Инфляцын өсөлтөөс үүдэн хөдөлмөрийн зах зээл агшиж, үйлдвэрчний эвлэлийн тоо нэмэгдэж байгаа энэ үед “Apple” компани АНУ дахь ажилчдынхаа эхлэх цалинг нэмэхээр болсноо лхагва гарагт мэдэгджээ.
Энэ шийдвэрийн дагуу тус компанийн шинэ ажилчдын цалин цагийн 22 ам.доллараас эхлэх болсон нь 2018 оны цалингийн түвшнээс 45 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.
“Жилийн гүйцэтгэлээ үнэлэх ажлын хүрээнд бид 2022 онд цалингийн нийт төсвөө нэмэгдүүлж байгаа” хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч өгүүлсэн байна.
Түүнчлэн шинэ цалингийн хэмжээ нь зах зээлийн байдлаас шалтгаалан нэмэгдэх нөхцөлтэй бөгөөд ирэх долоодугаар сараас эхлэн хүчин төгөлдөр болох юм байна.
Калифорнийн Купертинод төвтэй “Apple” ажлын байрны хаагдмал соёлтой гэгддэг ч сүүлийн жилүүдэд одоогийн болон хуучин ажилчид нь тус компанийн ажлын нөхцөлийг цахимаар шүүмжлэх нь эрс нэмэгдсэн юм. Өнгөрөгч дөрөвдүгээр сард “Apple”-ийн Атланта дахь дэлгүүрийн ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах хүсэлт гаргасан нь тус компанийн түүхэн дэх анхны тохиолдол болжээ.