Гар утасны дэлгэцээрээ дамжуулан өөр хот, улс тэр бүү хэл гариг руу хийх виртуал аялал хамгийн түгээмэл жуулчлалын хэлбэр болж чадах уу? Хүмүүс бодит ертөнцөөс илүүтэй “metaverse”-д цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг болох уу? Цаашид бодит болон виртуал ертөнцийн заагийг үгүй хийх уралдаанд дэлхийн шилдэг компаниудтай эн тэнцүү өрсөлдөх тоглогч болохоор зэхэж буй “Аргун” эдгээр асуултад хариулт өгч байна.
“Аргун” компанийн оффисын үүдээр ороход албан байгууллага бус музейд орж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа. Чингис Хааныг Бөртэ хатан, есөн өрлөгтэй нь хамт лааны тосоор урласан үзмэрийн дэргэдүүр өнгөрч, уулзалтын өрөөнд ойртоход компанийн бүх ажилтан тойрог болж зогсоод, чангаар компанийнхаа уриаг хэлж байхтай таарав. Тэд өглөө бүр хуралдан, өөрсдийгөө зоригжуулдаг соёлтой хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Батзориг өгүүлсэн юм. Тэрбээр 2013 онд дахин боловсруулсан эко цаасны хэвлэлийн бизнес эрхлэхээр “Аргун Трейд” компанийг байгуулж байсан бол 2015 оноос эхлэн AR (Augmented Reality) технологийг судлан хөгжүүлж эхэлсэн ажээ. AR буюу баяжуулсан бодит байдал нь ухаалаг утас, таблет, компьютер зэрэг төхөөрөмжийг бодит байдалтай хослуулсан, хэвлэмэл материалыг аудио, видео болон 3D хөдөлгөөнт дүрслэлээр баяжуулан харахад компьютерын дүрслэлүүд нь бодит ертөнцийн нэг хэсэг болон харагддаг хагас бодит орчин хэмээн ойлгож болно.
Анх хэвлэмэл бүтээгдэхүүнийг баяжуулах, илүү их мэдээлэл багтаах боломжийг эрэлхийлж яваад санамсаргүй AR технологийн бичлэг олж үзсэн Н.Батзориг үүнийг Монголд нэвтрүүлэх боломжтой хэмээн сонирхож, бие даан хөгжүүлж эхэлжээ. “Дэлхийн томоохон технологийн компаниуд саяхнаас л AR, VR технологиудыг сонирхож, “Metaverse” зэрэг хиймэл ертөнц бүтээж эхэлсэн бол бид олон жилийн турш хөгжүүлж, мянга гаруй туршилтыг амжилттай хэрэгжүүлээд байгаа нь яг одоо бидэнд асар том давуу талыг авчирч байна” гэж тэр хэлэв. Дизайн, загварын мэргэжилтэй учир AR технологийг сурах түүнд харьцангуй хялбар байсан аж. Туршилтын маягаар танин мэдэхүйн сэдэвт, хүүхдэд зориулсан арван төрлийн ухаалаг карт бүтээсэн нь төсөөлснөөс илүү амжилтад хүрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 200 мянган хувь борлогджээ. Үүний дараа Н.Батзориг AR бол ирээдүй юм байна гэдэгт бүрэн итгэж, бүх анхаарлаа уг технологид хандуулж байгаа гэлээ.
Хүн уншсан зүйлийнхээ 10, сонссон зүйлийнхээ 26, харсан зүйлийнхээ 30, харж сонссон зүйлийнхээ 50, хэлсэн зүйлийнхээ 70 хүртэлх хувийг санадаг бол хийсэн зүйлийнхээ 90 хувийг цээжилдэг.
“Аргун” групп AR технологид суурилсан нийт 93 аппликейшн бүтээж гадаад, дотоодын зах зээлд нийлүүлсэн нь нийт 681 мянган таталттай байна. Дөрвөн охин компани болон Хятад дахь салбар компанид нь олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай хөгжүүлэгч, график дизайнер, 3D болон дижитал уран бүтээлч, менежерүүд зэрэг 40 орчим ажилтан бий.
Бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүнийг дижитал контентоор баяжуулж сонирхол татам эсвэл ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уншиж сураагүй хүүхдүүдэд илүү хүртээмжтэй болгодгоороо AR технологи ялгардаг. Гар утастай хүн бүрд дэвшилтэт технологиор дамжуулан хүссэн мэдээ мэдээллийг багтаасан, интерактив шийдэл бүхий контентыг хүргэж болдог учир энэ нь маркетингийн таатай хэрэгсэлд тооцогддог байна. Жишээлбэл, эмийн зохисгүй хэрэглээ өндөртэй манай орны хувьд сав, баглаа, боодол дээрээс AR технологи ашиглан мэргэжлийн эмчээс эмийн зааврыг хүлээн авах нь тун зохимжтой шийдэл юм. Эсвэл дэлгүүрүүд бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчид тайлбарлахдаа виртуал борлуулалтын менежерүүд ашиглана гэхээр холын ирээдүй мэт сонсогдож болох ч энэ бүхэн аль хэдийн хаяанд иржээ.
Хүүхэд тоглоомын аргаар аливаа шинэ зүйл хүлээж авч, сурахдаа хурдан байдаг тул AR технологийг ном, хөлөгт болон эвлүүлдэг тоглоомд шингээж, бага насны хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгон оюуныг нь задлах, гарын жижиг булчингуудыг хөгжүүлж, асуудал шийдвэрлэх дадалд сургах зэрэг олон давуу талтай AR эвлүүлдэг тоглоомыг бүтээх санаа Н.Батзоригийн багт төржээ. Монгол, Англи, Хятад хэлтэй, дөрвөн төрлийн интерактив AR эвлүүлдэг тоглоомоо бүтээсний дараа Монголын зах зээлд туршилтаар нийлүүлэхэд долоон хоног, Шанхай хотод болсон үзэсгэлэн худалдааны үеэр гурван хоногт нөөцөө бүрэн дуустал борлуулалт хийсэн байна. Энэ үеэс л Н.Батзориг Хятадын зах зээлийн асар том нөөц боломжийг олж харсан тул 2018 онд Нинбо хот руу компаниа шилжүүлэн, шинэ зах зээлд компаниа сорьж үзэхээр зоригложээ.
Олон улсын компани, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, захиалгын ажлууд гүйцэтгэж үзсэний эцэст монгол залуус технологийг сайн эзэмшиж чадсан, дэлхийд өрсөлдөх чадвартай хэмээх дүгнэлтэд Н.Батзориг хүрээд байна. “Олон улсын үзэсгэлэн, экспод оролцоход манай бүтээгдэхүүнүүд үргэлж хамгийн олон хүний анхаарлыг татдаг. Хятадад ажилласнаар олж авсан хамгийн том давуу тал бол бид өөрсдийнхөө чадварыг өмнө нь чамладаг байсан бол одоо бүрэн итгэдэг болсон”. Бүр дэлхийд алдартай “Marvel” компанийн Зүүн өмнөд Азийг хариуцсан франчайз эрхийг эзэмшигч Тайванийн “BONE” компани тэдэнд хамтран ажиллах санал тавьж байжээ. Харамсалтай нь, цар тахлаас үүдэн “Аргун” компани Монголд буцаж ирсэн бөгөөд “Marvel” компани нууцлалын хатуу гэрээтэй тул зайнаас ажиллах боломжгүй болсон байна.

Н.Батзориг хийж буй бүх зүйлдээ монгол агуулга, өнгө төрх шингээхийг хичээдэг үндэсний үзэлтэн. Тиймээс ч өөрийн хөгжүүлж буй дэвшлийг боловсролын системийг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүний дутагдал 80 хувь байдгаас үүдэн хүүхдүүд шинжлэх ухааны мэргэжил сонгох нь бага байдаг аж. Ялангуяа алслагдсан бүсийн хүүхдүүд сургалтын хэрэглэгдэхүүний дутагдлаас болж олон боломжоос хоцордог. 2015 онд Дэлхийн Банкнаас “Бага боловсролын сургалтын хэрэглэгдэхүүний чанарыг сайжруулах төсөл”-ийг зарлахад “Аргун” оролцохоор шийдсэн байна. Америкийн сурган хүмүүжүүлэгч Эдгар Дэйл хүүхэд уншсан зүйлийнхээ 10, сонссон зүйлийнхээ 26, харсан зүйлийнхээ 30, харж сонссон зүйлийнхээ 50, хэлсэн зүйлийнхээ 70 хүртэлх хувийг санадаг бол хийсэн зүйлийнхээ 90 хувийг цээжилж авдаг хэмээн судалгаандаа дурдсан байдаг. Тиймээс ч Н.Батзоригийн баг AR технологийг ашиглан хичээлийн сурах бичгийг баяжуулж, хүүхдүүдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд дурлуулах боловсролын хөтөлбөрийг боловсруулжээ. Хичээлийн хөтөлбөрийг AR технологитой хослуулан зааснаар хүүхдүүдийн анхаарал төвлөрөөд зогсохгүй, хичээлийг ойлгоход харьцангуй хялбар болгодог юм. Жишээлбэл, химийн элементийн үелэх системийг Д.Менделеев “өөрийн биеэр” гарч ирж заах бөгөөд химийн бодисуудын бүтэц, нэгдлийг задалж, томруулан харж болно. Анатомийн хичээл дээр хүний биеийн булчин, судас, эрхтний тогтолцоог мөн л тус тусад нь ялган харж, цохилж буй зүрхэнд шинжилгээ хийх боломжтой. Бас овор хэмжээ том эсвэл бичил зүйлс, бодисын ялзрал, хортой химийн элемент болон цахилгаан холболт хийж үзэх зэрэг ерийн нөхцөлд боломжгүй туршилтыг эрүүл мэндэд аюул учруулахгүйгээр хийдгээр давуу талтай.
Баянгол дүүргийн “Ирээдүй” цогцолборт туршилтаар AR сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан хичээл заахад сургалтын чанар дөрөв дахин дээшилсэн үр дүн гарсан бөгөөд “Инновацын үзэсгэлэн 2018”-ийн шилдэг бүтээгдэхүүний шагналыг хүртсэн байна. Өнөөдрийн байдлаар 60 орчим сургууль уг хөтөлбөрийг ашиглаж буй. “Цаашид хичээлийн сурах бичгийг бүрэн AR технологи руу шилжүүлж, баяжуулах боломжтой” гэж Н.Батзориг өгүүлсэн. Тэрбээр 2021 оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хэрэглэгдэхүүний зөвлөхөөр томилогдсон юм. Энэ онд тэд сургалтын хэрэглэгдэхүүний дутагдлыг 20 хувиар бууруулах зорилт тавиад буй.
Дэлхий даяар шинэ контентын дутагдалд орж буй энэ үед өв соёлоор баян Монгол үндэстний хэв маягийг шингээсэн контентыг олон улсад нийлүүлэх нь “Аргун” компанийн зорилго. “Taobao”, “eBay”, “Amazon”, “Rakuten” зэрэг дэлхийн хамгийн том худалдааны платформуудаар дамжуулан эвлүүлдэг тоглоомоо олон улсад тогтмол борлуулах бөгөөд бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулж AR буддаг болон комикс ном гарган, контент үйлдвэрлэхийн хажуугаар технологийн хөгжүүлэлт тасралтгүй хийж байгаа гэлээ. “Бүтээгдэхүүнийхээ хэлийг солиод л аль ч улсын зах зээлд нэвтрүүлж болдог учир контент бол үл шавхагдах, үл дуусах, байгальд ээлтэй баялаг билээ” гэсэн юм.
Мөн Токио-2020 Олимпын наадмын үеэр өөрийн улсын өв соёлыг сурталчилж, олон улсын жуулчдад монгол зан заншлыг танилцуулах “Монгол гэр” аппликейшнийг “Аргун Групп” бэлдсэн бөгөөд цаашид “портал” буюу гар утсаараа дамжуулан орон зай, цаг хугацаанд баригдалгүй хүссэн газраа, бүр өөр гариг руу аялах виртуал аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан юм.
“Аргун Групп”-ын амжилтын гол тулгуур нь тэдний есөн жилийн турш бие даан хөгжүүлсэн AR эко систем гэж хэлэхэд буруудахгүй. Тэд AR технологид суурилсан, глобал бие даасан бүтэцтэй “NFT Land” хэмээх төслийг блокчэйн технологийн давуу талуудыг ашиглан боловсруулж байна. “AR NFT Land” виртуал хотод нэгдэж, оршин суугч болсноор аль ч сүлжээний NFT зохион бүтээгч, эзэмшигчид бодит ертөнцөд харж, түрээсэлж, хөгжүүлэх зэргээр удирдах боломжтой үл хөдлөх хөрөнгийг сонгон авч эзэмших, өөрийн дураар тохижуулах, ямар нэгэн худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр ажиллуулах боломжтой болох юм байна. Үүгээр ч зогсохгүй “AR NFT Land”-ийн дижитал ертөнцөд шинээр үүсэж буй ажлын байранд дэлхийн өнцөг булан бүрээс нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаанаас үл хамааран ажил хөдөлмөр эрхлэн, цалин хөлс авах боломжтой бөгөөд уг супер платформын хөгжүүлэлт 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Ирээдүйн ертөнц гэж нэрлэгдсэн “Metaverse” 2026 он гэхэд 758.6 тэрбум ам.долларын нийт үнэлгээтэй болох тооцоо бий. Технологийн аваргууд энэ бялуунаас том зүсэм хүртэхийн тулд ширүүн өрсөлдөөн эхлүүлээд буй. Аль хэдийн бэлтгэлээ базааж, бүтээгдэхүүнүүдээ зах зээлд туршиж, хэрэглэгчдэд хүргэж, тогтмол орлоготой болон, олон жилийн мэдлэг хуримтлуулсан тус компани АНУ-ын хөрөнгө оруулалтын сангаар компаниа өндрөөр үнэлүүлж чадсан бөгөөд компанийнхаа бүтцийг тэлж, засаглалыг сайжруулан “Metaverse”-т өрсөлдөхөд бэлэн болжээ. “Аргун” компани хуримтлуулсан туршлагынхаа ачаар энэ салбарт олон улсын гол тоглогчдын нэг болж, тэр бүү хэл Монголын анхны “Юникорн” компани болно гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа ажээ.
О.АГИЙМАА