Мягмар гарагт Испанийн засгийн газар эх орондоо бичил чипийн томоохон үйлдвэрлэлийн салбартай болох, цаашлаад Европын Холбооны орнуудыг Азийн ханган нийлүүлэгчдээс хараат байдлыг бууруулах 12.3 тэрбум еврогийн (13.2 тэрбум ам. доллар) хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг зарласан байна.
Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Испанийн ерөнхий сайд Педро Санчез технологийн фирмүүдийн төлөөлөлтэй уулзан төлөвлөгөөгөө танилцуулж, цаашдын хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх гэж байгаатай холбогдуулан дээрх мэдэгдлийг гаргажээ.
Энэхүү таван жилийн төлөвлөгөө нь орчин үеийн аж үйлдвэрийн ихэнх салбарт гол түлхүүр болоод буй бичил чипийн дизайн боловсруулалт, үйлдвэрлэл гээд бүхий л хэсгийг хамарч байгааг тус улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн сайд Надио Калвиньо өгүүлжээ.
Дэлхий даяарх чипийн хомсдол нь хэрэглэгчдэд машин, компьютер болон орчин үеийн бусад хэрэгцээт зүйлсийг худалдаж авахад хүндрэл учруулж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дотоодын чипийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг баталсан бол Европын Холбоо мөн адил хагас дамжуулагчийн гол үйлдвэрлэгч болохын тулд 48 тэрбум ам.доллар төсөвлөхөө зарласан билээ.