Германы аж үйлдвэрлэлийн “Siemens” компани өөрийн түүхэн дэх хамгийн том төслийг Египет улсад хэрэгжүүлэхээр гэрээ хийжээ. Тодруулбал тус компани Нил мөрөн болон Улаан тэнгис, Газар дундын тэнгисийн эргийн хотуудыг холбох 2000 км урттай, өндөр хурдны төмөр замын сүлжээг байгуулахаар болсноо бямба гарагт мэдэгджээ.
Египетийн шинэ төмөр замын сүлжээ ашиглалтад орсныхоо дараа дэлхийд уртаараа зургаадугаарт бичигдэх бөгөөд 8.1 евро буюу 8.7 тэрбум ам.долларын өртөг бүхий гэрээ нь Мюнхенд төвтэй тус компанийн 175 жилийн түүхэн дэх хамгийн үнэ цэнтэй төсөл болох юм.
Төмөр замаас гадна хурдны 41 галт тэрэг, бүс нутгийн 94 галт тэрэг, ачааны 41 галт тэрэг, найман депо, ачилтын станцын бүтээн байгуулалт тус гэрээнд багтсан байна. Мөн ашиглалтад орсны дараах 15 жилийн засвар үйлчилгээг “Siemens” компани хариуцна гэж заажээ.
Энэхүү мега төсөл нь 230 километр/цагийн хурдтай галт тэргээр Египетийн 60 хотыг холбосноор тус улсын хүн амын 90 орчим хувийн хэрэгцээг хангах болохыг “Siemens” мэдэгджээ. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фатах эль-Сиси уг төслийг “Египет, Африк, Ойрх Дорнодын төмөр замын системийн шинэ эриний эхлэл” хэмээн онцолсон байна.
Түүнчлэн бүтээн байгуулалт, ашиглалтын явцад 40 мянга гаруй ажлын байрыг бий болохын зэрэгцээ холбоо хамаарал бүхий салбаруудад 6700 ажлын байр шинээр нэмэгдэх боломжтой аж. Бас нэгэн давуу тал гэвэл шинэ төмөр замын сүлжээ 100 хувь цахилгаанаар ажиллах тул автобус, машинаар зорчиход гардаг нүүрсхүчлийн ялгаруулалтыг 70 гаруй хувиар бууруулахыг “Siemens” компаниас дурджээ.