“Манай төслийг асуудал дагуулсан төсөл бус, харин хөгжин дэвжих боломж” гэж харахыг бид хүсдэг хэмээн Францын төрийн өмчит “Орано” группийн Уул уурхайн салбарын гүйцэтгэх захирал Никола Мас өгүүлж байна.
Ураны хайгуул хийхээр хамтарсан компаниа байгуулан 1996 оноос хойш манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани Дорноговь аймгийн нутагт 2002 онд Дулаан-Уул, 2010 онд Зөөвч-Овоо ордыг тус тус нээснээр Монголын ураны батлагдсан нөөц хоёр дахин нэмэгдэж 200 мянган тоннд хүрснээр ураны нөөцөөрөө дэлхийд 12 дугаарт бичигдэх болсон. Харин Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн арван жилд нээгдсэн дэлхийн хамгийн том ураны орд юм. Тус ордын олборлолт эхэлснээр жилд 60-70 мянган тонн уран эргэлддэг дэлхийн ураны зах зээлийн тав орчим хувь буюу 2,500 тонныг нь Монгол Улс дангаар нийлүүлэх юм. Бусад уурхайн бүтээн байгуулалттай харьцуулахад Зөөвч-Овоо ордынх цомхон байх боловч өгөөж нь бусдаасаа дутахгүй, мега төслийн хэмжээнд хүрэх боломжтой аж. Мас “Манай төслийн хувьд ил үзэгдэж харагдах дэд бүтэц багатай тул том бүтээн байгуулалт гэж харагдахгүй байж магад. Гэвч үр өгөөж нь бусад мега төслөөс огтхон ч дутахгүй” гэлээ.
Зөөвч-Овоо төсөл ирэх 30-35 жилд Монгол Улсын эдийн засагт татвар, хураамж хэлбэрээр нэг тэрбум ам.долларыг төвлөрүүлнэ. Жилд 35 орчим сая ам.долларын татвар төлөх тооцоотой тус уурхайн үндсэн олборлолт эхлэх үед 1,000 гаруй ажлын байр шинээр бий болж, гэрээт гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дамжуулан манай улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх эерэг үзүүлэлт их байгаа талаар Мас онцлон дурдав. Үүгээр ч зогсохгүй орон нутгийн иргэдийн өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг нэн тэргүүнд анхаарч хөрөнгө оруулж байгаа одоогийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээв.
Ураны олборлолттой холбоотой эргэлзээтэй хандлага нийгэмд түгээмэл. Тиймээс ч “Орано Майнинг” компани олон жилийн турш Монголын төрийн бус байгууллагуудын эсэргүүцэлтэй тулгарч байгаа талаар дурдаж байлаа. Цөмийн үйлдвэрлэл болон ураны уурхайн ялгааны талаар нийгэм зөв мэдээлэлгүй учир хооронд нь хольж хутгах тохиолдол элбэг. Дээр нь ураны уурхай өөрөө цөмийн салбарын нэг хэсэгт тооцогддог. Ноён Мас энэ талаар “Энгийн үгээр тайлбарлахад, уран бол өөрийнх нь цацраг идэвхт шинж чанартай холбоотойгоор амаргүй бодис. Олон нийтэд ураны талаарх мэдээлэл дутмаг байхын зэрэгцээ буруу ойлголт түгээмэл байдаг тул айж болгоомжилж байна” гэв.
Ураныг олборлосны дараа байгаль дээрх хэлбэрээр нь шууд хэрэглэх боломжгүй. Цөмийн цахилгаан станцад түлш болж очихоос өмнө хэд хэдэн шат дамжлагаар орох ёстой байдаг. Эхлээд химийн хувиргалт боловсруулалтыг хийж, улмаар баяжуулсны дараа түлш болдог. Химийн хувиргалт боловсруулалтыг Хятад, Орос, Франц, Канад, Америк гэсэн улсуудад л хийж байна. Баяжуулалтыг ОХУ, Хятад, Францад хийдэг. Харин байгалийн ураныг зөвхөн Хятад гэхгүй Европын орнууд, Япон руу экспортолж болно. Хэрэглэгчид хаана ч байж болох ч цөмийн түлшийг цөөн хэдэн улсад л үйлдвэрлэдэг талаар Никола Мас онцолж байв. Ураны уурхай цөмийн байгууламж биш гэдгийг тэр цохон тэмдэглээд байгальд оршиж буй ураныг газар доор уусган олборлох технологиор олборлох үед цацраг идэвхт хаягдал ялгардаггүй гэлээ.

Ноён Мас “Хэрэгжүүлж буй төслөө танилцуулах үүднээс төрөл бүрийн уулзалт, арга хэмжээний үеэр шинжлэх ухаанч, бодит мэдээллийг түгээж байгаа нь ураны олборлолт болон цацраг идэвхийн талаарх иргэдийн ташаа ойлголтыг бага багаар өөрчилж байна. Иргэдийн мэдлэг, хандлага хоёр жилийн өмнөхөөс илүү сайжирч, нааштай болжээ. Гэсэн хэдий ч буруу ойлголт байсаар байна” гэсэн юм.
Үйлдвэрлэлийн туршилтыг гардан гүйцэтгэж буй “Бадрах Энержи” компани өнгөрсөн зун туршилтаа эхлүүлсэн бөгөөд ингэхдээ дэлхийн ураны уурхайн 50 гаруй хувьд ашигладаг газар доор уусган олборлох технологи ашиглаж байгаа нь эдийн засгийн хувьд уул уурхайн ямар ч олборлолтоос илүү хэмнэлттэй, аюулгүй байдлыг хангасан мөн байгальд ээлтэйгээрээ давуу талтай аж. “Газар доор уусган олборлох технологиор олборлолт хийхэд 200 хүртэлх метрийн гүнээс шингэн төлөвт оруулсан ураныг цооногоор дамжуулан соруулж авдаг бөгөөд энэ үйл явцад ганц ч дусал ундны ус ашигладаггүй. Учир нь уран агуулсан давхаргын ус өнгөн хөрсний гүехэн усны давхаргаас ус үл нэвчих хэд хэдэн шавран үе давхаргаар тусгаарлагдсан байдаг. Тиймээс ураны олборлолт усны нөөц цаашлаад байгаль орчин, экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлөхгүй. Газрын хөрсийг хуулдаггүй учир тоос шороо босож, хаягдал үүсэхгүй, нөхөн сэргээлт хийхэд ч харьцангуй хялбар. Казахстан дахь манай ураны олборлолтын талбайд тэмээ болон бусад мал сүрэг бэлчиж байдаг” хэмээн Никола Мас цохон тэмдэглэв.
Дараа жилийн эхэн хүртэл үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилттай зэрэгцэн хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мас “Бид Монгол Улсын Засгийн газартай цаашид ил тод, бүх талыг хамруулсан байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах тал дээр санал нэгдсэн бөгөөд гэрээний яриа хэлэлцээгээр төслийн техник технологийн асуудлууд төдийгүй, олборлолтоос олох орлого, татварын нөхцөл, ногдол ашгаа хэрхэн хуваарилах зэрэг эдийн засгийн асуудлыг ярилцана” гэв.
Уур амьсгалын өөрчлөлт хурдтай явагдаж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа энэ үед нүүрстөрөгч ялгаруулдаггүй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ экспортын бүтээгдэхүүнээ солонгоруулан дэлхийн ураны зах зээл дээрх өрсөлдөөнөөс ашиг хүртэх боломж Монгол Улсад байна. 2030 онд олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөсөн уг төсөлд “Орано Майнинг” компани одоогоор 250 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан, цаашид нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна.
О.АГИЙМАА, Б.ҮҮРИЙНТУЯА