Дуучин, ая зохиогч Харри Стайлсын “Harry’s House” нэртэй шинэ цомог пянз хэлбэрээр борлуулалтад гарснаасаа ердөө гурван хоногийн дараа АНУ-д долоо хоногийн дотор хамгийн олон хувь зарагдсан пянз болсныг “Billboard” мэдээлжээ. Фонографийн дуу бичлэг дэлхийн хөгжмийн зах зээлд гол байр суурь эзлэхээ больсноос хойш тус цомогтой дүйцэх хэмжээний борлуулалттай пянз гараагүй аж.
Өнгөрөгч баасан гарагаас ням гарагийн хооронд “Harry’s House” цомог пянз хэлбэрээр 146 мянган хувь зарагдсан нь 1991 онд анх цомгийн борлуулалтын мэдээллийг бүртгэж эхэлснээс хойших дээд амжилт юм. Өмнө нь энэ амжилтыг өнгөрсөн жил 114 мянган хувь борлуулагдсан Тэйлор Свифтийн “Red” цомог эзэмшиж байжээ.
Гэхдээ Харри Стайлсын хувьд пянзны борлуулалтаар ихээхэн амжилт олсон анхны тохиолдол нь энэ биш аж. Түүний 2019 онд гаргасан “Fine Line” цомог 2020 онд борлуулалтаараа нэгдүгээрт бичигдсэн бол 2021 онд дөрөвдүгээрт бичигджээ.
2021 онд дэлхийн хэмжээнд пянзны борлуулалт 1 тэрбум гаруй ам.долларын ашиг олсон нь 1986 оноос хойш харагдаагүй үзүүлэлт болохыг Америкийн дуу бичлэгийн нэгдсэн холбооноос дурдсан байна.