Хуульчийн карьераа орхин боловсролын салбарт хөл тавьсан О.Хаш-Эрдэнэ өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр үүсээд байгаа ур чадвартай ажиллах хүчний дутагдал нь суурь боловсролын тогтолцоотой холбогдож буй тухай өгүүлж байна.
Nest Education IT School энэ хавар гурав дахь төгсөлтөө үзнэ. Төгсөгчид нь түрүүчээсээ ажлын байранд уригдаад эхэлсэн төдийгүй удирдах албан тушаал хашиж байна. “Манай төгсөгчид дотоодын их, дээд сургуулиудаа голж байна. Гадаадад сурах явах хүсэлтэй байна. Мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэдэг үндэсний их сургуулиуд маань эхний жилийн оюутнуудад мэргэжлийн хичээл ордоггүй. Өөрөөр хэлбэл, дотоодын их сургуулиуд хоцрогдоод эхэлж байна. Гэхдээ их сургуулиуд маань үүнийг ажиглаж, тодорхой хэмжээнд дохио авсан байх гэж найдаж байна” хэмээн О.Хаш-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа.
О.Хаш-Эрдэнэ 2014 онд ажлын байран дээр дутагдалтай ур чадвар, хандлагыг сурагчдадаа олгодог сургууль байгуулах үндэс санааг гаргасан нь олон хүнтэй уулзаж, хамтрагчдаа олж нэгдэхийн хэрээр мэдээллийн технологийн мэдлэг ирээдүйд гол чадвар болох нь тодорхой болж иржээ. 2019 онд байгуулагдсан “Nest Education IT School”-ийн эцсийн өмчлөгч 10 гаруй хүн бий аж.
“Боловсролын салбар дахь бизнес харьцангуй урт хугацаанд өгөөжөө өгдөг. Бидний хувьд анхнаасаа бизнесийн ашиг, олзыг нэгдүгээрт тавиагүй. Бизнес талаас яривал шууд ашгаас гадна дам нөлөө гэж бий. Бидний хувьд дам нөлөө нь хамгийн чухал байсан. Үүсгэн байгуулагчид маань бүгд ажил олгогч тул хөдөлмөрийн зах зээл дээр ямар ур чадвар дутагдалтай байгааг мэднэ. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол үндсэн бизнес маань өөрөө ирээдүйгүй болж байгааг бид олж харсан” хэмээн бизнесийг эхлүүлэх болсон тухайгаа тэрбээр ярьсан юм.
“Nest”-ийнхний эрмэлзэл нь олон улсын түвшинд ажиллах чадвартай нэг түмэн мэдээллийн технологийн инженерийг Монголд бий болох. Тэгж байж дэлхийн тэргүүлэх бизнесүүд Монголд оффисоо нээж, ирж ажиллана гэдэгт тэд итгэдэг байна. Ур чадвартай хүний нөөц хомстолтой байгаа учраас өнөөдөр гадаадын ямар ч компанийг уриад ирэх боломжгүй төдийгүй дотоодын амжилттай яваа мэдээллийн технологийн компаниуд нь хүний нөөцийн “архаг дутагдалтай” байгааг тэрбээр тодотголоо. “Олон улсын түвшинд ажиллах чадвартай инженерүүдийг цаашид улам олон болгохыг зорьж байна. Эцсийн зорилго бол бид гадагшаа явах биш гаднын компаниуд ирж ажилладаг болох. Нөлөөллийн хувьд аль болох нээлттэй байхыг хичээдэг. Зөвхөн манай ноу-хау гэж харамлаад байх сонирхолгүй. Тэртээ тэргүй манай сургуулийн хүчин чадал 600 сурагчаар хязгаарлагдана. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллах хүсэлтэй хэн байна бид хамтарч ажиллана” гэлээ.
Мэдээллийн технологи өнөөдөр бүхий л бизнесийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг нь болоод байна. Ажил олгогчдын шаардлагад нийцсэн мэргэжилтнүүдийг олноор бэлдэхэд шат шатны сургуулийн багшлах боловсон хүчний чадавхын асуудал хурцаар тавигдаж байгааг тэрбээр мөн хөндөв. “Диплом хувь хүний мэдлэг, чадварыг үнэлгээ болохгүй гэдгийг ажил олгогчид мэддэг болсон. Их, дээд сургуулийн төгсгөж байгаа мэргэжилтнүүд нь багш хийх боломжгүй хэмжээнд хүртэл хоцрогдоод байгаа. Тиймээс бид мэдээллийн технологийн багшийг сонгон шалгаруулж аваад, дахин сургаж байна. Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд мэдээлэл зүйн хичээл нь хүүхдэд үлдэц муутай. Хөтөлбөрийн агуулгын хувьд дан хэрэглээний программ заадаг нь ерөнхийдөө “Microsoft” гэдэг нэг компанийн хэрэглэгчийг бэлдээд байгаа нь хамгийн том алдаа. Үүнийг засаж, өөрсдөө бүтээх чиглэл рүү явж байж мэдээллийн технологийн үр шимийг хүртэнэ” гэсэн юм.

Монголд боловсролын түвшнийг үнэлэхдээ сурагчид өгсөн мэдээллээ эргэж асуух байдлаар дүн тавьдаг нь морин дээр мордуулахгүйгээр хэрхэн морь унаж, эдлэх талаар зааж байгаатай тэрбээр зүйрлэж байна. “Үүний үр дүнд их юм мэддэг юм шиг мөртөө, чаддаг юм багатай хүүхдүүд бий болдог. Математикийн нэг функцийг амьдрал дээр яаж хэрэглэдгийг тайлбарлаж өгөх хүн маш ховор. Амжилттай яваа хүмүүсийн ялгаа нь түүний хариултыг мэддэгт байгаа юм”. “Nest Education IT School”- ийн дунд, ахлах ангийн сурагчдын хувьд өөрсдийн төслийг бичиж, түүнийгээ бүтээгдэхүүн болгосноор өөрсдийн сурсан мэдлэг, чадвараа үнэлүүлдэг нь уламжлалт гэх юм уу, өнөөгийн сургалтын арга барилаас эрс ялгаатай.
Нөгөө талаас тус сургуулийн сурагчдад суух ёстой гол дадал, ур чадвар нь “Суралцахуйд сурахуй” буюу тасралгүй өөрийгөө хөгжүүлэх сэтгэл зүй юм. “Ирээдүйд хүн нэг ажлын байран дээр 30-40 жил ажиллах ямар ч боломжгүй. Тэгэхээр хүн байнгын суралцаж байх ёстой. Энэ тухай олон жилийн өмнөөс хүмүүс хэлж, ярьсаар байсан ч нийгмийн харилцаа нь тэр хэмжээнд хүрч хөгжөөгүй байсан хэрэг. Харин өнөөдөр нийгмийн харилцаа маш хурдтай болсон. Тэгэхээр боловсрол гэдэг маань эцсийн бүлэгт процесс юм” хэмээн тэрбээр тодорхойлж байна.
Бага сургуулийн хувьд арай өөр. Хүүхдийг суралцахуйд сургахаас өмнө түүний сурах эрмэлзлийг бөхөөхгүй байх нь чухал гэж тэд үздэг. Тиймээс бага сургуулийн сурагчдын уриа нь “Аз жаргалтайгаар суралцъя” буюу “Сурах дуртай хүүхэд” гэж томьёолжээ. “Хүүхэд анх сургуулийн хаалгаар орохдоо маш их аз жаргалтай, сэтгэл хөдлөлтэй орж ирдэг бөгөөд өөрийнхөө болон гэр бүлийнхээ хувьд маш чухал алхам хийж байгаагаа ухамсарлаж байдаг. Тэр галыг өшөө илүү өрдөж өгөх ёстой юм. Уламжлалт заах арга нь эдийн засгийн нөхцөл байдал, багшийн ачаалал зэргээс болоод үүн дээр алдчихсан гэж хардаг. Нэг багш 40- 50 хүүхэдтэй менежмент хийх хэцүү, ямар ч боломжгүй. Үүнээс болоод хүүхэд багшийн харилцаанаас эхлээд хүүхэд сурах үйлээсээ зугтаж эхлэх юм бол тэр хамгийн том аюул” хэмээсэн юм. Цэцэрлэгийн хувьд мөн энэ бодлогыг баримталдаг байна. Энэ жилээс дээд мэргэжилтэн бэлтгэж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд “Үндэсний технологийн институт”-ийг байгуулах талаар тавдугаар сард албан ёсоор нийтэд мэдэгдэх аж.
Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиудын гол даалгавар нь “Covid-19”-ийн дараах сурагчдын мэдлэгийн түвшинг жигдрүүлэх болоод байна. Энэ нь хоёр жил орчим үргэлжилж мэдэхээр байгааг О.Хаш-Эрдэнэ цохон тэмдэглэлээ. “Сурах үйл явц хоёр талтай. Зайны сургалт нь хувийн сахилга бат, ухамсрыг маш их шаарддаг. Энэ нь хүүхэд бүрийн онцлогоос хамаараад сайн болон саараар нөлөөлсөн. Одоо харьцангуй бэлтгэлтэй болсон ч гэсэн ерөнхий боловсролын сургуулийн хувьд бол аль болох танхимд хичээл орох ёстой. Эхний нэг жилийг маш харамсалтайгаар алдсан. Үүнийг ний нуугүй хэлж, тэр үеийн төрийн удирдлагууд ч гэсэн алдаагаа хүлээн зөвшөөрч байж хурдтай засаж, урагшилна” хэмээн үзэл бодлоо хуваалцсан юм. Боловсролын салбарын эцсийн үр шимийг хүртэгчийн хувьд ажил олгогчид энэ салбар дахь асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцох хэрэгтэй гэж О.Хаш-Эрдэнэ үздэг. “Монгол хүнд дэлхийн бусад улс, үндэстнээс дутуу юм үгүй. Мөн гоц гойд юм үгүй. Илүү алсыг харсан, зорилгоо нэгтгэж чадсан улс л илүү хөгжиж байна. Түүнийг бий болгохын төлөө ажиллаж байна” гэсэн юм.
Ц.ЭЛБЭГСАЙХАН