Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Бизнес

Энгийн санаанаас ургасан сая долларын бизнес

by Bat-Ochir
8 months ago
Reading Time: 1 min read
Энгийн санаанаас ургасан сая долларын бизнес
Share on FacebookShare on Twitter

Өрөнд орж, тусламжийн талоноор хүнсээ залгуулж байсан Донынхны үүсгэн байгуулсан “Missouri Star Quilt Co” компани жижигхэн тосгоноо аялал жуулчлалын бүс болгон хувиргаж,“YouTube”-ийн од болжээ.

Бүүдгэр гэрэлтэй, хар өнгийн амны алчуур тавьсан “Blue Sage” ресторанд хулуу, гахайн махан хиамтай гоймонгийн зууш сэрээдэж суугаа хүнийг Женни Дон гэнэ. Өрөнд баригдсан амьдралтай байсан, Калифорнийн гэрийн эзэгтэй тэрбээр долоон хүүхдийнхээ дөрөвтэй нь хамт ийнхүү зоог барин суух зуураа 2009 онд хөвгүүдийнх нь нэг түүнд зүймэл урлалын тухай бичлэг хийж, “YouTube”-д оруулж байх санал тавихад нь хэрхэн хүлээж авснаа дурссан юм. Өдгөө 60 настай Женни “‘YouTube’ гэдэг чинь хөөрсөн өсвөр насныхны дүрс бичлэгээ оруулдаг зүйл мөн биз дээ?” гэж асуусан гэдэг.

Өдгөө арваад жилийн дараа “Youtube” дээр 135 сая удаа тоглогдсон түүний 500 гаруй бичлэг, гэр бүлийнх нь эрхэлдэг бөс барааны цахим худалдааны “Missouri Star Quilt Co” компанийн жилийн орлогыг ойролцоогоор 40 сая ам.долларт хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулаад буй. Донын гэр бүл “YouTube” дэх шүтэн бишрэгчдийг нь Женнитэй биечлэн уулзах газар байгуулбал өрсөлдөөнд нэг алхам түрүүлэх боломжтой гэж үзээд Миссури мужийн, ердөө ганцхан гэрлэн дохиотой Хамильтон тосгонд “Зүймэл урлалын Диснейленд”-ийг (хүн амын тоо 1,900) нээсэн нь өдгөө сар бүр дунджаар 8,000 гаруй жуулчин хүлээж авдаг болжээ.

“Missouri Star Quilt Co.” компани “Blue Sage” рестораны 50 хувийг эзэмшдэгээс гадна тэдний зүймэл эдлэлийн 12 салбар дэлгүүрийн хэрэглэгчдэд үйлчилдэг өөр гурван ч ресторанд хувь эзэмшдэг. Эдгээр 12 салбар тус бүр цэцгэн, хүүхдийн, тусгай хийцийн зэрэг өөр өөр төрлөөр дагнаж үйл ажиллагаа явуулна. Тус компани Зэрлэг Өрнөд, Унтлагын хувцасны баяр зэргээр сэдэвчилсэн хоёр амралтын газар эзэмшдэг бөгөөд тэнд зүймэл урлал сонирхогчид дөрвөн өдөр 400 ам.долларын төлбөр төлөн байрлахдаа хувцсаа чимэглэж, сургалтад хамрагдаж, өөртөө үйлчлэх хоол зооглохын сацуу дэлгүүрүүдэд олон зуун ам.долларын орлого оруулдаг. Түүнчлэн эрчүүдэд зориулсан тусгай хэсэг байгуулсан бөгөөд тэнд үйлчлүүлэгчид түшлэгтэй, савхин сандалд тухлан сууж, спорт суваг үзэж, билльярд тоглодог аж. Бүсийнхээ хамгийн том ажил олгогчдын нэг болсон “Missouri Star Quilt Co” компани өдгөө 450 гаруй ажилтантай. Харин тэднийхээс 22 километрийн зайд Камерон хотод байрлах улсын хоёр хорих газар ажилчдын тоогоор нэгдүгээрт бичигддэг.

RELATED STORIES

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022

Шүтэн бишрэгч нь кассын дэргэд ирсэн байна хэмээн дэлгүүрийн ажилтнаас ирсэн мессежийг харсан Женни Дон яаравчлан очиж Калифорнийн Риверсайд хотоос ирсэн, 59 настай, улсын сургуулийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Пэтти Пэйнтертэй хагас цагийн турш хөөрөлдөв. Женни Донын бичлэгээс зүймэл хөнжил урлаж сурсан Пэйнтер Хамильтон руу урт хугацааны аялалд гарсан нь энэ аж.

Пэтти Пэйнтер долоон найзынхаа хамт мягмар гарагийн орой бүр нэгнийдээ оёдлын машинуудаа авчран цугларч Женнигийн бичлэгийг үзэнгээ хамтдаа зүймэл хийдэг аж. Женниг зүгээр л тэврэхийг хүссэн юм гэх Пэйнтер бөс бараа, бэлэг дурсгалын зүйлст хэдийнэ 500 ам.доллар зарцуулаад буйн дотор 2.5 ам.долларын үнэтэй, од хэлбэртэй, “АНУ-ын зүймэл урлалын хот” гэсэн бичээс бүхий хөргөгчний хуванцар, соронзон наалт тэргүүтэн багтжээ.

2017 оны нэгдүгээр сараас гүйцэтгэх захирлын албан тушаалыг авсан, гэр бүлийн найз, 30 настай Майкл Мифсуд “Missouri Star”-ийн нийт орлогын дөнгөж 10 хувь нь дэлгүүрийн борлуулалт бүрдүүлдэг гэсэн юм. Бусад орлогыг Женни Донын “YouTube”-ээр санал болгодог бөс барааны цахим худалдаанаас олдог аж. Тэрбээр 2.5 сая удаагийн хандалттай, 13 минут үргэлжлэх нэгэн бичлэгтээ “Хэцүү зүйл огт байхгүй. Үүнийг хийхэд төгс байх шаардлагагүй. Зүгээр л тааваараа хий!” гэжээ.

Доныхон 1995 онд Хамильтонд шилжин ирэхээсээ өмнө төв Калифорнийн Гринфильд хот орчимд амьдарч байжээ. Женнигийн нөхөр, 64 настай Рон “Smucker’s” чанамлын үйлдвэрт жилд 60,000 ам.долларын цалинтай ажилладаг байсан ч тэдний бага хүү тунгалгийн зангилааны хавдраар (сүүлд хоргүй хэмээн тогтоогдсон) өвчлөх үед эмчилгээний төлбөрөөс болж багагүй өр тавьжээ. Амьжиргааны өртөг багатай, илүү таатай орчин хайж газрын зураг дэлгэн удаан судалсны эцэст тэд Канзас-Ситигээс зүүн хойш нэг цаг явж хүрдэг Хамильтон хотыг сонгов.

Женни, Рон хоёр хүүхдүүдээ ахлах сургуулиа заавал төгсөх ёстой гэж шаардаагүй. Тэдний охин Натали ерөнхий боловсролын шалгалтыг давсан, таван хүүхэдтэй, гэр бүлээ цуцлуулсан, хүнсний тусламжийн картаар амьжиргаагаа залгуулдаг байсан. Мөн охин Сара нь сургуулиа орхиж, цахилгаанчинтай гэрлэж, таван хүүхэдтэй болжээ. Хүү Алан нь 15 насандаа ерөнхий боловсролын шалгалтыг амжилттай өгч, хоёр жил Мормоны номлогч хийж байгаад сүүлд Бригам Янгийн их сургуульд мэдээллийн системийн чиглэлээр зэрэг хамгаалжээ.

Шинэ газарт нүүж ирээд Рон “The Kansas City Star” хэвлэлийн газар механикчаар ажиллах болж, харин Женни сонирхлоороо зүймэл хөнжил хийж эхлэв. Нэг хөнжлийн зүймэл урлалтай хэсгийг арын даавуунд завсрын хөвөн материал ашиглаж барьцалдуулахын тулд Женни нутгийнхаа, тусгай машинтай оёдолчинд 80 ам.доллар төлж оёулахаар болсон нь бүтэн жилийн дараа бэлэн болжээ. Энэ нь Сараг дахин зээл авч, Женнид 36,000 ам.доллараар “ухаалаг” хэрээсний машин авч өгөхөд хүргэв. Тэд бусдын хөнжлийг оёж дуусган жилд 40,000 ам.долларын орлого олж болохыг ойлгон, улмаар хуучин эртний эдлэлийн дэлгүүр байсан байранд 24,000 ам.доллар төлж Женниг оёдлын машинтай оруулжээ.

Алан Калифорнийн “Symantec” программ хангамж нийлүүлэгч компанийн менежментийн хэсэгт ажилд орж чадсан ч хямралын үед халагдаж, өөрийн хамгийн сайн найз, номлогч ахуйдаа хамт ажиллаж байсан Дэвид Мифсудын Торонто дахь зоорины давхарт амьдрах болжээ. Алан, Мифсуд нар 2009 оны эхээр Женнигийн гарааны бизнесийг дэмжих зорилгоор QuiltersDailyDeal.com цахим худалдааны сайт ажиллуулж эхлэв. Тэрбээр Женнигээс сайтад нь оруулах эхний арван “YouTube” бичлэг хийлгэхийг хүсчээ. Женни эхний бичлэгийн үеэр хэт сандарснаасаа болж оёдлын машиныхаа утсанд бүдэрч унаад хөлөө хугалсан аж. Гэхдээ захиалгууд зогсолтгүй орж ирэх болов. 2012 оноос тэд өөрсдийгөө цагт 7.45 ам.доллараар цалинжуулан, дахин нэг хоосон дэлгүүр худалдаж авчээ. Хамильтон хотыг фермерүүд цугларсан, хөл хөдөлгөөн ихтэй, галт тэрэгний боомт хот байх үеийн тэртээ 1800-аад онд баригдсан уг байрыг шинэчилж, төмөр дээврийг нь сольж, хуучирсан ханын цаасыг нь хуулж, өөрсдийн биеэр бүрэн засаж тохижуулав. Ийнхүү 2013 он гэхэд Женни жилийн 4 сая ам.долларын орлоготой, шүтэн бишрэгчид нь Хамильтоныг зорин ирдэг, “YouTube”-ийн од болсон байв. Алан вэбсайтаа хариуцахаар хотод эргэн ирэв. Мэргэшсэн төсөвчин Мифсуд данс тооцоог Торонтогоос хянаж, харин Сара хүний нөөц, дэлгүүрийн дизайн, бөс даавууны сонголтыг хариуцсан юм.

Мифсуд ачааллаа жигдрүүлэхийн тулд өөрийн төрсөн ах, Юта мужийн их сургуулийн 2012 оны төгсөгч Майкийг Солт-Лейк-Сити дэх “Goldman Sachs”-ийн зээлийн эрсдэлийн шинжээчийн ажлаа орхиж оронд нь цагт 15 ам.долларын цалинтай, “Missouri Star”-ийн санхүүгийн албаны дарга болохыг хүсчээ. Майк “Goldman Sachs”-ийг орхисон шалтгаанаа “Бид уламжлалт салбарт шинэлэг арга барил нэвтрүүлэхээр шийдсэн” хэмээн тайлбарласан юм.

Өдгөө 38 настай Сара “Missouri Star”-ийн дэлгүүрийн өргөтгөлийн ажлыг хариуцаж буй. Тус компани банкны зээлээр нэгж дэлгүүрийг 50,000 ам.доллараас ихгүй үнээр худалдан авч, 100,000-250,000 ам.долларт багтаан засаж шинэчилсээр өдгөө дэлгүүр, зоогийн газрууддаа нийт 3 сая ам.долларын хөрөнгө оруулаад байна. Тэд бүгд цахим дэлгүүрийн адил ашигтай байгаа гэж Алан хэллээ. Гэвч “Missouri Star”-ийн борлуулалт өсөхийн хэрээр үйл ажиллагааны тогтолцоонд доголдол үүсчээ. Шинэ агуулахын байраа санхүүжүүлэхээр “Жижиг бизнесийг дэмжих” агентлагтай 1.4 сая ам.долларын зээлийн гэрээ хийгээд буй Майк Мифсуд “Надад гүйлтийн тэмцээнд уралдаж байх зуураа гүйх замаа барьж байгаа мэт санагдаж байсан” гэв. Алан худалдан авалтын захиалгыг зохицуулах тусгай программ хангамж боловсруулсан боловч компанийн олон мянган даавууг хадгалах агуулах, дэлгүүр хоёрын дунд эмх замбараа алдагдаж байв. Дамжин өнгөрөх хэсэгт даавуу алга болох зарим тохиолдолд тээвэрлэлт саатаж, улмаар захиалагч нарыг бухимдуулаад зогсохгүй 20 хүнтэй хэрэглэгчдэд үйлчлэх багийн ажил бүхэлдээ саатахад хүрнэ. Ачааг ангилж, баглах шинэ агуулах 2016 онд нээгдэх хүртэл ажилтнууд хайрцаг бүрийг гараар лацдаж, савлах хэсгээс хүргэлтийн хэсэг хүртэл 70 метр газарт алхаж зөөдөг байсан аж.

Менежментийн дутагдалтай байдлыг хүлээн зөвшөөрөхийн сацуу долоо хоногт зургаан өдөр ажилласаар ядарсан Алан, Сара, Дэвид Мифсуд нар 2016 оны наймдугаар сард Захирлуудын зөвлөл байгуулах тал дээр санал нэгдэж, Майк Мифсудыг гүйцэтгэх захиралд дэвшүүлжээ. Алан “Манай гэр бүл 10 минутын дотор хоосон самбарыг шинэ санаагаар дүүргэж чадна. Гагцхүү тэдгээр санааг хэрэгжүүлэгч тал бидэнд хэрэгтэй байсан” гэв. Майк бусад захирлуудыг хөлсөлж авсны дотор “Goldman Sachs”-т хамт ажиллаж байсан, 35 настай Морган Уильямс байв. Морган өнгөрөгч оны гуравдугаар сард “Goldman Sachs”-ийн санхүүгийн албаны даргад дэвшихээсээ өмнө “Fidelity”-д дотоод стратегийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай бөгөөд тэрбээр компанийнхаа бараа материалын хяналтын тогтолцоог удирдаж шинэчилсэн гавьяатай.

Жил бүр зүймэл урлалын шоу зохион байгуулдаг, Хьюстоны “Quilts Inc.” компани АНУ-ын зүймэл эдлэлийн зах зээл 3.7 тэрбум ам.доллартай тэнцэнэ гэж мэдээлсэн бол Майк үүний дөнгөж 200 орчим сая ам.долларын зах зээл нь цахим хэлбэрт шилжээд байна гэсэн юм. Одоогийн байдлаар тэд “Missouri Star”-ийн цахим бизнесийг органикаар өргөжүүлэхийн сацуу Хамильтон дахь үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байна. Тус компанийн эзэмшиж буй хоосон таван барилгын нэгийг Женнигийн хичээлийг шууд дамжуулах байр болгон ашиглаж болох аж. “Goldman Sachs”-ийн хуучин ажилчдыг эгнээндээ нэгтгэсэн хэдий ч “Missouri Star” гэр бүлийн бизнес хэвээр үлджээ. Женнигийн хүргэн, бэр, нийт 22 ач, зээгийн гурав нь гээд Дон овогт гэр бүлийн нийт 30 гишүүн компанидаа хүчин зүтгэж байна. Харин Женни долоо хоног бүр зүймэл хөнжил хийж, сард дөрвөн бичлэг “Youtube”-д оруулсан хэвээр төдийгүй улсынхаа өнцөг булан бүрийн хурал, цуглаанд оролцож, Роны хамт хоёр цагийн шоу худалдаа хийдэг бөгөөд ихэвчлэн нэг ч бүтээгдэхүүн үлдэлгүй бүгд зарагдаж дуусдаг аж. Тэрбээр “Би ажилдаа хайртай. Оёод л, яриад л суудаг” гэв.

Bat-Ochir

Related Posts

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс
Бизнес

Бизнесийн доголдолд хүргэдэг бидний мэдэхгүй хүчин зүйлс

30/06/2022
Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…
Бизнес

Алдарт камерын брэндийг зоригтойгоор өөрчлөн байгуулсан нь…

30/06/2022
Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани
Бизнес

Forbes Global 2000: Дэлхийн топ 10 хүнсний компани

21/06/2022
Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь
Бизнес

Хэтэрхий гэмээр хямд үнээр зах зээлийг эзэлсэн нь

21/06/2022
Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес
Бизнес

Хамгийн өндөр үнэлгээтэй “хичээл хуулуулах” бизнес

20/06/2022
Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна
Бизнес

Агуулахууд “алтны уурхай” болон хувирч байна

15/06/2022
Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…
Бизнес

Үнэт зүйлээрээ бусдаас ялгардаг компани л үлдэнэ…

15/06/2022
Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark
Бизнес

Хуучин хувцас зарж баяжсан түүх: Poshmark

13/06/2022
“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж
Бизнес

“Shangri-La”-г босгосон домогт Роберт Куокийн дурсамж

10/06/2022
Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц
Бизнес

Дэлхийн амттаны зах зээлийг эзэлсэн нууц

09/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist