Украины дайнаас шалтгаалсан барууны орнуудын хориг арга хэмжээ болон олон улсын бизнесүүд дотоодын зах зээлээс гарсан явдал нь Оросын импортын түвшнийг 2000-аад оны эхэн үеэс хойш харагдаагүй хэмжээнд хүртэл бууруулжээ.
“Банк Открытие” лхагва гарагт дэлгэсэн судалгааны тайландаа өнгөрсөн сард Орос улс 5-10 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсныг дурдсан бол ОХУ-ын төв банк мөн ижил хэмжээний тоог мэдээлсэн байна. Энэ нь 2001-2003 оны хооронд тус улсын сарын хугацаанд импортолж байсан хэмжээтэй ойролцоо үзүүлэлт аж. Харин дайны өмнөх үеийн тоо баримтаас үзвэл тус улс хоёрдугаар сард 27.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.
Дөрөвдүгээр сард Украин дахь эзлэн түрэмгийлэл гадаад худалдаанд нь томоохон нөлөө үзүүлж эхлэхтэй зэрэгцэн ОХУ-ын эрх баригчид экспорт болон импортын мэдээллээ нууцын зэрэглэлд оруулсан билээ. Гэхдээ тус улсын импортын динамикийг хамгийн ойролцоо нарийвчлалтай тооцох арга байгаа нь худалдааны гол түншүүдийнх нь экспортын хэмжээ юм.
Оросын худалдааны гол 20 түншийн экспортын мэдээллээс үзвэл дөрөвдүгээр сард тус улсыг чиглэсэн импорт өмнөх оны мөн үеэс 50 хувиар буурчээ. Энэ нь Оросын гадаад худалдааны ашиг нэгдүгээр сард 20 тэрбум ам.доллар байснаас дөрөвдүгээр сард 45 тэрбум ам.доллар болж өсөхөд нөлөөлсөн аж.