөл ч үүнтэй төстэй шалтгааны улмаас удаашраад байгаа билээ.
Монгол Улсын усны хэрэглээг харвал нийт нөөцийнхөө өчүүхэн хувийг эзэлдэг. Үнэн хэрэгтээ нийт нөөцийнх нь 98 хувь нь байгальдаа хөндөгдөхгүй үлдвэл зохих нуур, цөөрөм. Гэсэн ч хоёр хувь гэдэг бага биш. Тодорхой хэлбэл, ашиглаж болох хэмжээ нь жилд 10-11 сая шоо км ус бөгөөд одоогоор 0.6 сая шоо км ус хэрэглэж байна. Гол асуудал нь хэмжээндээ бус газар орны орчин нөхцөлд буй. Энэ их усны 70 гаруй хувь нь нийт газар нутгийн 30 орчим хувьд буюу Хангайн уулархаг бүс нутагт хамаарна.
Нэг талаас усыг хайрлан, гамнах нь шат шатанд зайлшгүй хүлээх хариуцлага боловч түүний багагүй хувь зогсолтгүй урссаар бусдын “мэдэлд” очдог нь харамсалтай. Ашиглагдахгүй урсаж буй энэ “баялгийн” багахан хэсгийг шугам хоолойгоор дамжуулан говийн бүс дэх уул уурхай, боловсруулах үйлдвэр, цахилгаан станцуудын хэрэглээнд нийлүүлэх нь эдгээр төслийн үндсэн утга учир юм.
Өмнөд говийн бүсийг усаар хангах хэд хэдэн хувилбарыг авч үзсэнээс дээрх хувилбар нь хамгийн боломжит буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөл бага, эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь судалгаагаар тогтоогдсон байна. “Анх 2015 онд Дэлхийн Банкны “Уул уурхайн усан хангамжийг сайжруулах” төслийн хүрээнд анхан шатны судалгааг хийсэн юм. Энэ хүрээнд дан ганц гүний усаар хангахаас эхлээд гадаргын усыг ашиглах эсвэл хослуулах гэх мэт боломжит бүх хувилбарыг судалсан. Гүний ус хамгийн бага зардалтай хувилбар ч говийн газрын доорх ус 10-20 мянган жилд нөхөн сэргэдэг гэдэг. Харин гадаргын ус 14-28 хоногт сэргэдэг. Гэтэл гадаргын усыг ашиглахын тулд асар их хөрөнгө оруулалт, барилга байгууламж, нарийн судалгаа хэрэгтэй” хэмээн нөхцөл байдлыг тайлбарлалаа.
Ийм урьдач нөхцөл болон цаашдын өсөн нэмэгдэх хэрэгцээг тооцоолбол хосолсон хувилбар буюу гүний ус болон Орхон, Хэрлэн голын усыг хамтад нь ашиглах нь тохиромжтой гэсэн дүгнэлтэд хүржээ. Үүнийг лавшруулан судалж байгаль орчин болон нийгмийн нөлөөллийг олон улсын жишгээр үнэлэхэд ч эл хувилбар нь хамгийн боломжит сонголт байжээ.
Хил дамнасан усны нөөцийн асуудал Орхон гол дээр дахиад л сөхөгдөв. Гэхдээ хоёр тал огтоос ойлголцохгүй байгаа зүйл үгүй аж. “Бид арга замаа олж байгаа. Ажлын хэсгийн түвшинд хоёр тал үндсэн асуудлыг авч үзээд нэгдүгээрт, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал дээр биологийн олон янз байдлын судалгааг хийе гэдэгт, нөгөө нь Монголын нутаг дэвсгэрт усны дэд бүтцийн байгууламж барихтай холбоотойгоор “Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ”-г хийх нь зүйтэй гэдэг байр суурьт нэгдсэн. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг хийхдээ зөвхөн Монголын нутаг биш ОХУ-ын Байгал нуур хүртэлх бүх бүс нутгийг хамруулъя гэж тохирсон. Ингээд 2017-2019 онд судалгааны ажлын даалгавраа тогтоож баталсан. Одоо санхүүжилт хэрэгтэй байгаа юм. Үүнийг хийсний дараа асуудал ойлгомжтой болно” хэмээн Ш.Ганзориг ярилаа.
Ш.Ганзориг өмнөх нийгмийн байгуулалтын үед байсан “Усны хайгуул, төсөл, эрдэм шинжилгээний институт”-ийн сүүл үеийн бэлтгэгдсэн инженерүүдийн нэг. Зах зээлийн шилжилтийн дараачаар “Престиж Инженеринг”- ийг хамтран үүсгэн байгуулж, 30-аад жил хувийн хэвшилд ажиллахдаа Дэлхийн Банк, Мянганы сорилтын сан, НҮБ гэх мэт олон улсын байгууллагууд, гадаадын мэргэжлийн судалгааны хүрээлэнгүүдтэй хамтран Монгол орны усны нөөц, ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбоотой олон төсөл, хөтөлбөр дээр ажиллаж туршлага хуримтлуулсан нэгэн. Тиймдээ “Хүн хийж чаддаг юмаа олон улсын түвшинд хүрч л хийдэг байх ёстой юм байна. Би усны инженерийн хувьд тийм багийг л бүрдүүлэхийг зорьдог” хэмээн ярьж сууна.
Тэрбээр өөрийгөө үзэл баримтлалын хувьд либерал чиг баримжаатай хэмээгээд ус болон зарим хэрэглээ, үйлчилгээний салбарт үнэ чөлөөлөх хэрэгтэй гэж боддогоо хуваалцав. Дээрх төслүүдийн хувьд ч төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хэрэгжүүлбэл эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах нөхцөл баталгаажна гэж үздэг аж. Хосолсон хэлбэр нь гурван үе шаттай, 10-15 жилийн хугацаанд хэрэгжих юм. Эхний ээлжид Сайншандын гүний усны нөөцийг түшиглэн Тавантолгой орд руу шугам хоолой татах ажилд ойролцоогоор 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Дараагийн ээлжид Хэрлэн голоос Сайншандын насос станц руу шугам хоолой татах бөгөөд энэ нь мөн 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Гуравдугаарт, Орхон голын усыг туулах замын урт болон усны цутгалаас хамааран Булган аймгийн Хишиг-Өндөр сумын орчмоос татахаар тооцоолсон нь 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэх төлөвтэй байгаа аж.
“Энэ төслийг бид оролцогч талуудад мэдээллийг жигд хүргэж, бүх түвшинд ил тод, нээлттэй хэлэлцүүлгийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Бүгд ижилхэн түвшний мэдээлэлтэй болж байж зөв шийдвэр гарна” хэмээгээд “Мэдээж хүн ам, хөдөө аж ахуйн усны хэрэглээг чухал. Гэхдээ аж үйлдвэрийн усан хангамжийг хамгийн сүүлд тавьж болохгүй” гэлээ.
Ц.ЭЛБЭГСАЙХАН