Дэлхийн нийт хүн амын зургааны нэгийг бүрдүүлдэг Хятад улсад хүн амын тоо буурч эхлэхэд тун ойртжээ.
Сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд тус улсын хүн ам 660 саяас 1.4 тэрбум болж огцом өссөн ч энэ жил 1959-1961 оны их өлсгөлөнгөөс хойш анх удаа буурах чиг хандлага руу орсон байна.
БНХАУ-ын үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн тооцооллоор 2021 онд Хятадын хүн ам 1.41212 тэрбумаас 1.41260 тэрбумд хүрсэн буюу ердөө 480 мянгаар өссөн байна. Арваад жилийн өмнө жилд дунджаар 8 сая шинэ иргэн нэмэгддэг байсантай харьцуулахад энэ нь маш бага тоо юм.
Covid19-ийн эсрэг хатуу арга хэмжээ, түүнээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл нь төрөлт удаашрахад нөлөөлсөн байж болох ч дээрх үзэгдэл үүнээс ч өмнө үргэлжилж байсан аж.
1980-аад оны сүүлээр Хятадын төрөлтийн түвшин (нэг эмэгтэйд ногдох хүүхдийн тоо) 2.6 буюу нас баралтыг нөхөх түвшин болох 2.1-ээс хангалттай өндөр хэмжээнд байв. Харин 1994 оноос хойш энэ үзүүлэлт 1.6-1.7 хооронд байсан бол 2020 онд 1.3, 2021 онд ердөө 1.15 болж буурчээ.
Харьцуулбал Австралид болон АНУ-д төрөлтийн түвшин 1.6 байдаг бол хүн ам нь тогтвортой буурч буй Японд 1.3 байдаг байна.
Хэдийгээр Хятад улс 2016 онд “нэг айл-нэг хүүхэд” бодлогоо цуцалж, гэр бүл гурав хүртэлх тооны хүүхэдтэй байхыг дэмждэг болсон ч энэ нь хүн амын өсөлтийн чиг хандлагад төдийлөн нөлөө үзүүлээгүй нь харагдаж байна.