Урд хөршийн хэсэг судлаачид “SpaceX” компанийн хиймэл дагуулын интернетийн систем Хятад улсад ямар аюул учруулж болох, мөн үүнд ямар хариу арга хэмжээ авах нь зохистой эсэх дээр судалгааны ажил хэвлүүлснийг “South China Morning Post” мэдээлжээ.
Тодруулбал Хятадын батлан хамгаалах салбарын харьяалал бүхий таван судлаач өнгөрсөн сард “Modern Defence Technology” сэтгүүл дээр тус судалгааг хэвлүүлсэн бөгөөд “Starlink” систем нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй тул хиймэл дагуулуудын ажиллагааг хязгаарлах, эсвэл устгах арга олох хэрэгтэй гэсэн ерөнхий санааг дэвшүүлсэн байна.
Жишээлбэл “Starlink-ийн хамрах хүрээ өргөжихийн хэрээр өөр зорилгоор ашиглах боломж нь нэмэгдэх тул манай оронд илт бус аюул, сорилтуудыг авчирч байна” хэмээн тус судалгаанд дурджээ.
Өдгөө манай гаригийн тойрог замд буй “Starlink”-ийн хиймэл дагуулын тоо 2000-ыг даваад буй. Дэлхийн өнцөг булан бүрийн хэрэглэгчид, бизнесүүдийг өндөр хурдны интернетээр хангахын тулд “SpaceX” компани дээрх тоог 30 мянгад хүргэхээр ажиллаж байна.
Гэхдээ Хятадын судлаачид “Starlink” нь байлдааны ажиллагааны явцад Америкийн цэргүүд, нисэх онгоцыг интернетээр хангах зэргээр цэрэг зэвсгийн зориулалтаар давхар ашиглагдаж болзошгүй гэдэгт санаа зовж буй бололтой.
Үүгээр зогсохгүй “Starlink”-ийн хиймэл дагуулууд тойрог зам дахь байршлаа өөрчлөх, маневр хийх чадвартай тул Хятадын хиймэл дагуул болон пуужинг илрүүлэн мөшгөж, тэр ч байтугай устгах магадлалтайг тэмдэглэсэн байна. Иймд үүнээс сэргийлэхийн тулд програм хангамж болон техник хангамжийн хариу арга хэмжээг хөгжүүлэх зэргээр хүчирхэг “сансрын дайны стратеги”-тай болохыг тэд Хятадын эрх баригчдад уриалжээ.