Франц хэлний дархлаа, цэвэр байдлыг хамгаалах олон зуун жилийн түүхтэй бодлогынхоо хүрээнд Францын эрх баригчид даваа гарагт видео тоглоом сонирхогчдын дунд англи хэлнээс орж ирсэн түгээмэл нэршлүүд, этгээд үгсийг ашиглах журмыг танилцуулсан байна.
Францын соёлын яам болон тус улсын хэлний бодлогыг зохицуулагч “Académie Française” хүрээлэнгээс AFP агентлагт мэдээлэхдээ видео тоглоомын салбар дахь англи хэлнээс зээлсэн нэршлүүд нь сонирхогчид болон сонирхдоггүй хүмүүсийн хооронд нэг төрлийн “хэлний бэрхшээл” бий болгож буй тул дээрх журмыг гаргаснаа дурджээ. Түүнчлэн энэ нь “зайлшгүй ирэх асуудал гээд орхиж боломгүй хэлний доройтол” болохыг онцолсон байна.
Тус шийдвэрийн хүрээнд жишээлбэл “pro-gamer” гэх үгийг “joueur professionnel” (мэргэжлийн тоглогч), “cloud gaming”-ийг “jeu video en nuage” (үүлэн дэх видео тоглоом) хэмээн шууд орчуулж нэрлэсэн бол “streamer” гэх үгийг “joueur-animateur en direct” (шууд тоглогч-нэвтрүүлэгч), “eSports”-ийг “jeu video de competition” (өрсөлдөөнт видео тоглоом) хэмээн утгачилсан байдлаар франц хэлэнд буулгажээ.
Шинэ журмыг одоогийн байдлаар нийтийн дунд бус зөвхөн төрийн албан хаагчдын дунд хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлжээ.