Хорьдугаар зууны хамгийн чинээлэг хар арьст эмэгтэйн түүх Миссисиппи мужийн Коскьюско хотод өсвөр насны ганц бие бүсгүй 1954 онд охин төрүүлж Орпа Гейл Уинфри хэмээх нэр хайрласнаар эхэлжээ.
Түүний төрсний гэрчилгээн дээрх нэр Орпа боловч хүмүүс Опра хэмээн дуудсаар зуршил болсон байна. Бяцхан Опрагийн ээж нь гэрийн үйлчлэгч хийхээр өөр хот руу нүүхдээ охиноо ээж дээрээ үлдээсэн бөгөөд тэднийх ядуу тарчиг амьдралтай айл байсан тул Опра төмсний шуудайгаар хийсэн хувцас өмсөж үеийн хүүхдүүдэд шоолуулдаг байв. Опрагийн дурссанаар эмээ нь үгнээс нь зөрвөл саваа модоор зодож шийтгэдэг хатуу ширүүн хүн байсан ч, түүнд амьдралынх нь хамгийн үнэ цэнэтэй бэлгийг бэлэглэснээр гурван нас хүрэхээсээ өмнө уншиж, бичиж чаддаг болсон байв. Тэрбээр хахир хатуу эмээгийнхээ ачаар өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат, төлөвшлийг олж авсан гэж үздэг.
Опра таван настайдаа цэцэрлэгт орж, тухайн ондоо багшдаа нэгдүгээр ангид шууд оруулж өгөхийг хүссэн захидал бичсэн ба гайхаж балмагдсан багш нь түүний хүслийг биелүүлж, дараа нь гуравдугаар ангид шууд элсчээ. Ядуу, доромжлол дүүрэн амьдралын нугачаанд бүдчилгүйгээр олон нийтийн ажил, хар арьст хүүхдүүдийн клубээс зохион байгуулдаг шүлгийн уралдаан, сүмийн цуглаанд идэвхтэй оролцож, номон дээрээс уншдаг олон сайхан зүйлсийнхээ талаар мөрөөддөг байв. 15 насандаа эцгийн хамт амьдрахаар Нашвилл руу нүүсэн түүний сурлагын амжилт өсөж, сүмийн найрал дуу дуулах болж, удалгүй сургуулийнхаа сурагчдын зөвлөлийн даргаар сонгогджээ. Улмаар Ерөнхийлөгч Никсон түүнийг Америкийн шилдэг өсвөр настан, Нашвилл хотын хар арьст залуусын төлөөллөөр сонгож, Цагаан ордонд урьж байв.
Опрагийн хамгийн анх хэвлэл мэдээлэлтэй холбогдсон түүх “WVOL” радио станцад ажилласнаар эхэлдэг юм. Тус радиогийн захирал асан Жон Хайделберг “Галын аюулаас хамгаалагч мисс” тэмцээний үеэр сэтгэл хөдлөм, цэцэн цэлмэг яриагаараа хүмүүсийг хийн зуухтай болгоомжтой харьцаж, хүүхдийг галаар тоглуулахгүй байхыг уриалж байсан Опрагийн авьяасыг олж харжээ. Опра Теннессигийн их сургуульд элссэн эхний жилдээ илтгэх урлаг, жүжгийн хичээл сонгож, Теннессигийн хар арьст мисс, хожим Нашвиллийн хар арьст миссээр шалгарч байв. Үүнээс улбаалан орон нутгийн “CBS” телевизээс ажлын санал авсан тэрбээр 19 насандаа Нашвиллийн оройн мэдээний анхны хар арьст туслах ажилтан болжээ.
1986 онд Опра өөрийн гэсэн “The Oprah Winfrey Show”-тай болсноор зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй телевизийн түүхэнд цоо шинэ хуудас нээсэн юм. Тухайн онд “King World Production” түүний шоуг өөрийн сувгуудаар дамжуулан АНУ-ын 138 хотоор цацах болжээ. Энэ амжилт Опрагийн орлогыг 1987-1988 оны хооронд 125 сая ам.долларт хүргэж, шоу бизнесийн ертөнцийн хамгийн өндөр орлоготой зурагтын хөтлөгч болгов. 1986 онд Опра нэвтрүүлгийнхээ бэлгийн хүчирхийллийн тухай дугаарын үеэр есөн наснаасаа эхлэн гэр бүлийн эрэгтэй гишүүдийн хүчирхийлэлд өртөж байсан тухай дурссан нь өмнө хожид үзэгдэж байгаагүй тохиолдол болов. Түүний ил тод, нээлттэй байдал нь асар их нэр хүнд, хүндлэл дагуулж үнэнч шүтэн бишрэгчдийн хүрээлэл авчирсан юм. 1994 онд тэрбээр Конгресст хандаж, хүүхэд хүчирхийлэгчдийг илрүүлэх, хянах зорилгоор мэдээллийн бааз байгуулах хуулийн төсөл дэвшүүлсэн ба Ерөнхийлөгч Билл Клинтон уг саналыг хуульд тусгасан байдаг.
Карьерынхаа 29 жилийн хугацаанд тэр Билл Клинтон, Жорж Буш, Барак Обама тэргүүтэй нөлөө бүхий улстөрчидтэй уулзаж, ярилцжээ. АНУ-ын 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Барак Обамаг дэмжсэн нь ойролцоогоор нэг сая хүний саналыг авчирсан гэж үздэг байна. Опра шоундаа хүссэн хүнээ оролцуулж, чин сэтгэлээс нь яриулж чаддаг байсны нэг баталгаа бол олон нийтэд ярилцлага өгөх дургүй Майкл Жексонтэй 1993 онд ярилцлага хийж, сэтгэлийг нь уудалсан явдал юм. Түүний шоунд Марк Закерберг, Билл Гейтс, Сергей Брин, Ларри Эллисон зэрэг технологийн суутнуудаас авахуулаад Арнольд Шварцнеггер, Рассел Кроу, Аль Пачино, Майкл Жордан гэх мэт одод бараг бүгд оролцсон учир оролцоогүй алдартнуудыг нэрлэх нь илүү амархан гэгддэг.
Опрагийн шоугаар танилцуулагдсан бараа бүтээгдэхүүний эрэлт болон борлуулалт тэр дороо өсдөг бөгөөд үүнийг Опрагийн нөлөө хэмээн нэрлэдэг. 25 жил үргэлжилсэн шоугаараа олон ч брэндийг хөл дээр нь босгон зуу зуун сая ам.долларын үнэлгээтэй компани болгож байсан юм. 1996 онд тэр шинэ болон сонгодог номуудын талаар сэтгэгдлээ хуваалцдаг Опрагийн номын клуб нэртэй буланг нэвтрүүлэгтээ нэмсэн бөгөөд түүний санал болгосон номууд хэдэн онд хэвлэгдсэнээс үл хамааран тэр дороо хамгийн ихээр борлогдож байв. Түүний сонгосон 59 ном шилдэг борлуулалттай арван номын жагсаалтад багтаж, 29 нь тэргүүлж байсан удаатай. Бусад телевизийн программуудаас ялгаатай нь Опра Уинфри сурталчилгаа хийдэггүй бөгөөд өөрийн хэрэглэж үзсэн, таалагдсан зүйлсийг л нэвтрүүлгээрээ танилцуулдаг нь олон нийтийн итгэлийг хүлээдэг ажээ. “Опрагийн нөлөө” бараа бүтээгдэхүүнээс гадна улс төрийн үзэл бодлыг ч өөрчилж чаддаг нь удаа дараалан батлагдсан билээ.
Шоу ертөнцөд нэр хүндээ тамгалсан тэрбээр амарч суухыг хүссэнгүй, 1988 оны аравдугаар сард “HARPO Entertainment Group”- ийг байгуулж, телевизийн компаниудад мультимедиа хөтөлбөр боловсруулж өгдөг болов. Ийнхүү бизнесийн ертөнцөд хөл тавьсан Опра Чикаго хотод 9,000 ам метрийн талбайтай кино зургийн студи 20 сая ам.доллараар худалдан авч, “The Oprah Winfrey Show”-ныхаа бүх ангийг хальсанд буулгажээ. Тэрчлэн тус компани баримтат кино бүтээж, зурагтын сувгуудад худалддаг байв. Компани байгуулагдсанаас хойш таван жилийн дотор буюу 1993 он гэхэд Опрагийн орлого 98 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол кино урлагийн хаан гэгддэг Стивен Спилбергийн орлого тухайн үед 72 сая ам.доллараас хэтрэхгүй байв. “Опра Уинфригийн шоу”- ны сүүлийн анги 2011 оны тавдугаар сард цацагдсаны дараа “Oprah Winfrey Network” сувгаа нээсэн ч 2017 онд ихэнх хувьцаагаа “Discovery” сувагт худалдаж өөрөө гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байна. Тэрбээр 2004-2008 оны хооронд “O” сэтгүүлийг эрхлэн гаргаж, бие даан болон хамтарсан таван ном хэвлүүлж, кинонд дүр бүтээж, мөн радио суваг ажиллуулж байв. 2018 оны зун Уинфри “Apple TV+” платформд тусгайлан зориулсан хөтөлбөрүүд бүтээхээр урт хугацааны гэрээ байгуулаад байгаа бөгөөд тус гэрээг тэрбум орчим ам.долларын өртөгтэй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм.
Опра Уинфриг дэлхий даяар биширдгийн өөр нэгэн шалтгаан бол түүний өгөөмөр сэтгэл, сайн үйлст гар татдаггүй зан юм. Тэрбээр өөрийн “Oprah’s Angel Network” буяны сангаар дамжуулан Африкийн ядуу орнуудын сургуулиудыг санхүүжүүлэх, Катрина хар салхинд өртсөн хохирогчдод санхүүгийн тусламж үзүүлэх гэх мэт төрөл бүрийн зориулалтаар олон сая ам.долларыг сайн үйлст зарцуулж байна. Өдгөө өөрийн хүчээр амжилтад хүрсэн Америкийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтад 2.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр 12 дугаар байранд эрэмбэлэгдэж буй, 68 настай түүний 35 гаруй жилийн турш цацагдсан “The Oprah Winfrey Show”-ны нууц юунд оршино вэ? Магадгүй ямар ч нууц байхгүй нь гол зангилаа байж болох юм. Яагаад гэвэл хариулт бидний нүдэнд ил байна. Ток шоуны хөтлөгчийн хосгүй ховор зан чанараас гадна мөнгийг хэзээ ч нэгт тавьж байгаагүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Тэрбээр өөрт нь таалагдсан бөгөөд бусдад хэрэгтэй гэж үзсэн бараа, бүтээгдэхүүнийг л шоуныхаа үеэр сурталчилдаг байсан учир тэднээс хэзээ ч төлбөр авч байгаагүй. Өөрөөр хэлбэл, Опра өөрийн зарчмаа эд хөрөнгөөр солиогүй юм.