Энн Вожицки генийн шинжилгээний “23andMe” компаниа нээлт төдий байхаас нь эхэлж, эгзэгтэй үеийг нь даван туулаад байна. Өдгөө 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон биотехнологийн тус компани мэдээллийн сан, эм хангамжийн тэргүүлэгч компаниудыг түшиглэж, дараагийн шатанд гарахаар зэхэж байна.
Энн Вожицки товлосон цагаасаа 45 минут хоцорч байв. “23andMe”-ийн гүйцэтгэх захирал түүнийг ийн хоцроход ажилтнууд нь аль хэдийнэ дасал болж, гайхаж гомдоллохоо больжээ. Үүнийг өөрчлөх нэгэнт боломжгүйг тэд ойлгосон аж. Дөрөвдүгээр сарын пүрэв гарагийн өглөө богино өмд, “Yay DNA” гэсэн бичигтэй ханцуйгүй цамц, хуучирсан пүүзтэй Вожицкийг компанийнхаа төв байранд харайлган орж ирэхэд багийнхан нь угтан авав. Найман сартай жирэмсэн Вожицки ажил руугаа найман километр замыг дугуйгаар туулан иржээ.
Калифорнийн Маунтин-Вью хотод байрлах “23andMe”-ийн төв байрыг Цахиурын хөндийн стартап уу, фитнесс клуб гэх үү, тодорхойлоход хэцүү. Үүсгэн байгуулагчийнхаа хүсэл эрмэлзлийг илтгэх мэт цэлгэр уужим оффисын заалыг доогуураа гүйлтийн замтай ажлын ширээ, хурлын өрөөг фитнессийн тоног төхөөрөмжтэй хослуулан тохижуулжээ. Харин цайны газарт “Peloton” брэндийн суурин дугуйнуудыг суурилуулсан байх бөгөөд эндээс фитнесс заал руу шууд дамжин орох боломжтой. Вожицки дөрөвдүгээр давхарт байрлах шилэн өрөө рүүгээ өгсөхдөө усны металл саваа дүүргэх гэж түр зогссоныг эс тооцвол огт амсхийсэнгүй. Тэрбээр ажилтнууддаа эрүүл мэнд бол тухайн хүний өдөр тутмын шийдвэрээс шалтгаалдаг гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Вожицки “‘Би жирэмсэн мөртлөө шатаар өгсөж байна. Тэгэхээр та нар ч бас шатаар явах хэрэгтэй’ гэх маягаар үлгэрлэхийг хичээдэг” гэв.
Энэ мэт хөдөлгөөн ихэнх жирэмсэн ээжүүдийн хувьд хэтэрхий ачаалалтай санагдах байх. Гэтэл өдгөө 48 настай, өмнөх нөхөр, “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагч Сергей Бринээс хоёр хүүхэд төрүүлсэн Вожицки үүнд огтхон ч түүртэхгүй байна. Дээр нь түүнд өөрийнхөө 15 настай анхны “хүүхэд” хэмээн нэрлэх дуртай “23andMe” компанидаа зарцуулах тамир тэнхээ хангалттай байх аж. “23andMe” компанийг байгуулагдсанаас хойш өдийг хүртэл нийт 12 сая орчим үйлчлүүлэгч тусгай хуванцар саванд шүлснийхээ дээжийг хийж, шуудангаар илгээснээр өөрсдийн удамшлын өвчин, эрүүл мэндийн шинжилгээний хариуг хүлээж авчээ. Тэдний тэн хагас нь зөвхөн 2018 онд үйлчлүүлсэн байх бөгөөд тухайн жилийн компанийн орлого 475 сая ам.долларт хүрсэн байна.
Эдгээрээс үндэслэн тооцоход, Вожицкийн хөрөнгө 1.1 тэрбум ам.доллараар хэмжигдэх бөгөөд тус хөрөнгийн дийлэнхийг хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум ам.долларын үнэлгээ авсан “23andMe” компанид эзэмшдэг 30 хувь нь бүрдүүлж байна (Вожицки 2021 онд өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн чинээлэг эмэгтэйчүүд жагсаалтын 25 дугаарт эрэмбэлэгдсэн).
Тэрбээр өнөөдрийн амжилтад хүрэхийн тулд бүгдэд цэг тавихаа шахсан хэцүү жилийг даван туулжээ. Тодруулбал, 2013 онд түүнийг Бринээс гэр бүлээ цуцлуулж байх үед Хүнс, эмийн удирдах газраас “23andMe”-ийн эрүүл мэндийн шинжилгээний хэрэгслийн борлуулалтыг нэн даруй зогсоохыг шаарджээ. Үүний улмаас зарим хүмүүс түүний бүтээгдэхүүнийг луйврын шинжтэй хэмээн шүүмжлэх болов.
Харин өдгөө гэр бүлийн асуудлаа цэгцэлж, “23andMe” бол хөнгөн хуумгай компани биш гэдгийг аль хэдийнэ баталж чадсан Вожицки хувийн амьдрал болон бизнесийн хувьд дахин нэг шийдвэрлэх босгон дээр иржээ. Саяхан тэрбээр ганц бие ээжийн хувиар гурав дахь хүүхдээ өлгийдөж авсан байна. Вожицки “Нөхөр, найз залуутай байх эсэх нь хүүхэдтэй болж чадах эсэхийг тодорхойлох ёсгүй. Би их зөрүүд хүн. Ямар нэг юм хийхийг хүсвэл заавал хийдэг. Би гурав дахь хүүхдээ чин сэтгэлээсээ хүссэн. Тэгээд яасан гээч? Хэрэгжүүлсэн” хэмээн инээд алдан өгүүллээ.
“23andMe” таны талаар таван хувийн скандинав гаралтай, наранд найтаах генетик өгөгдөлтэй гэх мэт сонирхолтой мэдээлэл өгч чадах ч тус компани үүнээс том зорилго тээж байна. Вожицки генийн дараалал тогтоох зардал огцом буурч буй таатай нөхцөл (сүүлийн 10 жилд 99 хувиар хямдарсан), “23andMe”-ийн ДНХ-ийн үлэмж мэдээллийн санг (энд дэлхийн генийн судалгааны хамгийн том мэдээллийн сан бий) ашиглаж, генийн онцлогоос шалтгаалан ямар өвчинд өртөмтгий болохыг тогтоогоод зогсохгүй тэдгээрийг анагаах эм, бэлдмэлийг гаргаж авах “биотехнологийн машин” бүтээхийг зорьж байна. Хэрэв энэ бүхэн төлөвлөсний дагуу хэрэгжвэл тэд “нэг сумаар хоёр туулай буудах юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч өөрийн удамшлын талаарх мэдээллийг авахын тулд төлбөр төлөх бол компаниуд тэрхүү генетик мэдээллийн санг шинэ эм бүтээх, хэзээ нэг цагт ашиг олох зорилгоор ашиглана. “23andMe”-ийн хэрэглэгчдийн 80 хувь нь өөрсдийнхөө ДНХ-ийн мэдээллийг био анагаахын зорилгоор ашиглахыг зөвшөөрч буй.
Тус компанийн ахлах эрдэмтэн Ричард Шеллер “Үнэхээр мэргэн санаа. Хүмүүс бидний мэдээллийн санг бүрдүүлэхийн төлөө мөнгө төлнө гэсэн үг шүү дээ. Хүмүүс өөрсдийнх нь мэдээллийг ашиглаж шинжлэх ухааны нээлт хийгээсэй гэж хүсэж байна” гэв.
2015 онд “23andMe” компани дотооддоо шинэ эм боловсруулах нэгж байгуулснаар байгууллагынхаа түүхэнд шинэ хуудас нээсэн юм. Гэвч эм хөгжүүлэлт бол дийлдэшгүй хүнд, асар өндөр өртөгтэй ажил билээ. Шинээр гаргаж авсан эмийн 86 хувь нь эмнэлзүйн туршилтыг давдаггүй бөгөөд АНУ-д нэг шинэ эм бүтээх дундаж өртөг 2.6 тэрбум ам.долларт хүрч байна. Тиймээс Вожицки 2018 оны зургадугаар сард Их Британид байрладаг “GSK” эмийн компанитай (хуучнаар “GlaxoSmithKline”, 2018 оны борлуулалт нь 31 тэрбум ам.доллар) дөрвөн жилийн гэрээ байгуулжээ. “GSK компани шинэ төрлийн эм бүтээх “зориулалт” олох үүднээс “23andMe”-д 300 сая ам.долларын хөрөнгө оруулсан аж. Хоёр компани эм хөгжүүлэх зардлаа хувааж төлөхөөс гадна ашгаа ч бас хуваалцах юм.
Вожицкийн амьдрал Цахиурын хөндийтэй салшгүй холбоотой учир тэгж бодох нь ч аргагүй юм. Түүний эцэг Стэнли Стэнфордын их сургуулийн физикийн профессор байсан тул Вожицки их сургуулийн хотхонд өсөж торнижээ. Харин ээж Эстер нь Пало-Алтогийн ахлах сургуулийн сэтгүүл зүйн багш байсан бөгөөд гурван охиноо цэцэрлэгт байхаас нь л ургамлын латин нэрс, усанд сэлэх гээд зааж болох бүгдийг хичээнгүйлэн заажээ. Эстер “Би охидоо боловсролын туршилт болгосон” гэж 2018 онд “Forbes”-т өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Хоёр эгч нь урлаг, математикийн салбарыг шимтэн судалж, харин Вожицки номын донтой ч нийтэч нэгэн байжээ. Ээж нь түүний талаар “Бүхний хайрыг татдаг байсан” хэмээн дурссан юм.
Түүнд татагдсан олны нэг бол Сергей Брин юм (сүүлд бейсболын тамирчин Алекс Родригес). Вожицкийн том эгч Сьюзен 1998 онд Менло-Парк дахь гэрийнхээ автомашины гараашийг дэлхийн мэдээллийн санг индексжүүлэх зорилготой хоёр амбицлаг доктор, “Google”-ийн хамтран үүсгэн байгуулагчид Сергей Брин, Ларри Пейж нарт түрээслүүлснээр Вожицки, Сергей хоёр анх танилцжээ. Сьюзен “Google”-ийн 16 дахь ажилтнаар нэгдэж, хожим “YouTube”-ийн гүйцэтгэх захирал болсон юм. Харин удаах эгч Жанет нь дэлхийд хүндлэгддэг эпидемиологич бөгөөд Сан-Франциско дахь Калифорнийн их сургуульд багшилдаг.
Вожицки Йелийн их сургуулийг төгсмөгцөө Уолл-Стрит дэх жижиг компанид шинжээчээр ажиллаж байхад нь эрүүл мэндийн тогтолцоотой тэмцэх анхны сэдэл төржээ. Өдөр нь эмнэлгийн төлбөрийн сэдвээр хурал, чуулганд оролцож, орой нь Манхэттений “Bellevue Hospital” эмнэлэгт сайн дурын ажил хийж байхдаа тэрбээр эрүүл мэндийн салбар аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бус, ашгаа нэмэгдүүлэхэд гол ач холбогдол өгдгийг ойлгожээ.
“Тэр сэтгэл зөөлөн хүн учир үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй” хэмээн “23andMe”-ийн бизнес хариуцсан захирал асан, Вожицкийн хөрөнгө оруулалттай, хүүхдэд зориулсан харшлын эсрэг хүнс үйлдвэрлэлийн компани “Before Brands”-ийг хамтран үүсгэн байгуулахын тулд “23andMe”-ээс гарсан Эшли Домбровски хэлсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Вожицки өргөн хүрээг хамарсан том асуудалтай шантралгүй тэмцэж байна” гэв.
Хүний геномын дарааллыг анх тогтоосон 2003 оныг цаашид олон нээлтийн эхлэл болно хэмээн олон эрдэмтэн үзсэн. Вожицки Калифорнийн Санта-Клара хотын “Affymetrix” генийн шинжилгээний компанид судалгааны программ хангамж хөгжүүлж өгдөг, биологийн ухааны бакалавр Линда Эйвитай танилж, улмаар 2005 оны арванхоёрдугаар сард оройн зоог барин бие биеэсээ туршлага судалжээ. Ийнхүү компаниа байгуулахаар шийдсэн хоёр хамтрагч Эйвигийн захирал асан Пол Кузензаг гурав дахь хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан удирдлагаар татан оруулав. Эйви “Үр дүнгээ хурдан өгөхийг мэдэж байсан тул миний сэтгэл их хөдөлсөн” гэв. Эйви “‘Google’-ийн дэмжлэг тус нэмэр болсон” гэв. (Эйви 2009 онд Альцхаймерын өвчин судлахаар “23andMe”-ийг орхисон).
“Google”, Брин болон “New Enterprise Associates”, “Genetech” зэрэг хөрөнгө оруулагчдаас 9 сая ам.доллар босгосон “23andMe” 2007 оны арваннэгдүгээр сард анхны бүтээгдэхүүнээ худалдаанд гаргажээ. 999 ам.долларын үнэтэй, шүлсээр шинжилдэг тус бүтээгдэхүүний тусламжтайгаар хэрэглэгчид өөрсдийн гарал үүсэл, халзрах, зүрхний шигдээс зэрэг зарим түгээмэл өвчинд өртөх магадлалаа мэдэж авч байв. Компани бүтээгдэхүүнээ эрүүл мэндийн хэрэгсэл бус харин өөрсдийн ДНХ-тай сонирхолтой маягаар танилцах бүтээгдэхүүн хэмээн сурталчилж Хүнс, эмийн удирдах газрын хууль, дүрмээс мултарчээ.
Тухайн үед хүний геномын дарааллыг бүхэлд нь тогтоох зардал 300,000 ам.доллар байсан бол үүнээс таван жилийн өмнө 50 орчим сая ам.доллартай тэнцэж байв (өдгөө 1,000 ам.доллар хүрэхгүй үнэтэй болсон). “23andMe” генийн дарааллыг бүхэлд нь тогтоохын оронд зөвхөн зарим өвчинтэй холбоотой генийн хувирлыг тодорхой хэсгээс тусгайлан хайх буюу генотип хэмээх технологи ашигласнаар зардлыг бүр ч бууруулсан юм.
“23andMe” бүтээгдэхүүнээ 999 ам.долларын үнийг саадгүй төлөх чадвартай үйлчлүүлэгчдэд сурталчлах зорилгоор Давосоос Нью-Йоркийн загварын долоо хоног хүртэл төрөл бүрийн арга хэмжээний үеэр шүлс шинжилгээний үдэшлэг зохион байгуулж, Наоми Кэмпбелл, Дайан фон Фюрстенберг, Руперт Мердок зэрэг алдартнуудыг татжээ. Вожицкид үдэшлэг зохион байгуулах таалагдаж байсан ч бүтээгдэхүүний хэрэглээнд нэвтрэх явц удаан байсан юм. “Navigenics” зэрэг өрсөлдөгчид нь ч хаалгаа барив. Үүсгэн байгуулагдаад дөрвөн жил өнгөрсөн ч “23andMe” 2011 онд ердөө 100,000 үйлчлүүлэгчтэй болжээ. Түүний бүтээгдэхүүнийг тэрбумтны эхнэрүүдийн хоббиноос хэтрүүлж харахгүй байсан юм.
Зардал эрчтэй буурсаар 2012 он гэхэд бүтээгдэхүүний үнийг 99 ам.доллараар тогтоох боломж бүрдэв. Улмаар борлуулалт эрс өсөж Вожицки илүү том алхам хийж чадахаар болжээ. Тэрбээр “Бид технологио иргэдийн гарт хурдхан хүргэхийг хүссэн” хэмээн дурсав. 2013 оны аравдугаар сард “23andMe”-ийн зүгээс “Target”-тай ярилцаж, баяраас өмнө бүтээгдэхүүнээ дэлгүүрүүдээр нь амжиж тараахыг хүссэн бөгөөд шинжилгээний багцыг витамин, халууны шилтэй зэрэгцүүлж тавих байв. Удирдлагын багийнхан үүнийг амжуулах боломжгүй гэж үзсэн ч Вожицки өөртөө бүрэн итгэлтэй байсан тухай “23andMe”-ийн бизнес хөгжил хариуцсан захирал Эмили Драбант Конли өгүүлэхдээ “Энн компаниа боломжгүй зүйл дээр байгуулсан гэж байсан” гэв.
Эцэст нь тэр ялжээ. “23andMe”-ийн бүтээгдэхүүнийг “Target”-ийн дэлгүүрүүдээр худалдах хүртэл гурван жил шаардагдах байв. Гэвч нэн тэргүүнд, Хүнс, эмийн удирдах газрын 2013 оны шийдвэрээс үүдэлтэй, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх хэрэгтэй байв. Харин өдгөө компанийнхаа жил тутмын “ДНХ өдөрлөг” дээр пицца идэх зуураа хэрэглэгчдийнхээ яриаг сонсож буй Вожицкиг харахад тэдгээр өдрүүд аль хэдийнэ ард хоцорчээ. Генийн шинжилгээ цусан төрлийн хамаатнаа олох (Вожицки өмнө нь мэддэггүй байсан үеэлээ олсон), хүнд гэмт хэрэгтнийг илрүүлэх зэргээр нийгмийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, “Алтан мужийн алуурчин” хочит хүнд гэмт хэрэгтний цусан төрлийн хүн ДНХ-ийн мэдээллээ “GEDmatch” генийн үнэ төлбөргүй мэдээллийн санд оруулснаар баригджээ
2015 оныг компанийн дахин сэргэлтийн эхэн үе гэж тэмдэглэдэг. Тухайн оны хоёрдугаар сард Хүнс, эмийн удирдах газраас “Блумын синдром” гэх ховор төрлийн эмгэг тээгчийг генийн шинжилгээгээр илрүүлэхийг зөвшөөрөв (Вожицки өөрөө тус эмгэгийг тээдэг). “23andMe” өөрсдийн шинжилгээгээ үнэн зөв бөгөөд ойлгоход хялбар гэдгийг Хүнс, эмийн удирдах газарт баталснаар генетикийн эрүүл мэндийн шинжилгээг хэрэглэгчдэд шууд нийлүүлдэг, Хүнс, эмийн удирдах газрын зөвшөөрөлтэй цор ганц компани болсон юм. Тэдний өрсөлдөгч, Юта мужийн “Ancestry” компани ойролцоогоор 15 сая шинжилгээний хэрэгсэл худалдсан ч эрүүл мэндийн шинжилгээний багц санал болгодоггүй аж.
“23andMe” 2015 оноос тэдний генетикийн мэдээллийн санд нэвтрэх хүсэлтэй эмийн компаниудтай гэрээ байгуулж эхэлсний тэргүүн эгнээнд “Genentech”, “Pfizer” нартай байгуулсан олон сая ам.долларын гэрээнүүд багтана. Тэрчлэн Вожицки компани дотроо эм хөгжүүлэх хэлтэс байгуулж, орлогын шинэ эх үүсвэр бүрдүүлсэн ба энэ нь “23andMe”-ийн мэдээллийн санд бүртгэгдсэн олон мянган өвчтөнийг эмийн компанийн эмнэлзүйн туршилтад татан оролцуулах юм.
Вожицкийн дараагийн том үсрэлт 2017 онд тохиов. Опра түүний 99 ам.долларын иж бүрдлийг хамгийн дуртай хэрэгслийнхээ нэг гэж зарласан удаатай. Удалгүй Хүнс, эмийн удирдах газар анх хориглож байсан “23andMe”-ийн бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөх болсноор хэрэглэгчид цус бүлэгнэх эмгэг, Паркинсоны өвчин тусах зэрэг генийн өөрчлөлт хувирал бий эсэхээ мэдэх боломжтой болжээ.
Эм хөгжүүлэлт бол урт хугацааны тоглоом. Хэрэв амжилт олбол 10-15 жилийн дараа үр шимийг нь хүртэнэ. Харин ойрын ирээдүйд амжилт олох орон зайг эрэлхийлж буй Вожицки шинжилгээний салбараас гарч, зөвлөх үйлчилгээ рүү нэвтэрч байна. Энэ нь хэдийгээр амархан шийдвэр боловч тамхинаас гарах аппликейшн, хоол, дасгал хөдөлгөөн хянах хэрэгсэл зэргийг хөгжүүлсэн “Under Armour”, “Apple” тэргүүтэй олон өрсөлдөгч түүнийг хүлээж байна.
Энэ бүх дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн аппликейшн амьдралд өөрчлөлт авчрах эсэх, “23andMe”-д өрсөлдөгчдөөсөө илүүрхэх бодит давуу тал байгаа эсэхийг одоогоор хүмүүс хэлж мэдэхгүй байна. Тамхи татах нь уушгины хорт хавдар үүсгэдгийг, түргэн хоол идэх нь таргалалтын үндэс болдгийг мэдэхийн тулд генетикийн шинжилгээ өгөх шаардлагагүй. Генетикийн сорил нь зөвхөн хувь хүний өгөгдлийг мэдээлдэг. Хүмүүс дадал, зуршлаа өөрчилж чадахгүй хэвээр байна. Зөвхөн анхааруулах нь дорвитой үр дүнд хүргэхгүй гэдгийг шинжлэх ухааны олон судалгаа харуулна