БНСУ-ын SK групп тэрбумтан Билл Гейтсийн хөрөнгө оруулалттай цөмийн эрчим хүчний компани “TerraPower”-тай хамтран ажиллах болсноор цэвэр эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж буй Солонгосын ээлжит томоохон корпорац болжээ.
Тавдугаар сард тэрбумтан Чэ Тэ Воны SK группийн холдинг компани болох “SK Inc” болон түүний харьяа “SK Innovation” нь Вашингтонд төвтэй “TerraPower” компанитай “дараа үеийн цөмийн эрчим хүчний шийдлүүдийг хөгжүүлэхэд хамтран ажиллах” зорилгоор харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан аж.
Билл Гейтсийн 2006 онд үүсгэн байгуулсан “TerraPower” нь энгийн реактортай харьцуулахад бага зардалтай, барихад хялбар SMR буюу бага оврын, угсардаг цөмийн реакторын дизайныг гаргах чиглэлээр мэргэшсэн компани юм.
2020 онд цөмийн цахилгаан станц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд 41 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байсан бол 2030 он гэхэд 58 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Чэ Тэ Вон 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 200 сая тонноор бууруулна хэмээн өнгөрсөн жил амлалт өгч байв. Харилцаа холбоо, хагас дамжуулагчийн бизнесээрээ алдартай SK групп сүүлийн жилүүдэд нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай технологид хөрөнгө оруулах бодлого баримталж буй.
Дээрх гэрээнээс хэдхэн долоо хоногийн өмнө Өмнөд Солонгосын “Samsung”, “Doosan Group”, “GS group” гэсэн томоохон корпорацууд өөрсдийн SMR станцыг барих зорилгоор Америкийн цөмийн технологийн өөр нэгэн компани “NuScale”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ.