Философийн ухааны хоёр эрдэмтэн хиймэл оюун ухаан, өөрөө суралцагч технологи ашиглан олон улсын эдийн засгийн байдлыг бодит хугацаанд нь харуулдаг газрын зураг бүтээснээр дэлхийд тэргүүлэгч санхүүгийн компаниудыг араасаа хуйлруулж байна.
АНУ-ын Засгийн газар 35 хоногийн турш түр зогсолт хийхэд хэдий хэмжээний хохирол учирсан бол? Энэ хугацаанд 747,573 төрийн албан хаагч нийт 6,354,845,148 ам.доллартай тэнцэх цалингаа авч чадаагүй болно. Энэ дүн дээр секунд тутамд 2,118 ам.долларын алдагдал нэмэгдсэн юм. Ажилтнуудын зарим нь түр чөлөө авч, дийлэнх нь цалингүй ажилласан аж. Тухайлбал, Дотоод аюулгүй байдлын яамны 245,405 ажилтан цалингүй ажиллаж, 32,706 ажилтан чөлөө авсан бол Сангийн яамны 36,309 ажилтан чөлөө авч, 82,336 нь цалингүй ажиллажээ. Харин Байгаль орчныг хамгаалах агентлагийн нийт ажилтны 52 хувь цалингүй ажиллажээ.
Сүйрлийн гэмээр энэхүү үйл явдлын цар хүрээ, дэлгэрэнгүй тоон мэдээллийг нарийн тогтооно гэдэг яггүй ажил. Гэтэл Нью-Йорк хотын олонд төдийлөн танигдаагүй “Enigma” финтек компани дээрх зардлын өсөлтийг “2018-2019 оны Засгийн газрын түр зогсолт” нэртэйгээр вэбсайт дээрээ хүснэгтлэн харуулав.
Үүнийг гүйцэтгэхийн тулд тэд Захиргаа, төсвийн албаны болзошгүй байдлын төлөвлөгөөнөөс төрийн албаны 109 байгууллагатай холбоотой мэдээлэл хайн судалжээ. Мөн FederalPay.org сайтаас 46 агентлагийн нийт ажилтны тоо, дундаж цалингийн мэдээллийг авсан аж. Товчхондоо, “Enigma” компани нийт 2,000 хуудас, хоёр сая мөр бүхий төрийн албаны мэдээллийг “самнан” боловсруулж, бодит цагийн тооцоолуур бүтээжээ. Анх төрсөн санааг ийнхүү бодит ажил хэрэг болгохын тулд гурван мэргэжилтэн 36 цаг зарцуулсан байна.
Түр зогсолтын мэдээлэл нь үнэ төлбөргүй боловч хувийн хэвшил, төрийн байгууллага зэрэг өөр хоорондоо хамааралгүй, олон эх сурвалжийн мэдээллийг өндөр хурдаар нэгтгэж, дэлхийн эдийн засгийн газрын зургийг төрөл бүрээр харуулах чадамжтай “Enigma” компани руу “BlackRock”, “PayPal”, “Celgene” мэт дэлхийд тэргүүлэгч компаниудын анхаарлыг татах болов. Тэд “Enigma”-ийн мэдээллийг ашиглахын тулд жил бүр 1 сая гаруй ам.долларын төлбөр төлөхөд бэлэн байна.
“Enigma” бол Хичам Оуджири, Марк ДаКоста нарын оюуны бүтээл. Тэд 16 жилийн өмнө Колумбын их сургуульд философийн ухаанаар сурч байхдаа танилцаж, дотно нөхөрлөх болжээ. Тэдний стартап дэлхий дээрх олон мянган мэдээллийн эх үүсвэрийг нэг цэгт төвлөрүүлж, өөр хооронд нь холбох чадамжтай.
Соён гэгээрлийн үеийн гүн ухаантны нэрээр “Humboldt” хэмээн нэрлэсэн удирдах зөвлөлийн өрөөндөө сууж буй 34 настай Оуджири “Хүмүүс цахим орчныг сайн мэддэг болсон. Тэд хэрэглэгчийг хэрхэн бүртгэж, автомат сурталчилгаагаар ‘Amazon’-ийн бүтээгдэхүүн хэрхэн санал болгож буйг сайн мэднэ. Эд бүгд хэдийнэ шийдэгдсэн асуудал. Харин бидний ажил бол тэдэнд бодит ертөнцийг дэлгэн харуулах” гэв. Компанийг түүнтэй хамтран үүсгэн байгуулсан 34 настай ДаКоста “Энэ бол микро процессорын хурдыг нэмэгдүүлэх, статистик үзүүлэлтийг сайжруулахаас илүү том ойлголт. ‘Enigma’ бол эдийн засгийн бодит байдлыг таниулах эрдэм мэдлэгийн график” хэмээн нэмж хэлэв.
Оуджири, ДаКоста нар 2008 оны санхүүгийн хямралын дараа энд тэндээс мэдээлэл хуримтлуулж эхэлжээ. Тухайн үед ДаКоста Ирвайн дахь Калифорнийн их сургуульд нийгэм, соёлын антропологийн чиглэлээр төгсөлтийн ажил боловсруулж байсан бол Оуджири Мороккогийн Касабланка дахь “BCME” банкны сэргээгдэх эрчим хүчний төслийг удирдаж байв. Аль аль нь дэлхий дахинд болж буй хямралыг хүмүүст таниулахыг хүсэж байсан учир хүчээ нэгтгэж, Холбооны нисэхийн удирдах газрын нислэгийн бүртгэлээс эхлээд олон нийтэд нээлттэй бүхий л эх сурвалжаас мэдээлэл цуглуулах болжээ. Улмаар тэд Засгийн газрын бүртгэл, их сургуулиудын судалгааны ажил, компаниудын тайлан, гаалийн мэдүүлэг зэрэг хялбархан нэвтэрч болох газруудад их хэмжээний үнэ цэнэтэй мэдээлэл дарагдаж буйг олж мэдэв. Тэд цуглуулсан мэдээллээ нэгтгээд, эмх цэгцэд оруулж, судалгаа шинжилгээ хийж чадвал макро эдийн засгийн байдлыг бодит цагаар нь зураглаж болно гэж үзжээ.
Марк ДаКоста, Хичам Оуджири нар “Enigma” стартапаа санхүүжүүлэхийн тулд эхлээд “eBay” дээр эд зүйлсээ худалдаж, “Siggi’s” зэрэг компанид вэбсайт хийж мөнгө олдог байв.
Ийнхүү хамтрагчид 2011 онд “Enigma”-г үүсгэн байгуулж, олон нийтэд нээлттэй мэдээллүүдээс цуглуулах ажлаа эхэлжээ. Ингэхдээ АНУ-ын Статистикийн хороо, Харилцаа холбооны хороо, Сонгуулийн хороо, Татварын алба, АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын алба гэх мэт ихэвчлэн төрийн байгууллагаас мэдээлэл цуглуулж, зөвшөөрлөө нэмэгдүүлэх замаар мэдээллийн нэгдсэн эх сурвалж босгосон аж. Тэд ховор, нарийн мэдээлэл олж авахдаа гаршсан байв. Тухайлбал, “Enigma”-гийнхан Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу хүсэлт гарган, АНУ-ын Хил, гаалийн хамгаалалтын албаны “автомат мэдүүлгийн систем”-д нэвтэрч, Америкийн хилээр нэвтэрсэн чингэлэг бүрийн байршлыг импортлогч тал, дамжсан боомттой нь мэдэх боломж бүрджээ. Түүнчлэн “Enigma” Үндэсний галын ослын тайлангийн системээс АНУ-д гарсан түймэр бүрийн шалтгаан, байршлын мэдээллийг авдаг бол гаалийн тариф тогтоох зорилгоор 1891 онд байгуулагдсан Техасын төмөр замын хорооны газрын тосны цооногийн мэдээллээр эрчим хүчний салбарын мэдээллээ бүрдүүлж байна.
“Enigma” 2014 онд “Comcast”, “American Express”, “New York Times Co.” нараас 4.5 сая ам.долларын санхүүжилт авч цойлсон амжилт үзүүлж, “Accenture” болон Нью-Йорк хотын Түншлэлийн сангийн хамтран хэрэгжүүлсэн “Fintech Innovation Lab”-хөтөлбөрт нэгджээ. Оуджири, ДаКоста хоёр уг хөтөлбөрөөр дамжуулж олон банк, Уолл Стритийн магнатуудтай уулзаж үзсэний эцэст хөгжүүлж буй мэдээллийн сан нь санхүүгийн салбарт ашиг тус өгөхийг ойлгожээ. Санхүүгийн байгууллагууд “Enigma”-гийн мэдээллийг өөрсдийн систем дэх хэрэглэгчийн мэдээлэлтэй холбосноор андеррайтерын үйлчилгээ үзүүлэх хувь хүн, компаниа тодорхойлох, залилангийн шинжтэй үйлдлийг түргэн хугацаанд илрүүлэх боломжтой болох юм. ДаКоста “Бид уг хөтөлбөрийн ачаар байлдааны бүрэн төлөвлөгөөтэй болсон” хэмээн дурсав. Ийнхүү тэд мэдээлэл цогцолсон өнгөлөг график, тусгай вэб хэрэгслүүдтэй багц программ хөгжүүлж, “Dossier” хэмээн нэрлэжээ.
“Enigma” өнөөдрийг хүртэл 100 гаруй орноос 100,000 орчим багц мэдээлэл татан төвлөрүүлснээс гадна 30 сая жижиг компанийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, АНУ-ын хүн амын талаар 140 тэрбум төрлийн мэдээлэл цуглуулжээ. Түүнчлэн АНУ-ын эмзүйн салбарт ашигладаг бүх молекул, эмийн туршилт, патентын баримт бичиг, гаж нөлөө зэргийг бүртгэсэн байна.
Нью-Йоркийн Флэтайрон дүүрэг дэх “Enigma”-ийн төв байрыг оюуны уурхай гэлтэй тохижуулжээ. Мишель де Монтень, Августин зэрэг суут сэтгэгчдийн нэрээр хурлын өрөөнүүдээ нэрлэж, номын сангаа эрдэм шинжилгээний бүтээлүүдээр дүүргэсний дотор “Machine Learning for Hackers Data Quality”, “Data Quality and Record Linkage Techniques” тэргүүтэй код бичих гарын авлага, “Dialogues of Plato”, “Ulysses”, Жан-Жак Руссогийн “Confessions” зэрэг сонгодог зохиол ч харагдах аж. Өрөөний ханыг “туршлага, мэдээллийн огтлолцол” гэх утгатай авангард бүтээл, газрын зургуудаар дүүргэжээ.
“Enigma”-гийн “хэт номын” гэмээр академик соёл Цахиурын хөндий, Уолл Стритээс хөрөнгө босгож, олон үйлчлүүлэгч татахад саад болсонгүй. “BlackRock”, “PayPal”, “American Express”, “MetLife”, “BB&T”, “Celgene”, “Merck”, “EMD Millipore” зэрэг үйлчлүүлэгчтэй “Enigma”-д сүүлийн долоон жилийн хугацаанд “NEA”, “Crosslink Capital”, “Glynn Capital” венчур хөрөнгө оруулагч, “Two Sigma Ventures”, “Third Point Ventures” зэрэг хеж сан 130 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.
2018 онд суурь хэрэглэгчдийнхээ тоог хоёр дахин өсгөсөн тус стартапыг “Forbes” 750 сая ам.доллараар үнэлж, жилийн орлогыг нь 30 сая ам.доллараар тооцож буй. Хеж сангуудын зүгээс хамгийн өндөр өсөлттэй зоогийн газар тэргүүтэй мэдээллийг “Enigma”-гаас хүсэж, харин даатгалын байгууллагууд “Enigma”-г эрсдэлийн үнэлгээ хийхэд, эмийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг сайжруулахад ашиглаж байна.
Бизнесийн жижиг зээл олгох үйлчлүүлэгчийг хурдан бөгөөд оновчтой тогтоохыг хүсэж байна уу? Тэгвэл “Enigma” танихгүй олон газар руу утасдаж, Худалдааны танхимын албан хаагчдыг “царайчлахын” оронд үл хөдлөх хөрөнгийн татвар төлөлтийн мэдээллийг мужийн бизнес эрхлэгчдийн бүртгэл, барьцаа хөрөнгийн лавлагаатай нэгтгэн шинжилж, зээлийг автоматаар үнэлж байна. Галын эрсдэл багатай бүсэд даатгалын санал тавимаар байна уу? Тэгвэл яаралтай тусламжийн дуудлагын бүртгэлийг барилгын зөвшөөрлийн мэдээлэлтэй нэгтгэн дүгнэж болно.
“MetLife” компанийн цахим орчин хариуцсан захирал Грег Бакстер улсын эрүүл мэндийн байгууллагууд, их дээд сургуулиудаас авсан “Enigma”-гийн мэдээллийг өөрийн системтэйгээ нэгтгэх замаар төрөл бүрийн өвчин, эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлж, даатгалын үйлчилгээгээ сайжруулж байна. Түүнчлэн Бакстер “MetLife”-ийн салбар, хөрөнгө оруулалтын менежментийн компанид (588 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг) “Enigma”-гийн мэдээллийг ашиглаж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг газар, цэцэрлэгт хүрээлэн, зоогийн газрын чанар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд хэрхэн нөлөөлдгийг тодорхойлж байна. Тэрбээр “Тэд мэдээллийн эх сурвалжийг нээн илрүүлж, олсон мэдээллээ цэгцэлж, цэгцэлсэн мэдээллээ өөрөө суралцагч технологиор нэгтгэдэг. Гаднаас авсан мэдээллийг компанийн дотоод мэдээлэлтэй хослуулсны дүнд урьдчилсан таамаглал хийх хосгүй чадвартай, гүн гүнзгий мэдээллийн баазтай болно” гэв.
“Glynn Capital”-ийн хөрөнгө оруулагч Жон Фогельсон тус стартапыг хаалттай эхтэй “Oracle”, “IBM”, “SAS”, “SAP” зэрэг технологийн домогт ханган нийлүүлэгчдийн бизнесийг булаах магадлалтай гэж үзэж байна. Тэрбээр “‘Enigma’ шинэ мэдээлэл нэгтгэх тусам үйлчлүүлэгчдийнхээ бизнесийг хөгжүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлж байна” гэсэн юм.
Үүний тод жишээг “BlackRock”-оос харж болно. Зургаан их наяд ам.долларын хөрөнгө удирддаг тус компанийн маркетинг хариуцсан шинэ захирал Фрэнк Купер үйлчлүүлэгчдийнхээ хэтийн төлөв байдлыг шинээр тодорхойлох шаардлагатай болоход “Enigma” гайхалтай нээлт хийж өгчээ. Тодруулбал, үйлчлүүлэгчдийн тэтгэвэрт гарах төлөвлөгөө тэдний хаана амьдарч байгаагаас бус, улс төрийн оролцоотой нь илүү хамааралтай болох нь тогтоогджээ. Купер “Улс төрд идэвхтэй оролцдог хүн түрээсийн байранд амьдардаг байсан ч тэтгэврийн төлөвлөгөөтэй байх нь элбэг байсан. Энэ бол үнэхээр санаанд оромгүй дүгнэлт” гэв.
“Enigma”-гийн өөрөө суралцагч алгоритм бүр ашгийн төлөө байдаггүй. Тухайлбал, тэд 558 төрлийн ажил, мэргэжилд жендерийн тэгш бус байдлыг тогтоох төсөлд өөсрдийн санаачилгаар мэдээлэл нийлүүлсэн ба хамгийн тэнцвэргүй байдал нягтлан бодох бүртгэл, жижиглэн худалдаа, борлуулалтын салбарт байгааг тогтоожээ.
Мөн 2014 оны арваннэгдүгээр сард Нью-Орлеонс мужид утаа мэдрэгч төхөөрөмж хангалтгүйн улмаас таван хүн галд өртөж амь насаа алдсаны дараа “Enigma” Хотын гал түймэртэй тэмцэх алба болон төрийн байгууллагатай хамтарч галын аюулгүй байдал сул хэсгүүдийг олж тогтоожээ.
“Enigma” олон нийтэд нээлттэй вэбсайт дээрээ хот төлөвлөгчдөд зориулан галын ослын мэдээлэл, АНУ-ын сүүлийн 50 жилийн цаг агаарын онцгой үзэгдлийг үнэ төлбөргүй байршуулжээ. Түүнчлэн Хүнс, эмийн бүтээгдэхүүний удирдах газраас боловсруулсан хавдрын статистик, эмийн гаж нөлөө гэх мэт багц мэдээлэл, Нью-Йорк хотын авто тээврийн газарт бүртгэгдсэн төмөр замын осол, гэмтлийн олон жилийн бүртгэл, мэдээллийг нэгтгэн байршуулжээ. Тэрчлэн “Enigma” хүний наймаа, боолчлолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Polaris” ашгийн бус байгууллагатай хамтарч байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл зөвхөн даатгалын салбарт ашиг тусаа үзүүлээд зогсохгүй Засгийн газрын үйл ажиллагаанд ч дэмжлэг болж байна. Оуджири, ДаКоста нар үүнийг “нийгмийн сайн сайханд зориулсан мэдээлэл” хэмээн тодорхойлж байна.
Харин “Enigma” мэдээлэл ашиглаж буйгаасаа болж “Facebook” шиг хэл аманд өртөх магадлал бий болов уу?
Үүнд Оуджири “‘Enigma’ санхүүгийн үйлчилгээний компаниудтай харилцан ашигтай хамтран ажилладаг. Таны мэдээлэл таныг хуульд зөвшөөрөгдсөн хэмжээгээр л тодорхойлдог. Хүмүүс нууцлалын нөхцөлөө мэддэг болоод л аливаа газраар үйлчлүүлдэг. Харин мэдээлэл хуваалцах хэрэгцээ тааламжтай нөхцөл байдлаас л үүсдэг” гэлээ.