Хүүхэд насандаа ховорхон завшаанаар Америкийн цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбогдсон Александр Ванг “Scale AI”-г үүсгэн байгуулахын тулд 19-тэйдээ MIT их сургуулийг орхиж байжээ. Харин өдгөө тэрбээр АНУ-ын арми, Агаарын хүчин, “General Motors” зэргийн өгөгдлийн сан дээр ажиллаж байна.
Дэлхийн 2-р дайны үед АНУ анхны цөмийн зэвсгээ хөгжүүлж байсан нууц бааз болох Нью-Мексик мужийн Лос Аламос лабораторийн дэргэд Александр Ванг хүүхэд насаа өнгөрүүлжээ. Тиймдээ ч армийн шинэ зэвсгийн төсөл дээр ажилладаг физикч байсан аав ээжийнхээ замналыг тэрбээр дагажээ.
Вангийн зургаан жилийн өмнө байгуулсан “Scale AI” компани одоогоор засгийн газрын чухал хэрэгцээнд тулгуурласан 110 сая ам.долларын гурван ч гэрээг үзэглээд байна. Ийнхүү 25-хан насандаа тэрбээр АНУ-ын Арми болон Агаарын хүчний хиймэл оюуны хөгжүүлэлтэд хамтран ажиллах болжээ.
Наад захын жишээ гэвэл “Scale” компани Оросын бөмбөгдөлт Украинд хэр хэмжээний хохирол учруулж буйг хиймэл дагуулын зураглал ашиглан богино хугацаанд анализ хийн тооцоолж байгаа аж. Мөн зэвсэгт хүчнээс гадна “General Motors”, “Flexport” тэргүүтэй 300 компани далайн тээвэрлэлтийн бүртгэл, автомат жолоодлоготой машин, алт олборлолт гээд бүхий л салбарын сая сая “түүхий” өгөгдлийг авахдаа “Scale”-ийг ашиглаж байна.
“Аж үйлдвэрийн бүх салбар асар их хэмжээний өгөгдөл дээр яахаа мэдэхгүй сууж байдаг. Тэрхүү өгөгдлийн жинхэнэ нөөц бололцоог нээж, хиймэл оюуны хүчээр бизнесийн тэсрэлт хийхэд туслах нь бидний зорилго юм” хэмээн 2018 онд “Forbes”-ийн “30 хүртэлх 30” жагсаалтад багтаж байсан Александр Ванг өгүүлжээ.
Өнгөрсөн жил “Scale” 325 сая ам.долларын санхүүжилт авч, 100 сая ам.долларын ашиг олсноор зах зээлийн үнэлгээ нь 7.3 тэрбумд хүрчээ. Улмаар Вангийн компанидаа эзэмшдэг 15 хувь нь 1 тэрбум ам.доллартай тэнцсэн тул тэрбээр өөрийн хүчээр амжилтад хүрсэн дэлхийн хамгийн залуу тэрбумтан болжээ.
“Зун хийж байсан ажлаа л үргэлжлүүлнэ гэж ээж аавдаа хэлсэн. Мэдээж хэрэг үүний дараа сургуульдаа хэзээ ч буцаж очоогүй”
Хүүхэд насандаа тэрбээр математик, кодчиллын олимпиадад байнга оролцдог онц сурлагатан байв. Зургаадугаар ангидаа Ванг “Disney World”-оор аялах тасалбараар шагнуулахын тулд математикийн улсын олимпиадад анх удаа оролцжээ. Хэдий тэрбээр нэгдүгээр байрт орж чадаагүй ч үлгэрийн парк руу аялах болзлыг хангасан байна.
17-тойдоо Ванг асуулт хариултын “Quora” сайтад бүтэн цагаар код бичдэг байхдаа “Scale”-ийн хамтран үүсгэн байгуулагч Люси Гуотой танилжээ. Тэр жилдээ MIT-д машин сургалтын мэргэжлээр элсээд зуны амралтаараа Гуогийн хамт “Y Combinator” компаниас хөрөнгө оруулалт авч “Scale”-ийг байгуулсан аж. “Зун хийж байсан ажлаа л үргэлжлүүлнэ гэж ээж аавдаа хэлсэн. Мэдээж хэрэг сургуульдаа хэзээ ч буцаж очоогүй” хэмээн тэрбээр дурссан юм.