Нүүрсхүчлийн ялгаруулалт багатай ирээдүйн төлөөх уралдаанд дэлхийн бүхий л авто үйлдвэрлэгчид байр сууриа олохоор хичээж буй энэ үед Өмнөд Солонгосын “Hyundai Motor Group” ирэх найман жилийн хугацаанд цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд 16.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсноо зарлажээ.
“Hyundai”, “Kia”, “Genesis” брэндүүдийг эзэмшдэг тус компани 2030 он гэхэд Өмнөд Солонгосын зах зээлд цахилгаан хөдөлгүүртэй 1.44 сая машин үйлдвэрлэж нийлүүлэх зорилт тавьжээ. Харин дэлхийн зах зээлд тухайн үед нэг жилд 3.23 сая цахилгаан машин үйлдвэрлэж, тус зах зээлийн 12 хувийг дангаараа эзэмшдэг болох хэтийн төлөвлөгөө гаргасан байна.
Бүхий л томоохон авто үйлдвэрлэгчид энэ арваны сүүлийн хагаст одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа цахилгаан хөдөлгүүр рүү шилжүүлж, дотоод шаталтын хөдөлгүүртэй машины үйлдвэрлэлээ аажмаар зогсоохоор төлөвлөсөн тул “Hyundai” компани үүнээс хоцрохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой хэмээн шинжээчид дүгнэж байна.
Орон орны засгийн газрууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх санаачилгыг идэвхтэй дэмжиж байгаа нь цахилгаан машины зах зээл цаашид эрчимтэй өссөөр байх төлөвтэйг харуулж байна. Тус зах зээл энэ жилийн 24.5 хувийн өсөлтөө цаашид хэвээр хадгалахад 2030 он гэхэд 957 тэрбум ам.доллараар үнэлэгдэх болохыг “Market Research Future” таамаглажээ.
Өнгөрсөн жилийн долоодугаар сард ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин 2030 он гэхэд Өмнөд Солонгосыг дэлхийн цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлийн гол төв болгох төлөвлөгөөг танилцуулсан юм. Үүний дагуу “LG”, “Samsung”, “SK” компаниуд тус төслийг хэрэгжүүлэх болон судалгаа, шинжилгээний ажилд нийт 35 сая ам.долларын хөрөнгө оруулж, хариуд нь 50 хувийн татварын хөнгөлөлт болон бусад үр шимийг эдлэхээр сонгогдсон билээ.