Дэлхий даяар нийлүүлэлтийн хэлхээ эргэн сэргэж байгаатай холбогдуулан “Sony” компани “PlayStation 5” консолынхоо үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тоглоомын санг нь эрс арвижуулахаар төлөвлөснөө мэдэгджээ.
2020 оны арван нэгдүгээр сард худалдаанд гарсан PS5 нь цахилгаан барааны салбар дахь эд ангийн хомсдолын улмаас өнгөрсөн жил өмнөх загвараасаа бага тоогоор зарагдсан юм. Гэхдээ 2022 онд энэ зөрүүг арилгаж, ирэх жил хэрэглэгчдийн тоогоор PS4-ийг гүйцэх магадлалтай байна.
“Бид консолын үйлдвэрлэлийн хэмжээгээ урьд нь огт байгаагүй түвшинд нэмэгдүүлэхийг зорьж байна. Хэдий Хятад дахь хөл хорионоос шалтгаалж нийлүүлэлтийн гинжин хэлхээний цаашдын төлөв тодорхой бус байгаа ч нөхцөл байдал хамаагүй дээрдсэнийг итгэлтэй хэлж чадна” хэмээн “Sony Interactive Entertainment” компанийн гүйцэтгэх захирал Жим Райан өгүүлжээ.
Тус компани 2023 оны гуравдугаар сар хүртэлх бизнесийн жилд нийт 18 сая ширхэг PS5 борлуулна хэмээн таамагласан байна.
Түүнчлэн “Sony” компани зөвхөн өөрийн платформд зориулагдсан “single player” тоглоомуудад голчлон анхаардаг байсан бодлогоо өөрчилж, одоогийн компьютер болон гар утасны олон тоглоомыг “PlayStation” дээр тоглох боломжтой болгохоор төлөвлөснийг Жим Райан мөн дурджээ.
Энэ жил танилцуулагдах тоглоомуудын гуравны хоёр нь PS4 болон PS5-д зориулсан байх бол 2025 он гэхэд тэдгээрийн тал хувь нь компьютер, гар утасны тоглоомууд болох аж.