Английн хөл бөмбөгийн “Челси” клубийн эзэмшлийг Оросын тэрбумтан Роман Абрамовичаас Америкийн тэрбумтан Тодд Боэлигийн тэргүүлсэн консорциумд шилжүүлэх 5.4 тэрбум ам.долларын наймаа амжилттай болсныг даваа гарагт тус клубын зүгээс мэдэгджээ.
Украин дахь Оросын эзлэн түрэмгийлэл эхэлсний дараа Абрамович өөрийн клубээ зарах шийдвэр гаргасан боловч “Челси”-гийн дараагийн эзэн хэн байх эсэх нь хэдэн сарын турш тодорхойгүй байдалд байв.
Уг наймаа 2019 онд Хятадын тэрбумтан Жозеф Цай NBA-ийн Брүүклин Нетс багийг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан үнийн дүнгээс илүү гарч, түүхэнд спортын баг хамгийн өндөр үнээр зарагдсан тохиолдол болжээ.
Кремльтэй ойрын холбоотой гэсэн шалтгаанаар Их Британийн хориг арга хэмжээнд орсон Роман Абрамовичийн хувьд тус наймаанаас ашиг олохгүй бөгөөд олсон орлогыг Украины иргэдэд чиглэсэн хүмүүнлэгийн тусламжинд зарцуулахаар болсныг тус улсын засгийн газраас мэдэгдсэн байна.
Бэйсболын Лос-Анжелес Доджерс, сагсан бөмбөгийн Лос-Анжелес Лэйкерс багуудыг хамтран эзэмшдэг Тодд Боели, Марк Уолтер нар Швейцарын тэрбумтан Хансйорг Висс, “Clearlake Capital Group”-тэй хамтран дээрх консорциумыг байгуулжээ. “Forbes”-ийн тооцоолсноор нийт хөрөнгийн хэмжээ нь 4.5 тэрбумаар тоологдож буй Боэли нь дуучин Брюс Спрингстиний уран бүтээлийн эрх, спортын бооцооны фирм зэрэг өргөн хүрээнд хөрөнгө оруулалт хийн амжилтад хүрсэн юм.